Энэ өдөр Монгол улсад анхны ардын сургууль байгуулагджээ

Twitter Print
2021 оны 11-р сар 02-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД АНХНЫ АРДЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР

1921.08.14-ний өдөр ардын засгийн газрын хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч, тухайн 1921.11.02-ны өдөр анхны сургуулийн танхим байгуулж байсан түүхтэй.

Анх Улаанбаатар хотын 3 дугаар хороо, одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээжээ. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.

Боловсролын салбарын анхдагч байсны хувьд олон бүтээлч ажлын эхлэл үндэс суурийг энэ сургуулийн төгсөгчид, багш нар тавьж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Бага сургуулийн багшаар ажиллаж байсан Дондогийн Цэвэгмид Монгол Улсыг НҮБ-д гишүүн болгоход төлөөлөгчдийг ахлан, НҮБ-ийн хүндэт индэр дээрээс анхны Монгол хүний дуу хоолойг ертөнц дахинаа цуурайтуулан, улсаа бүрэн эрхт гишүүн болгосон юм.

Бага сургуулийн багш, сурагч асан Дэнзэнгийн Ишцэрэн Гэгээрлийн яамны сайдаар 1965-1978 ондуудад ажиллахдаа 1970 онд ЮНЕСКО-д Монгол Улсаа бичиг үсэгтэй ард түмэн болгон бүртгүүлсэн мөнхийн гавьяатай.

Энэ сургуулийн анхны захирал Сангажавын Жамьян Ардын гэгээрлийн яамны анхны сайд болж Монголын Шинжлэх ухаан, Боловсролын суурийг тавилцсан бол, хичээлийн эрхлэгч Шадавын Лувсанвандан Шинэ үсгийг зохиолцон, монгол хэл, соёлыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гэх мэтээр бахархал, түүхээр баялаг юм.

Энэ сургуулиас 300 гаруй алдартан төрөн гарсан байдаг. Тухайлбал:

Хөдөлмөрийн баатар - 6

Ардын цолтон - 15

Төрийн Соёрхолт - 16

Гавьяат цолтон - 56

Ардын Их хурлын депутат, УИХ-ын гишүүн, сайд - 12

Доктор профессор - 60

Спортын мастер - 103

Хурандаа болон түүнээс дээш цолтон - 28 төржээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах ажил эхэлжээ. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын дараа анхны бага сургууль буюу одоогийн Гуравдугаар сургууль байгуулагдсан бол 1923 оны 2-р сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох Нэгдүгээр сургууль үүсэн байгуулагдсан байна.

Анхны дунд сургуульд монгол хэл бичиг, орос, англи, франц, герман, хятад хэл болон тооны ухаан, бодисын зүй, одон орныг судлахуйн ухаан, түүх, биеийн хөгжил, дуу хөгжим, утга зохиол зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байж.

Харин анхны төгсөгчид нь 57 хүүхэд байснаас 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшхээр 30 нь явжээ. Тэд Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй.

1929 он хүртэл ганцхан Нэгдүгээр дунд сургууль байсан бол түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагджээ. Нэгдүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль болж, 10 жилийн төгсөлттэй болж өргөжжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.