
Ирэх мягмар гарагт танилцуулагдах Apple компанийн шинэ iPhone гар утасны цэнэглэгчийн оролт өөрчлөгдөж, бусад брэндийн гар утаснуудын адил Type-C оролттой болжээ.
Европын холбоо гар утас үйлдвэрлэгч компаниудад хэрэглэгчдийн мөнгийг хэмнэж, хог хаягдлыг бууруулах зорилгоор 2024 оны 12-р сар гэхэд нэгдсэн нэг төрлийн цэнэглэгчийн оролттой болох шаардлагыг тавьсан билээ.
Apple компанийн сүүлд гаргасан зарим төхөөрөмжшүд хэдийн USB Type-C оролттой болсон юм. 2011 оны 9-р сард Европын холбоо дээрх журмаа анх танилцуулсны дараа Apple компанийн зүгээс нэгдсэн нэг төрлийн холбох оролттой болох журам нь инновацийг дэмжих бус хойш нь татсан явдал, үүнээс болж Европын төдийгүй дэлхийн бүх хэрэглэгчид хохирно хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
Type-C буюу дийлэнх брэндийн гар утаснуудад ашиглагдаж байгаа цэнэглэгчийн оролттой шинэ iPhone гар утас зөвхөн Европын холбооны улс орнуудад борлуулагдах эсэх нь тодорхойгүй байгаа ч Apple компани шинэ гар утсаа хоёр янзын хувилбартайгаар гаргах нь магадлал бага гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Блүүмберг агентлагийн мэдээлснээр Apple компанийн бүтээгдэхүүнүүд Type-C оролттой болсноор хэрэглэгчид нэг цэнэглэгчээр iPad, iPhone болон Mac компьютероо цэнэглэх боломжтой болох юм.
Өнөөдрийн байдлаар iPhone гар утасны цэнэглэгч Европын холбоонд 19 еврогоор борлуулагдаж байна. Европын холбооноос гаргасан журмаар гар утас, таблет, цахим ном унших төхөөрөмж, маус, товчлуур, байршил тогтоох төхөөрөмж, чихэвч, дижитал камер, видео тоглоомны төхөөрөмж, спикер зэрэг төхөөрөмжүүд бүгд нэгдсэн нэг төрлийн цэнэглэгчийн оролт буюу Type-C оролттой байх ёстой аж.
Уг журам хэрэгжиж эхэлснээр Европын холбооны хэрэглэгчид жилдээ 250 сая евро хэмнэх ба хог хаягдлыг жилдээ 11 мянган тонноор бууруулах аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.