Дөрвөн төрлийн гэрлэлт байдаг

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Жүдит Валлерстэйн "Сайн гэрлэлт" хэмээн номондоо дөрвөн төрлийн гэрлэлтийн талаар өгүүлсэн байдаг.

Эхнийх нь "романтик гэрлэлт." Энэ нь Холливудын кинонд гардаг шиг хуял тачаалаас үүдэлтэй, сексийн харилцаанд голлосон гэрлэлт гэнэ. Үүнд голцуу албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй хамтран амьдрагч нар багтдаг байна. Ийм гэрлэлт нас богинотойгоос гадна хор уршгийг нь жирэмсэн хоцорсон ирээдүйн ганц бие өрх толгойлогч эмэгтэйчүүд эдэлдэг байна.

Ийм гэр бүлд төрж өссөн хүүхдүүд ч гэсэн романтик гэрлэлтийн хохирогч болдог байна. Тэд нэгд, эцэггүй өссөнөөр хувь хүнийхээ төлөвшилд эцгийн зүгээс үзүүлдэг өөрийгөө зөвөөр харж үнэлэх, өөртөө итгэлтэй байх, аюулгүй байдал, хувь хүний дотоод тайван байдал гэх сэтгэлзүйн хохирол амсана. Хоёрт, тэд харилцааны хувьд бусдаас тусгаарлагдмал байдлыг амсах болно. Хамаатнууд нь тэр ч бүү хэл өөрийн аав ээж нь ийм гэр бүлээр муу жишээ татаж ярьдаг нь тэднийг нэг ёсондоо хүрээнээсээ зайлуулж байгаагийн шинж юм. Нийгмийн гадуурхалд тэд өртсөнөөр харилцааны тал дээр өргөн хүрээнд байж чаддаггүй, түгжигдмэл болдог байна.

Гуравт, ирээдүйн гэр бүлийг эхлүүлэх үр хүүхэд нь зөв гэрлэлтийн загвар, гэр бүлийн зөв уур амьсгал амьдралыг мэдэхгүйн улмаас алдааг давтах, хувилах, тэр ч бүү ижил хүйстний гэр бүлийг эхлүүлэх байдалд хүрдэг аж. Тиймээс, гэрлэх гэж байгаа бол хуулийн хүрээнд гэрлэлтээ батлахаас нааш бэлгийн харьцаанд орохгүй байх нь зүйтэй юм. Мөн нөгөөтэйгүүр, гэрлэлтэд өөрсдөө хэр бэлэн эсэхээ гэрлэхээсээ өмнө шалгах хэрэгтэй. Гэрлэлтийн өмнөх зөвлөгөө авахад ч гэмгүй.

Хоёр дахь төрлийн гэрлэлтийг "авран тэтгэгч гэрлэлт" гэж нэрлэжээ. Гэрлэх хүнээ өрөвдөж, түүний хүнд хэцүү амьдралд нь түшиг болох гэж, түүнийг хэрцгий энэ хорвоогийн зовлонгоос аврах гэж гэрлэдэг гэрлэлтийг ийнхүү томъёолсон байна. Гэвч ийм гэрлэлт нь нэг нь үргэлж өгдөг, нөгөө нь үргэлж авдаг урсгалтай учраас шавхагдашгүй сэтгэл хүнд үгүй болохоор эцэстээ "Би аврагч биш шүү дээ" гэсэн өөрийн үнэн дүр төрхтэй учирч, цөхрөлөөр дуусдаг байна.

Мэдээж нөгөө тал нь өөрийн сул талаараа насаараа ханиа завшиж шимэгч шиг амьдарна шүү дээ. Ийм гэрлэлтэд "хохирогч сэтгэлгээ" их байдаг. Би буруугүй, бусад нь буруутай. Би бол хохирогч гэж "аврагдагсад" ярьдаг ч үнэндээ "хохирогч сэтгэлгээ"-г тавих л юм бол хэн ч түүнийг өрөвдөхгүй, хэн ч түүнийг тоохгүй болно гэсэн айдсаас үүдэлтэй аж. Хохирогч сэтгэлгээтэй хүнийг өрөвдөж суух нь таныг аврагч болгохгүй. Та насанд хүрсэн "том хүүхэд"-ийн эцэг эсвэл ээж болохыг хүсч байна гэж үү? Гэрлэлтээрээ хэн ч хэнийг ч аварч байгаагүй юм.

Гурав дахь төрлийн гэрлэлтийг, "дотно гэрлэлт" гэж томъёолжээ. Энэ гэрлэлтийг найз нөхөд шиг, эрх тэгш, бие биедээ өгөө аваатай, харилцан ашигтай, нөхөрсөг гэжээ. Бүх юманд эрх тэгш хандах ёстой хатуу хууль энэ гэр бүлд үйлчилнэ. Гэвч энэ гэрлэлтэд олон давуу тал байгааг үгүйсгэж болохгүй. Ямар ч байсан өмнөх хоёр гэрлэлтийг бодвол илүү удаан настай, бие биенээ нилээн сахилга баттай байдалд уриалан дуудсан шинжтэй байдаг нь хариуцлагатай байдлыг шаарддаг байна.

Дөрөв дэх гэрлэлт нь, "уламжлалт гэр бүл". Эхнэр гал тогоо хавьцаа, нөхөр тэр зурагтын хавьцаа сонин уншаад суух. Нөхөр бол ноён, эхнэр бол харц ард. Нөхрийн үг бол хууль. Гэвч ийм гэр бүлд нөхөр алдаа гаргах л юм бол ард түмэн засгийн эрхийг авах бүрэн боломжтой байдаг. Уламжлалт гэр бүл хүмүүсийн сэтгэлгээнд баттай тогтсон байдаг ч эхнэр нөхрийн үүрэг, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга барил, гэр бүлээ авч явах байдал, шийдвэр гаргах, зөрчил хямралын үед хэрхэн зохицон амьдрах гэх мэтэд ийм гэр бүл бэлтгэлгүй байдаг нь хоорондын харилцаа муутай байдгаас үүдэлтэй.

Дээрх дөрвөн төрлийн гэрлэлтээс гадна тавь дахь төрлийн гэрлэлтийг та томъёолон бичиж ч болох юм. Юутай ч гэсэн өөрийн гэрлэлтийг дүгнэнэ биз ээ. Ялангуяа гэрлэх гэж буй ганц бие залуус гэрлэхээсээ өмнө энэ нийтлэлийг уншиж өөрийн шийдвэрээ шүүн хянахад илүүдэхгүй биз.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.