АН-ын Их хурал ирэх сарын 8-нд болно, 8 гишүүнд хариуцлага тооцохгүй гэв

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43-р хурал Төрийн ордонд хоёр өдрийн турш хуралдсан. Энэ удаа үндсэн гурван асуудлын талаар хэлэлцсэн юм. Улс төрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, АН-ын Их хурлын товыг тогтох, хэлэлцэх асуудлыг батлах, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийн талаар хэлэлцсэн ҮЗХ-ны талаар тус хурлыг удирдсан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга, СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын ҮЗХ-ны хурлын эхэнд улс төрийн өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьсан байна. Мөн энэ хүрээнд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс АН-ын дарга Н.Алтанхуягт 2014 оны тавдугаар сард өгсөн чиглэлийг үндэслэн МАХН-тай гэрээ байгуулсаныг хүчингүйд тооцжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга, ҮЗХ-ны гишүүн Д.Баттулга “Энэ гэрээг ҮЗХ-ноос хүчингүй гэж үзсэн. Энэ гэрээ бол Ардчилсан намын хувьд хүчин төгөлдөр бус” гэв. Мөн тэрбээр “Улс төрийн нөхцөл байдлын тухайд дараагийн Засгийн газрыг байгуулах, Ерөнхий сайдыг шинээр дэвшүүлэх гэх зэрэг асуудал хүлээгдэж байгаа. Энэ бүх асуудлаар УИХ-д суудалтай нам, эвсэлтэй зөвшилцөл хийх эрхийг УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн” гэлээ.

Хоёрдугаар асуудал буюу намын Их хурлын товыг энэ оны арванхоёрдугаар сарын 8-нд гэж тогтсон байна. Энэ ажлын бэлтгэлийг хангахаар ЕНБД Ц.Оюундариар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчээ. Их хурлаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, намын даргыг сонгох гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ. Мөн Их хурлын бүрэн эрхэд хамаарах бусад асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

ҮЗХ-ны хурлаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны тогтоол байлаа. Гишүүд уг асуудлыг хэлэлцээд Хяналтын ерөнхий хороо дүгнэлт гаргах ёстой байтал шууд тогтоол гаргасан нь дүрмийн зөрчилтэй байгааг онцолсон байна. Мөн Хяналтын ерөнхий хорооны хурал нь процедурын хувьд алдаатай байгаа учраас тогтоолыг дэмжих шаардлагагүй гэж үзлээ. Ингэснээр Засгийн газрын эсрэг кноп дарсан нэр бүхий найман гишүүнд хариуцлага тооцохооргүй болж байна.

Өчигдөр АН-ын ЕНБД Ц.Оюундарь мэдээлэл хийхдээ “Найман гишүүнд хариуцлага тооцох асуудал нээлттэй үлдсэн” гэсэн. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга “Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг ҮЗХ дэмжээгүй учраас нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохгүй” гэсэн юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.