Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа

Twitter Print
2020 оны 11-р сар 19-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Ж.Энхбаяр Дарханд дөрөв хоног хөл хорьж байгаад, 10 мянган иргэнд шинжилгээ хийлгээд, будаан дотроос зүү олохын адил ковидоор өвчилсөн нэг хүнийг олоод ирж байна. Орон нутгийн багийг маш хурдан зохион байгуулж, засаг дарга Азжаргал нарын удирдлагуудтай нь уухайлаад ажиллаж чадаж байна. У.Хүрэлсүх танхимынхныгаа суулгаж байгаад улс даяар, хувь, хувьсгалтайгаа хамтран хэрэгжүүлэх 23 зүйл бүхий шийдвэрээ танилцуулаад, 2021 оны долдугаар сар хүртэлх өр зээл, татвар, өглөг авлага, халамж тэтгэмж, за бүр түрээсийнхний амин асуудлыг ч багтаасан удирдамж чиглэлээ гаргаад ирж байна.

За нөгөө Я.Содбаатар эм хүнсний хангамж, эргүүл цагдаа, эргэлт орголт, цэргийн, цагдаагийн хүн хүч гээд өндөржүүлсэн бэлэн байдалд өнөө маргаашдаа аминд орох бүх амьдралын асуудлаа ааг амьсгаагүй зохицуулаад, зогсох эрхгүй зүтгэж явна. Хэдэн бор цэрэг, цагдаагийнхаа хүч бололцоог тооцоод, хоолны мөнгийг нь ч шийдчихлээ. Чухам төрийн байгууллагад буглаад удсан, будаа цав барьж байж, авилга авч амаа тосолж байж хөдөлдөг дунд шатныхан нь хэл үггүй хэрэгжүүлэх л үлдлээ. Төрийн хүн гэдэг их өөр. Төөрч яваад над мэт нь очоод уянгалаад, уран донгодоод, шүлэглээд, шүлсээ үсэргээд байдаг ч юм биш. Төрийн хүний төлөвшил, төрөлх араншин, төрдөө өгч чадах далайц, өргөж чадах далбаа нь ч их өөр байдаг. Биеийн хэл, бэлчээрийн хил нь өөрөө төрдөө багтаж, төрөө төгөлдөржүүлэх төвшинд бүх шатандаа, бүр гэр бүлийн хүмүүжлээсээ эхлээд бэлтгэгдсэн байдаг.

Гэтэл Сумъяабазар гуай та яав? Үе тэнгийн үхэр хонин жилтний маань үг хэл дутав уу, үйлдэл ажил дутав уу? Амьдралаас ингэтлээ тасарчихсан хүн үү, ажлаа буруу ойлгоод явна уу. Их хотын 1,3 сая иргэн одоо болтол орсон ч гарсан ч зөрөлдөөнтэй, зөөдөг авдаг нь ч зөрчилтэй. Өчигдөр шөнө гэхэд хүнсний бараа хүргэлтийнхэн 22:00 цагаас 06:00 цаг хүртэл ажиллах юм болов. Зөөдөг нь аваад очдог, хүнсний зах, лангуу дэлгүүрийнхэн шөнөжин онгорхой, харанхуйн зочноо хүлээгээд хаалгаа чагнаад хонож байна. Бараа авч байгаа нь энэ гэж бадарчин шиг шөнөжин нойргүйдээд, дэлгүүр хоршоо онгойх цагаар дэлбэртлээ хурхирах уу?

Хэд хоногийн өмнө яалаа? Тусгай зөвшөөрөл гэж бөөн дараалал үүсгэж тараагаад, цагийн дараа хүчингүй, цайгаа уух зуур үнэгүй. Үүнээс болоод үүдээрээ шагайх хүсэлтэй хүмүүс буруу ойлгоод хотоор нэг бөглөртлөө тэнэж, бөгс эргэх зайгүй шавалдлаа. Алба, амины машины аль нь хэрхэн явах, аль замаар зорчих, иргэд хэзээ хүнсээ авах, эмийн сангууд хэзээ онгойх нь өглөө бүр тодорхойгүй, өдөр бүр өөр. Нэгдсэн удирдлага, нэгж хоорондын холбоос, чиглүүлсэн чиг зүг, чин хатуу сахилга бат гэж байна уу?

Яах аргагүй нийслэлийн мээр та сул байна, сувс шиг байна. Адаг сүүлд нь төрийн хувцсан дээр төрлийн ламтан шиг том эрхиэ томж зүүчихээд чухам "Нойр хоолгүй ажиллалаа" гэж ялархав, яах аргагүй сонслоо. Тэгэхээр ийм байна аа, Сумъяабазар аа. Нийслэлийн 1.3 сая хүний амь амьдрал, хэдэн мянган хүнсний дэлгүүр, захууд, эмнэлгүүдийн аж байдал, ахуй орчин, зам дээр зогсож буй цагдаа, зангаа ойлгодог иргэн... Бүгд өөртэй чинь холбоотой шүү.

Төрийн ажил гэдэг түмний наадамд зодоглож, барьц шаваагаа хангадаг бөхийн барилдаан биш. Нийслэлийг удирдана гэдэг эцгийн сайхан нэр, итгэсэн олны сонголтоор гарч ирчихээд УИХ-д кноп дараад суухаас их өөр. Яаманд крандуулж сайдаар очоод ялтай ялгүй ажиллахаас ч бас өөр. Чадвал Монголын нийслэлийн амь, амьдралыг айсан стресстсэн ард олонтой нь хариуцаад, аж ахуйтай нь үүрээд, чадахгүй бол тахимаа өгөх хэрэгтэй.

Хүн шавсан их хүрээ энэ Монголын зүрх юм шүү. Улсын зүрх тэвэрч яваа хүн хэрэгтэй цагт юун хоол нойр, ходоод гэдэс, өөрийн зүрхээ өгөх зарчимтай байх ёстойг л ойлго. Орондоо унтаад босохоор л ондоо болчихсон байх юм, удирдаад байна гэх үү, уймраад явна гэх үү? Банкныхаа өрөө бодоод байна уу, баг удирдаад байна уу, хэлээд өг зүгээр.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.