Монгол хүний хүүхдийг төрүүлж өсгөх нь казакуудад хориотой

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Нярай хүүхдээ хаясан хэргүүд сүүлийн үед нэлээн хэдэн удаа, ойр ойрхон гарлаа. Саяхан хоёр нярай хүүхдийг гадаа хаяснаас осгож нас барсан хэрэг гарсан. Хүүхдийн ээж 19 настай оюутан охин байсан нь нийгмийг бүхэлд нь эмзэглүүлээд байгаа. Өөрөө хүүхдээрээ шахуу байж хүүхэд гаргаж, түүнийгээ хаясан шалтгаанаа "би жирэмсэн гэдгээ гэрийнхэндээ хэлээгүй, хүүхдээ хүн олж аваад өсгөчих байх гэж бодсон" гэж тайлбарласан. Ийм төрлийн хэрэг 5-10 жилийн хорих ялтай тухай хуулийн байгууллага олон нийтэд сануулж байгаа. Харин энэ тухай олон нийт охидуудыг ашиглаж, зугаагаа гаргаад жирэмсэн болгоод хаядаг эрчүүдтэй тооцоо бодох ёстой гэж нэлээдгүй үзэл бодлоо илэрхийлсэн байсан.

Өнгөрсөн сарын сүүлчээр буюу 10-р сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нэгэн орцны үүдэнд нярай хүүхэд үлдээсэн бас нэгэн хэрэг гарчээ. Азаар амьд мэнд олдсон нярай хүүхдийн бие эрүүл байжээ. Энэ нялзрайг хаях болсон шалтгаан нь дээрхээс арай өөр. Цагдаагийнхан хэргийн мөрөөр хайж, Баян-Өлгий аймгийн харъяат казах эмэгтэйг хүүгээ хаясан болохыг олж тогтоосон байна. Казак ээж хүүгээ хаясан шалтгаанаа “Энэ хүүгийн эцэг нь Монгол залуу. Монгол хүний үр хүүхдийг төрүүлж өсгөх нь манай ёс заншил, уламжлалд харш байдаг. Намайг ах дүүсээрээ үзэн ядаж, цаашид амьдрах аргагүй болох учраас хаясан” гэсэн тайлбарыг цагдаагийнханд өгчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн, хүүхдээ хаясан ээж Баян-Өлгий аймгийн харьяат эмэгтэй байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Мөн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай хүүхдээ орхиод явсан хэрэг ч гарчээ. Хаягдсан хүүхэд эмнэлэгт нэлээд хэд хоносон бөгөөд саяхан ээжийг нь  олж өгсөн гэнэ.

Залуу насны охид бэлгийн харьцаанд орохдоо хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, үерхэж нөхөрлөж байгаа хүнээ сайн таньж нөхөрлөх хэрэгтэй байна. Энэ дашрамд, эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг хуультай гэдгийг дахин нэг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.