ОХУ-ын байлдааны хөлөг онгоцон дээр гал гарч, цэргүүдийг нүүлгэн шилжүүлжээ

Twitter Print
2022 оны 04-р сар 14-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр өнгөрсөн лхагва гарагийн орой Украины зэвсэгт хүчний цохилтонд өртсөн ОХУ-ын байлдааны "Москва" хөлөг онгоцон дээр гал гарч, хөлөг онгоцны багийнхныг бүгдийг нь нүүлгэн шилжүүлжээ. Интерфакс агентлагийн мэдээлснээр "Москва" хөлөг онгоцонд ноцтой эвдрэл гарсан ба гал гарах болсон шалтгааныг тодруулж байгаа аж.

Украины Одесса мужийн захирагч Максим Марченко Украины зэвсэгт хүчнийхэн "Нептун" пуужингийн системээр Оросын "Москва" байлдааны хөлөг онгоцонд цохилт өгсөний улмаас "Москва" хөлөг онгоцонд ноцтой эвдрэл гарсан хэмээн мэдээлж байсан билээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн туслах Алексей Арестовичийн хэлж байгаагаар "Москва" хөлөг онгоцон дээр 510 орчим цэрэг алба хааж байжээ.

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Хан Украины Буча хотод айлчилсан ба Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн шинжээчид ойрын өдрүүдэд шалгалтаа эхлүүлэхэд бэлэн гэдгийг онцолжээ.

Хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд эзлэгдсэн Украины Буча хотын дүр зураг дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

ОХУ-ын зүгээс тэдгээр нь тавилттай, худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн ч гэрчүүд ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Бучад үйлдэгдсэн гэмт хэргүүдэд хамааралтай болохыг баталсан олон баримтуудыг дэлгэсэн юм.

АНУ тэргүүтэй улс орнууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг дайны гэмт хэргээр шүүхийг уриалсаар байгаа юм. ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украин руу өнгөрсөн 2-р сарын 24-нд довтолсон ба түүнээс хойш Мариуполь хотод гал зогсохгүй байна.

Мариуполь боомт хотын даргын мэдээлснээр тус хотод ойролцоогоор 21 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ.

Польш, Литва, Латви болон Эстонийн төрийн тэргүүнүүд Украины нийслэл Киев хотноо айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Тэд ОХУ-ын зэвсэгт хүчнийхний цохилтонд ихээр өртсөн Бородянка хотод айлчилж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.