
ҮРЧЛЭЭ
...Нуруу нь бөгтийн хуруу нь мойнийж, үрчлээ дүүрэн нүүрнийхээ ус гүйж цэлхийсэн нүдээрээ жаргаж буй наран зүг саравчилж суугаа хөгшдийн дэргэдүүр нь өнгөрөхдөө бид өрөвдөнгүй хардаг. Тэр хүний элж өнгөрөөсөн цаг хугацаа бидний ирээдүй болон айсаж явааг бид анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Мөнх залуугаараа амьдрах юм шиг, энэ л хэвээрээ өтлөх юм шиг анзааргагүйхэн залуу насандаа цаг хугацааны элэгдэлээ мэдрэхийг хүсдэггүй. Хааяадаа энэ тухай, дүн хүйтэн өвлөөр ангал дээгүүр харайн дүүлэх чоно харсан мэт зурвасхан бодолдоо тэвдэж, бас дааран жихүүцнэ. Өглөө бүр толины өмнө өөрийгөө харахдаа санчиганд сорлох ширхэг цагаан үс, инээвхийлэх төдийд нүдний тэртээд зурваслаж үзэгдэх үрчлээний ором төдийд "яанаа" гэж сэтгэлдээ дуу алдах авч, сэтгэлийн тэртээд хөнгөхөн санаа алдах. Энхэл донхол дундуур эргэлдэж мөлийн хяхтнах хуучин тэрэгний дугуй шиг, амьдралын мөчлөг бүрийн зовлон жаргал дундуур элэгдэж хэлтрэх бидний төрх. Хэнийг ч тойрдоггүй, хэнийг ч өршөөдөггүй, хэнийг ч ялгадаггүй.
Цоожтой авдар дотор хадгалж нуусан юм шиг бидний сэтгэл доторхи зовлонгийн шарх нүүрэнд үрчлээ болон тогтож анина. Эргэлдэж урсах амьдралын эдэлж барах зовлон жаргалын тэмдгүүд үй олноороо нүүрэнд минь үрчлээ болон тодорч, цаг хугацааны элэгдэл болон суух аж. Хичнээн нуугаад ч бас "татуулаад" ч элэгдэж хорох амьдралын жамыг хэн ч сөрж бас зогсоож үл чадах. Өөдөөс нь өрөвдөнгүй харж суугаа толигор залуу төрхөнд өвгөд хөгшдийн үрчлээ болгон түүх өгүүлдэг. "Яг л чам шиг залуу байхдаа..." гэж эхэлсэн энэ хүүрнэл чамайг зорин айсаж яваа цаг хугацааны зэрэглээ, санаа алдах хэмнэл нь зөрөх эс зөрөх тавилангийн учирлал. Ойлгосон ч эс ойлгосон ч нэгэн цагт чи энэ сандал дээр суугаад хэн нэгэнд энэ тухай хуучлан сэтгэлийнхээ гүнд санаа алдах чимээгээ чагнан суух л болно. Гарынхаа алгаар зөөлхөн илбэхэд мэдрэгдэх төдий үрчлээсүүд эдгэрсэн сэтгэлийн шархны ором болгон тэмтрэгдэнэ. Тэнд жаргал ч бий, бас зовлон ч бий. Санаа алдах бүрийд урсах салхины урсгал он цагийн энэ тэмдгийг улам л тодруулна.
Ичиж бас тэвдэх хэрэггүй дээ, энэ л үрчлээсүүд чиний туулж өнгөрүүлсэн амьдралын жаргаж бас зовж өнгөрүүлсэн цаг хугацааны тэмдэг. Амьдралын хар шуурганд хийсч одолгүй тэсч үлдсэн, аагим халуун цөлд ангаж хатаад амьд үлдсэн, хүүхэдтэй болоод баярлан догдолж хүн болсны учир ерөөлөө ухаарч баярласан, хайрыг цэцэг шиг хэмээн эндүүрч нэгэн хоромд тасчиж хаясны шаналал, өвчин үхлийн өмнө сөгдөж халшраад уйлж суусан, өөртөө гомдоод толгойгоо шааж явсан, итгэлээ алдаад эргүүлж олж авсан бүх л цаг мөчүүдийн нотолгоо, энэ үрчлээсүүд. Уншиж хэрэв чаддагсан бол чиний туулж өнгөрүүлсэн амьдралын сургамжит бичиг энэ үрчлээсүүд. Бусдын өмнө чиний хүн шиг хүн явсны нотолгоо. Хүүрнэж хэрвээ чаддаг сан бол сэтгэл дотроо хэнд ч хэлж зүрхлээгүй, хэлэх ч үгүй, зүрх сэтгэлтэйгээ хамтад элж алга болох хайр харууслын тухай өгүүлэхсэн. Санаа алдах бүрийд нь сархиаг шиг үрчлээсүүдийн дунд жаргал зовлонгийн салхи хүүгэж буй. Сонсож хэрвээ хэрвээ чаддаг сан бол, хөр цасан дороос хэнзлэн соёолсон хайрын бүүвэй, зовлон дунд өвлийн шөнөөр улих чонын улианыг сонсох буйз.
НҮҮРЭН ДЭХ ҮРЧЛЭЭНЭЭС БҮҮ АЙЖ БАЙ, ХАРИН ЗҮРХЭНДЭЭ ҮРЧЛЭЭ СУУЛГАХААС Л АЙЖ БАЙ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.