МУГЖ дуучин Х.Төмөрбаатарт туслах тоглолт болно

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Дууны урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин  Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Нэгэн үед түүний дууг сонсож, биширч явсан хүмүүс цөөнгүй. “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж байсан дуучин МУГЖ Х.Төмөрбаатарын амьдрал тун хэцүү байна. Тэрээр өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа юм байна. Тиймээс урлаг соёлын одод “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-нд зохион байгуулахаар болжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй, 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа туслацгаая” гэсэн юм.

Тоглолтод  МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, МУАЖ А. Долгор, С.Сэрчмаа, Д.Сосорбарам нараас гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

МУГЖ Б.Дашдондог “Бидний гэр бүл болж, бидэнд урлагийн их тайзыг бэлдэж өгсөн МУГЖ Х. Төмөрбаатар ахдаа бүгд туслахыг уриалж байна. Төмөрөө ахын төлөө урлагийнхан бүгд цугларч гайхалтай тоглолтыг зохион байгуулж байна. Тиймээс үзэгчид тоглолтыг ирж үзэж хайртай дуучныхаа амьдралд хөрөнгө оруулаасай” гэлээ. Дашрамд хэлэхэд тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд МУГЖ Х.Төмөрбаатарт туслахыг хүссэн хүмүүс Хаан банкны 5046295993 дансанд хандив өгч болох юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.