Монголын “Ленд лиз”

Twitter Print
2022 оны 05-р сар 12-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Ялалтын баярын өдөр 5 сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Баден Украинд “Ленд-лиз” тусламж үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан нь ерөнхийлөгч В.Путинд барьж байгаа сюрприз болов. Ингэснээрээ Украин Улсад АНУ-аас зэвсэг нийлүүлэх асуудал хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор уг үйл ажиллагааг эхлүүлсэн байх үүргийг Баден өөртөө хүлээв.

Орос-Украины дайн эхэлснээс хойш АНУ-аас Украинд дөрвөн тэрбум шахам долларын зэвсэг нийлүүлээд байгааг та сонссон байх. Одоо тэгвэл “Ленд лиз-Украин” хөтөлбөрийн хүрээнд нэмж 20 тэрбум гаруй долларын зэвсэг нийлүүлэх юм байх.

Энэхүү (lend-зээл өгөх, lease-түрээслүүлэх) цэргийн зориулалттай зээлийн хөтөлбөрөөр дэлхийн 2-р дайны үед АНУ-аас холбоотнууддаа зэвсэг техникийн тусламж үзүүлж байсан бөгөөд ОХУ хөтөлбөрийн зээлийг 60 жилийн хугацаанд төлж, 2006 бүрэн барагдуулсан байдаг.

Үүнээс хойш 77 жилийн дараа энэ хөтөлбөр даян дэлхийн шинэ дайнд дахин хэрэгжиж байгаа нь тун харамсалтай.

Дэлхийн 2-р дайны үед ЗХУ-д АНУ, Их Британийн зүгээс их хэмжээний тусламж үзүүлж байсныг социализмын үед ярьдаггүй бичдэггүй байлаа, одоо ч ялгаагүй.

“1941 оны намар бид бүгдийг алдсан. Хэрэв ленд-лизээр нийлүүлж байсан зэвсэг, хүнс, дулаан хувцас болоод бусад хангамж байгаагүй бол яах байсныг хэлэхэд хэцүү” гэж дайны жилүүдэд Улаан Армийн хангалтыг хариуцаж байсан зөвлөлт төрийн зүтгэлтэн А.И.Микоян хожим ярьсан байдаг.

1941 оны 3-р сард АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельтын санаачлагаар хуульчлан батлагдсан энэ хөтөлбөрт дайны үед устгагдсан, алдагдсан, ашиглагдсан цэргийн техник, зэвсэг, түүхий эд, бусад эд зүйлсийг буцаан төлөхгүй, мөн эвдрээгүй болоод алдагдаагүй техник, тоног төхөөрөмжүүдийг дайны дараа буцааж өгөх нөхцөл тусгагдсан байдаг юм билээ.

Дэлхийн II дайны үед АНУ ленд-лиз хөтөлбөрөөр өөрийн холбоотнууддаа 50 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн байдаг (үүнийг нь одоогийн хангаар тооцвол 600 гаруй тэрбум болно).

Тусламжийн дийлэнхийг их Британид олгосон /400 тэрбум/ бөгөөд ЗХУ-д ойролцоогоор 140, Францад 40, Хятадад 20 орчим тэрбум ногдсон ба тухайн үед Их Британи 1.7тэрбум, Канад 200 сая ам.долларын үнэ бүхий тусламжийг ЗХУ-д нийлүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд байлдааны нисэх онгоц 15 мянга, ачааны автомашин 400 мянга, хээрийн телефон утасны аппарат 40 гаруй мянгыг нийлүүлсэн нь дайны үед онцгой үүрэг гүйцэтгэснийг дурьдахгүй өнгөрвөл алдас болно.

Яагаав өнөөх “Хүний хувь заяа” кинон дээр Андрей Соколовын сум ачиж яваад бөмбөгдөлтөнд өртөж дэлбэрдэг ачааны машин чинь Америкийнх, алдарт “Катюша” зоочихоод галлаад яваа автомашинууд чинь бас Америкийнх байсан л байхгүй юу.

Дайн эхэлсний дөнгөж маргаашаас нь эхлэн ”Бүхнийг фронтын төлөө!”, “Бүхнийг ялалтын төлөө!” уриан дор хамаг байдгаа фронтод зориулж, өөрсдөө хагас өлсгөлөнгийн байдалд гүрийсэн бидний өвөг дээдсийн гавьяаг бид яахин мартах билээ. АНУ-аас тусламжаар ирсэн махкомбинатууд манай хил орчим байгуулагдаж, өвөг дээдсийн маань ачуулсан хагас сая шахам адууны махаар хийсэн консервыг орос цэргүүд окопондоо амтархан үмхэж байсныг би мөн ч олон кинон дээр харсан даа. Адууны махаар дагнасан Улаан-Үдийн махкомбинат саяхныг хүртэл ажиллаж байсан, одоо яасныг бүү мэд.

Зөвлөлтөд үйлдвэрлэсэн нийт ачааны машины 50 гаруй хувь нь "ГАЗ-АА” буюу полу тэрэг одоогоор бол солонгосын “Портер”-ын хэмжээний машинууд нь туулах чадвар сайтай, тэр үедээ одоогийн нүүрс зөөж байгаа хүнд даацын машинуудаас дутахааргүй мундаг бяртай байжээ. Маршал Жуков тэргүүтэй тэр үеийн орос дарга нарын унаж байсан жипүүд ч ялгаагүй Америкийнх л байсан.

“Хэрэв дайны үед холбоотнууд ленд-лиз хөтөлбөрөөр тусламж үзүүлээгүй бол дайн дор хаяж 1-1.5 жил илүү үргэлжлэх байсан” гэж А.И.Микоян бас бичсэн байдаг.

“Говь хянганд тулалдсан нь” киноны Осет үндэстэн генерал Плиевын армийн байлдагчидтай, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын морьт цэргүүд мөр зэрэгцэн 1945 оны 8 сард Японы самурай нартай байлдахдаа мөн л Америк автомашин, танк ашигласан түүхийг одоо хэнбугай хэрхэн үгүйсгэх билээ.

Бидний өвөг дээдэс дайны хүнд бэрх жилүүдэд ЗХУ-д 50 мянган сайн агт морьдоо бэлэглэж, 500 мянга гаруй адууг хямд үнээр нийлүүлсэн. Белорусын их намаг, Украины их шавар шавхайг туучин Берлин хүрсэн гавьяаг оросууд өндрөөр үнэлж, “Ялалтанд тэмүүлэх морьдын” хөшөөг Москва хотноо сүндэрлүүлснийг Бат-Үүл баатар маань Со гавьяаттай очоод буулгаад хаячихгүй байгаа даа.

Эцэст нь хэлэхэд манай “Ленд Лез”-ийн хариу их гүрнүүдийн Ялтын гэрээгээр "Тусгаар улс" болон баталгаажсаныг өнөөгийн багачуудад дахин сануулах минь.

Энэ тухай Оросуудтай хамтран баримтат кино хийж Аугаа Эх орны Дайны Ялалтын 80 жилийн ойн баярын үеэр гаргавал мөн сайхан аа.

Шаравын Пүрэвсүрэн

2022-05-12

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.