АНУ-д TikTok аппликейшнийг хориглох талаар хэлэлцэж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй Хятадын TikTok аппликейшний эсрэг арга хэмжээ авна гэдгийг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр цахим хэрэглэгчдийн дунд алдартай TikTok аппликейшн нь "хэрэглэгчдийн хувийн мэдээллийг шууд Хятадын Коммунист намд дамжуулдаг" гэнэ. Зөвхөн АНУ-д л гэхэд сардаа 80 сая идэвхтэй хэрэглэгчтэй TikTok аппликейшний зүгээс Хятадын засгийн газрын хяналтанд байдаггүй мөн хэрэглэгчдийн мэдээллийг ямар нэг байдлаар Хятадын засгийн газарт дамжуулдаггүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.

Фокс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа Майк Помпео Хятадын Коммунист намтай холбоотой программ хангамж АНУ-ын үндэсний аюулгүй байдалд олон тооны эрсдэл учруулахаас сэргийлэх зорилгоор засгийн газраас тодорхой арга хэмжээ авна гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар АНУ-д үйл ажиллагаа явуулж буй олон тооны компаниуд Хятадын засгийн газарт хэрэглэгчдийн хувийн мэдээллийг дамжуулдаг ба үүнд царай таних технологийг ашиглан олсон мэдээлэл, хэрэглэгчдийн хаяг, утасны дугаар зэрэг багтах аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд өнгөрсөн баасан гарагт TikTok аппликейшнийг АНУ-д хориглох тухай тушаалд гарын үсгээ зурахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Богино видео бичлэг хийдэг TikTok аппликейшнийг голцуу 20-иос доош насныхан ашигладаг ба тус аппликейшнийг Хятадын ByteDance компани эзэмшдэг юм.

Америкийн Конгрессийн Бүгд найрамдах намын зарим гишүүд TikTok аппликейшний АНУ дахь үйл ажиллагааг Америкийн компани явуулах нь асуудлыг шийднэ хэмээн үзэж буйгаа ч илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл Америкийн Майкрософт компани уг аппликейшний АНУ дахь үйл ажиллагааг худалдан авахаар ярилцаж буйгаа албан ёсоор мэдэгдээд байна. Майкрософт компанийн Ерөнхий захирал Сатья Наделла энэ талаар Ерөнхийлөгч Д. Трамптай өнгөрсөн ням гарагт уулзаж ярилцжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.