Францад хатуу хөл хорио тогтоолоо

Twitter Print
2020 оны 10-р сар 29-нд 19:39 цагт
Мэдээний зураг,

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор 11-р сарыг дуустал үндэсний хэмжээнд хөл хорио тогтоолоо. Э.Макроны мэдэгдсэнээр хөл хорионы дэглэм тогтоосноор иргэд гэрээсээ зөвхөн чухал шаардлагатай тохиолдолд буюу эмнэлэгт үзүүлэх, хүнс худалдаж авах, эмнэлэг эсвэл асрамжийн газарт байгаа гэр бүл, ойр дотнын хүнээ эргэхийн тулд л гарч болох аж.

Түүнчлэн кафе, зоогийн газруудын үйл ажиллагааг зогсоосон байна. Харин сургуулиуд болон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж. Францад коронавирусын халдварын тархалт өнгөрсөн 4-р сарынхаас өндөр байгаа ба мягмар гарагт л гэхэд коронавирусын халдвар авсан 33 мянган тохиолдол бүртгэгджээ. Францын төрийн тэргүүн КОВИД-19 өвчний дэгдэлтийн 2 дахь давалгаа өмнөхөөсөө илүү хүнд тусах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. ХБНГУ-д мөн л коронавирусын халдвар тархаж байгаатай холбоотойгоор кафе, зоогийн газрууд, фитнесс төвүүдийг хааж, 10-аас олон хүн нэг дор цугларахыг хориглосон байна.

Англид өнгөрсөн лхагва гарагт л гэхэд коронавирусын халдвар авсан 24 701 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 310 хүн нас баржээ. Английн эрдэмтэд коронавирусын халдварыг өдөрт дунджаар 10 мянган хүн авч байгааг шинээр хийсэн судалгаагаар тогтоосон ба халдварын тархцыг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.