Г.Дэнзэнг давраасан ТУЗ ч буруутай

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон таагүй мэдээллүүд тус компанийн удирдлагуудын үйлдлээс болж улам л зузаарч байна. Олон тэрбум төгрөгийн шахааны дугуй авсан гэх асуудлаар анхны захирал Б.Энэбишийг нь АТГ-ынхан шалгахаар болсон. Гэтэл олон улсад эрэн сурвалжлагдаж буй Б.Энэбиш “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдлаа” хэмээн хилийн чинадаас хууль сахиулагчдаар тохуурхсан. Араас нь Ерөнхий сайдын хүргэн гэх Г.Дэнзэн гарч ирсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой”-гийн ТУЗ-ийн даргаар томилогдсон тэрээр “Говь Повер” компанийг Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэх тендерт шалгаруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байв.

Учир нь, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, тендерийн шалгуур хангахааргүй тус компани Г.Дэнзэнгийн эхнэрийнх байсан юм. Энэхүү компанийг 17 тэрбум төгрөгийн тендерт шалгаруулсан ашиг сонирхлоор нь Г.Дэнзэнг шалгах үндэслэлтэй гэж АТГ-ынхан мэдэгдсэн. Гэвч прокурорууд Г.Дэнзэнг шалгах шаардлагагүй гэснээр түүнийг улам “эрхлүүлжээ”. ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын ажлаа өгсөн Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанитай шүүхдэлцэж 4.8 тэрбум төгрөг аваад алга болжээ.

Тодруулбал, гэрээ хууль бус болсон шалтгаанаар төрөөс “Эрдэнэс Тавантолгой”, “Говь Повер” компанийн хооронд байгуулсан 17 тэрбумын гэрээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл “Говь Повер” төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой"-ийг хохирол учруулсан гэж  долоон тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилжээ. Бас “Говь Повер” компанийн өмчлөлийн гаалийн хяналтын бүсийн талбай, тус талбай дээрх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад бүх хөрөнгийг “Эрдэнэс таван толгой” компанид шилжүүлэн ав гэж тулган шүүхэд хандсан байна. Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр нь 2013 оны долдугаар сарын 4. Наадам дөхөж, хэн бүхэн амарсан зуны налгар өдөр.

Шүүх хурлыг хурдан хугацаанд, хэл амгүй хийх цаад санаатай ч байсан байж болзошгүй. Үүний тулд Г.Дэнзэнгийн “Говь Повер” “Эрдэнэс Тавантолгой” компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. ТУЗ-ийнхөн тендерийн шалгаруулалт, гэрээ анхнаасаа хууль бус болсныг мэдсээр байж “Говь Повер”-той эвлэрчээ. Чингэлтэй дүүргийн шүүх иргэний журмаар маргааныг өнгөрсөн жилийн аравдугаар сарын 16-нд хэлэлцэж, “Эрдэнэс таван толгой” компаниас дөрвөнтэрбум 835 сая төгрөгийг “Говь Повер” компанид олгуулах шийдвэрийг гаргасан байна.

Уг нь төрийн компанийг удирдах, чиглүүлэх үүрэгтэй ТУЗ-ийнхөн Г.Дэнзэнгийн хууль бус ажиллагааг эсэргүүцэж болох л байсан. ТУЗ-ийн бүрэн эрхийг компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох, хувьцаа эзэмшигчийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, бүрэн эрхийг нь тогтоох, компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох, компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах, их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох гэх мэтээр тодорхойлсон байгаа. Уг нь мундаг эрхтэй. Гэтэл тэд хөдлөөгүй, эсвэл тэднийг хөдөлгөхийг хүсээгүй бололтой.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Говь Повер”-т 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд нэгтэрбум 200 сая, арванхоёрдугаар сарын 13-нд 100 сая, 27-нд 600 сая, 2014 оны нэгдүгээр сарын 3-нд хоёр тэрбум, 16-нд 788.5 сая төгрөгийг цувуулан төлжээ. Энэ их мөнгийг шилжүүлэхдээ "Эрдэнэс Тавантолгой"компанийн гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийнхөн ямар нэг хэл ам хийгээгүй байна. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнгүй, давж заалдсангүй. Бас олон нийтэд мэдээлэлгүй чимээгүйхэн л мөнгөө төлж дуусгажээ.

Энэ бүхнээс үзэхэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн дунд Г.Дэнзэнгийн эсрэг босох зориг зүрхтэй хүн олдоогүй бололтой. Нэхэмжлэгч нь Ерөнхий сайдын хүргэн, өөрсдөө яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар учраас ч тэр байх. Төрийн албаны халаа сэлгээ их байхад Ерөнхий сайдын хүргэн дүүгийн компанитай шүүхээр заргалдаад яах вэ ч гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл, Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-д ямар эрхмүүд байдгийг танилцуулъя.

Тус компанийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга, “АН-ын” Ч.Сайнбилэг ажилладаг. ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Д.Чулуунхүү, гишүүнээр нь найман хүн бий.  

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар /Завхан аймгийн АН-ын дарга асан/,  Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа /Б.Батзаяа МоАХ-ын гишүүн. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлсөн ч ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөөгүй байна/, Уул уурхайн яамны газрын дарга Д.Батболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд /АН-ын Монгол хүн-2020 хэлэлцүүлгийн зохицуулагчаар ажиллаж байсан/, ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Энхтуяа /Одоогийн Ерөнхий сайдтай хамт нэг сургууль төгссөн/ нар ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Харин хараат бус ТУЗ-ийн гишүүнээр Д.Түмэнжаргал, “Хасу Эрчим” компанийн захирал Б.Бат-Эрдэнэ, Ч.Батсайхан нар ажилладаг байна.

Хараат бус гишүүдийн тоо ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний биш ч гэсэн санал бодлоо илэрхийлж, олон нийтэд хандах эрх байсан. Гэтэл тэд тэгээгүй. Өөрөөр хэлбэл, компанид “нэмэр болох хүн” гэхээсээ илүү “энэ л чих зөөлөнтэй байж магадгүй” гэдэг шалгуураар сонгосон мэт.

Сэтгүүлч Г.Улсболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ard

      (202.70.44.46) 2014-11-10 11:43
      • 0
      • 0

      Denzen alga boloogui bj l bna sh de. YZX iin xural deeree suugaad mandataa urguud zuragaa daruulsan bna sh de

      Хариулах