З.Энхболд хуулиа барьсан бол гоё харагдах байлаа, даанч...

Twitter Print
2014 оны 11-р сар 08-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Энэ намар үнэхээр хөгжилтэй байна. Хошин урлагийнхан энд тэндхийн театрыг нураах шахан инээлгэж байгаа бол улстөрийн алиа салбадай нар төрийн ордныг жинхэнэ доргиож байна. Алиалагч нар, алиалагч нарыг тоглуулагчийн үнэнхүү сезон иржээ. Монголын улстөрийн түүхэнд ийм тоглолтыг урьд өмнө үзээгүй юм байна. Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг гээд хөөрхөн хөөрхөн алиа салбадайнууд ордныг үнэхээр доргиож байна. Бүгд АН-д замаас нийлсэн нүхгүй хулганууд.

Харин энэ бүгдийн найруулагчид нь ноён Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр. Хавсрагч, гүйцэтгэгч нь “Женко”, Э.Бат-үүл хоёр. З.Энхболдын хувьд намаасаа дэвшсэн Ерөнхий сайдаа унагахдаа үнэхээр гаршсан нөхөр. 1999 онд яалаа. Ж.Наранцацралтыг хүн үнэмшихийн аргагүй юмаар шалтаглаад унагаж байсан юм. Уг нь талийгаач үнэхээр монгол төрийн хүн байсан юм шүү дээ.

Ц.Элбэгдорж яахав, хэзээний зальтай. Үнэг атаархмаар зальтай нөхөр. Ямартаа л “Женкогоо” баахан телевиз дуудаж, түмний нүдэн дээр загнаж байгаа дүр үзүүлж байхав. Дараа нь хоёулахнаа уулзахдаа юу гэсэн нь одоо тодорхой харагдаж байна шүү дээ. Ер нь хатгахдаа мундаг даа, мундаг манай Ерөнхийлөгч.

Э.Бат-Үүл яах вэ зайлуул, яавал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх вэ гэхээс юутай ч унтахад ч бэлэн яваа. Нэг удаа Эбэ-дээ хулхидуулан нулимс унагаж байсныхаа хариуг авахын тулд өдгөө эхнэрээ цовдол гэвэл ханцуй шамлаад орчихож магадгүй яваа амьтан.

Ийм хүмүүс мөнгө хараад нүд нь аяганаасаа мултрах шахдаг, өөрийн гэсэн үзэл бодол гэж төрөхөөсөө байгаагүй хэдэн хүнээр дамжуулан намаа самрах аян дайнд сэлэм гялалзуулан орлоо. Тэд төрийн эрхийг л авч, төрийн эрхэм дээд сэнтий дээр сууж байвал нам, мам ёстой хамаагүй болж. Тэртэй тэргүй ямар ард түмэн улс гүрнээ “Женкогийнх” нь хэлдэгээр муусайн хужаагийн бууны нохойнууд ямар бодох биш.

Хууль энэ тэрээ зорчих бол хууль тогтоодог УИХ-ын даргад л ямар ч байсан огт падгүй юм байна. З.Энхболдод хамгийн гол нь маш хурднаар Ерөнхий сайдын суудалд суух нь чухал байж. Тиймээс хумсаа байнга нууж, хүний гараар могой бариулж явдаг З.Энхболд өөрөө Ерөнхий сайдыг унагахгүй гэсэн товчлуур дарсан хэрнээ “Шонхорынхоо” бүх хүмүүсийг хуралдаанаасаа зугтаалгажээ. Энэ бол зориггүй, хүний гараар могой барьдаг, хулчгар хүний зан. Р.Амаржаргал, М.Зоригт нар шиг нүүр нүүрээ харж байгаад кнопоо дарж байвал сайхан. Юмны шударга нь дээр. Тиймээс хумсаа нуугаад муур шиг гэтэн төрийн сэнтий рүү гарах гэж байгаа түүнээс цаашдаа юу ч гарч болно, юу ч хийж болно. Яагаад гэхээр хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын дарга огцорсон Ерөнхий сайдаа үүрэг гүйцэтгэгчээр томилох байтал Үндсэн хуулиа зөрчөөд шууд Шадар сайд Тэрбишдагвад ажлаа өг гээд тушаачихаж байх юм. Бүр унагахаа тодорхой болгочихоод бэлэн тогтоол бариад танхимдаа ороод ирсэн нөхөр шүү дээ.

Тэр маш их яарч байна. Яарахдаа Үндсэн хуулиараа нөгөө юугаа ч арчихад бэлэн байгаа бололтой. Үүнийг уг нь Ерөнхийлөгч ч мэдэж л байгаа. Өөрөө 1998 онд огцроод үүрэг гүйцэтгэгчээр бүтэн зургаан сар ажилласан юмдаг. Тэр үед З.Энхболд “Эрдэнэт”-ийг түйвээж, С.Зориг маань алагдаж байлаа гээд хар бараан бүхнийг тоочвол зөндөө хар мөр бий. Түй, түй, түй.

Ерөнхий сайдын суудлыг авч болно л доо. Бололгүй яахав. Ямар Н.Алтанхуягт өмчлөөд өгчихсөн биш. Харин хууль номоороо бол гоё байхгүй юу. Цашдаа ч буруу жишиг тогтохгүй шүү дээ. Түүхэнд ч бас нэг хар толбо үлдэхгүй л байхгүй юу. Тэгэхээр Үндсэн хуулиа үл тоож байгаа УИХ-ын даргатай ард түмэн түүний гаргасан хуулиудыг дагах уу гэдэг нэн эргэлзээтэй. Уг нь З.Энхболд Үндсэн хуулиа барьсан бол үнэхээр гоё харагдах байлаа. Даанч...

Н.Халиун

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.