З.Энхболд нас барсан үед гаргадаг тогтоол үйлдсэнийг шүүмжилжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 08-нд 18:37 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр хуралдсан ҮЗХ-ны хуралдааны үеэр цөөнгүй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын талаар маргалдаж З.Энхболдын алдааг шүүмжилжээ. Учир нь өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргасан билээ.

Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоол нь Засгийн газрын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй Ерөнхий сайд өвчтэй буюу нас барсан тохиолдолд гаргадаг тогтоол байжээ. Зүй нь бол Ерөнхий сайд огцорлоо ч амьд мэнд, эрүүл саруул, ажлаа хийх чадвартай байгаа бол дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол үүрэг гүйцэтгээд, албан ёсоор тамга тэмдэгээ хүлээлгэж өгдөг. 1998 онд Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхий сайдаас огцроод  6-7 сар үүрэг гүйцэтгэсэн билээ.

З.Энхболд энэ алдаагаа нууж, асуудлыг яаравчлахын тулд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй хамтран Н.Алтанхуягийн намын даргын албыг авахаар улайран зүтгэж байгаа явдалд ҮЗХ-ны гишүүд дургүйцэж байгаагаа тус намын ҮЗХ-ны хурлын үеэр хурцаар илэрхийлж байсан.

Энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодруулахад "Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын 68 дугаар тогтоол нь өөрөө хуулийн зүйлчлэлийн хувьд буруу гарсан гэх асуудал хөндөгдсөн. УИХ Н.Алтанхуягийг огцруулах тухай 68 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.3 дахь заалтыг үндэслэл болгосон байгаа.

Өөрөөр хэлбэл, “Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ” гэдэг заалтаар чөлөөлсөн байгаа. Харин Үндсэн хуулийн 40.2 дугаар зүйлд “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж заасан байгаа энэ хоёр заалт зөрчилдсөн учраас асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь гарч ирсэн. Гэвч баасан гарагт хуралдах ёстой байсан манай байнгын хорооны хурал хойшлогдсон.

Зүй нь бол Ерөнхий сайдыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.1 буюу “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд энэ нь УИХ тэдгээрийг томилсноор эхэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын тухайн гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болно” гэх үндэслэлээр чөлөөлөх ёстой юм билээ. Энэ түгтоолыг УИХ-ын тамгын газраас боловсруулж оруулж ирэхдээ ийнхүү буруу зүйлчилсэн байна лээ. Энэ асуудлыг УИХ-ын зарим гишүүн хөндсөн учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын чуулганд оруулах ёстой гэж үзэж байна" гэлээ. 

www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.