Ийм хонь Монголд хэрэггүй

Twitter Print
2020 оны 03-р сар 03-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Эзэн үү, эх орон уу? Хэзээ нэгэн цагт энэ асуулттай нүүр тулна гэж солонгосчууд төсөөлж байгаагүй биз. Бас сонголт хийх хэмжээнд очно ч гэж бодоогүй.

Гэтэл ирдэг л юм байна. Ямар нэгэн шашны тусламжтайгаар ард түмнээ аргацаан барьж, агуулж байсан хана эдүгээ нуран унаж, аврагч эзэн нь алуурчин болчихлоо. Монголчууд ч бас энэ асуултын өмнө мөлхөж байна. Төрж өссөн Алтай хотод маань, түмэн бээрийн чанад дахь Ховд, Баян-Өлгийд, өмнийн говь, өндөр Хэнтий, алслагдсан сумууд, арын сайхан хангайд ч бас нэр үл мэдэх, зүс үл таних Баптист, Протистан, Морман...зэрэг шашны байгууллагууд үүдээ нээж, үдийн цай, оройн хоолоор үгүйрсэн ард түмнийг торгоон барьж, толгойг нь эргүүлсээр багагүй хугацаа өнгөрлөө.

Хэн, хэзээ газар олгосон нь мэдэгдэхгүй, хамгийн тааламжтай, таатай байрлалд баригдсан сүмүүд ч олширлоо. Эх орны минь тархи, зүрхэнд үүрлэж, золбин нохой мэт олширч, зовсон олныг аяга хоол, алсын аймшигт зорилгоор чөдөрлөсөн энэ сүм хийдүүдийн тоо эдүгээ 300 хол гарсан. Их Хубилай хааны "Төрт ёс хүчирхэгжин тогтоогүй улс оронд шашин хөллөж болохгүй" хэмээсэн чанд хатуу захиас, чанад холын ухаан өнөө цагийн төрд дутав. Ямартаа л нийтээр хөл хорьчихоод байхад нийгмийн явдлыг эс тоон Эзэн,Эцэг, Номлогчдоо Монгол төрийн зарлигаас илүү даган биширч, даллан шүтээд үймж байхав.

Ерөнхий сайдын өгсөн шашны гаж урсгалуудыг хаах, дахин зөвшөөрөл өгөхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлэхээс урьтан хонь мэт даган баясагчид, хоолой нийлүүлэн залбирагсад арга саам, амьд үлдэх зам мөрөө засч эхэллээ. Энэ олон шашны тусламжтайгаар монголчууд орогнох байр, оочих цай, халуун хоол, халамж анхаарлаар дутдаггүй гэх мессэж хүчтэй нисч, хүрээгээ тэлж байна. Хэрэв шүтдэг шашин, дагадаг урсгал, залдаг эзэн, замчилдаг эцгийг маань Монголоос хөөх юм бол амиа хорлоно, араас нь дагаад гарна гэсэн хүн ч тоолшгүй олон, тоймгүй зүтгэлтэй байх юм.

Сүмийн итгэгч өсвөр насны охид хөвгүүд амиа хорлосон хэрэг жилдээ хэд гарах болсон. Эзэн дуудаж байна, энэ биеэ тандаа өргөе гээд л байшингаас үсэрчихдэг гэж байгаа. Энэ тохиолдолд шашны гаж урсгалууд сүрэг хонийг дагуулж сүйрлийн заазуурт аваачдаг бойны ямааны үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Одоо нөгөө хонин сүрэг маань бөөн бөөнөөрөө шашнаа дагаад Монголоос явах уу, эзнээ дагаад эх орноо орхих уу? Эсвэл нууц байдалд шилжиж, далд хэлбэрээр үргэлжлээд л байх уу? Өнөө эзэн, эцэгтэнгүүд чинь "Дэлхий сүйрнэ, 144 мянган хүн тахилч болж үлдэнэ" гэхчлэн үхэл, амьдралын уралдаан зарлаад удаж байна. Дэлхий даяар үлдэх 144 мянган тахилчийн тоонд багтах гэж багтартлаа хашгирч, сохортлоо солиорч байна. Үзэл санаа, үнэт зүйлсээ аяга цай, таваг хоолоор арилжиж байхдаа тэд ажиллаад олж болох баялгийг амаа тосоод л өөрийн болгох гэж хошуурсан. Эцэстээ иймдээ тулав.

Эх орон, эзэн эцгийн чинь хэн нь үр хүүхдийг чинь үүрээд үлдэх бол? Эх орноо орхиод, эзнээ дагаад, майл гэхээр нь майлаад, үх гэхээр нь үхээд, биеэ өг гэхээр нь өгөөд яв л даа, яг үнэндээ ийм хонь Монголд хэрэггүй! Тэр тахилч итгэгч чинь ч хэрэггүй. Монголын оюун санааны хойморт харийн шашин заларч байсан түүх үгүй. Гэтэл одоо уугуул, суугуул шашингууд адилхан гажуудаж, аймшгийг үйлдэх нь олширлоо. Төр хүчгүйдэхэд шашин мандах нь энэ үү? Монголчуудын үнэт зүйл өөр юм шүү. Хонь хариулаад, холдоо чимээ өгөөд гүйж явдаг хоточ банхар муухан хүн, муухай шашнаас дээр болсон цаг юм даа!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.44) 2020-03-08 13:04
      • 0
      • 0

      эмүжин ямар шашин шүтэж бна даа

      Хариулах

    • иргэн

      (202.179.25.180) 2020-03-04 15:33
      • 1
      • 0

      ЭНЭ ҮНЭН шүү АРАЙ дэндүү ТЭНЭГЛЭЖ ГАДНЫХНЫГ дагадаг болсон нь ТӨР ньь удирдахгүй гадны сүмүүдийг аль олноор БИЙ болгоод бгаагийн ГАЙ

      Хариулах

    • Od

      (182.160.35.88) 2020-03-03 11:30
      • 1
      • 0

      Yaasan unen helevee. Dagaad yvah neg ni yvagldee hunii nutagt ochood golognoos dor bolohoo medehguigeer munharsan bol yaltai bilee. Yu saihan dur saihan. Shashinaa dagaad toniltsgoo. Huleej avah gazar es oldohbiidee!!!

      Хариулах