
Хятадын алдартай блогеруудын нэг 1989 онд Тяньаньмэний талбайд болсон бослогын ойн өмнөх өдөр цахимаар шууд дамжуулж байсан арга хэмжээнийхээ үеэр танк шиг хэлбэртэй зайрмаг үзүүлснийхээ дараа алга болжээ.
Олон сая дагагчтай Ли Жиячи лайвынхаа үеэр үзэгчиддээ танк шиг хэлбэртэй зайрмаг үзүүлсний дараахан түүний лайв гэнэт тасарсан нь олны анхаарлыг татсан байна.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон оюутны тайван жагсаалыг тухайн үеийн Хятадын эрх баригчид цэрэг, танкийн хүчээр дарсан билээ. Уг үйл явдлын үеэр олон зуун хүн амь үрэгдсэн бөгөөд Хятадын эрх баригчид уг үйл явдлын талаар ярьж, бичихыг хориглож, Тяньаньмэний талбайд болсон уг үйл явдлыг түүхийн ном зохиолоос хасаж, нийгмийн сүлжээнд байсан мэдээллүүдийг устгасан билээ.
Остин Ли Жиячи нь Хятадын цахим худалдааны платформууд дээр гоо сайхны бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийж, олонд танигдсан бөгөөд өнгөрсөн жил л гэхэд Alibaba платформ дээр ганцхан өдрийн дотор 2 тэрбум ам. долларын борлуулалт хийж байжээ.
Weibo нийгмийн сүлжээнд 50 сая дагагчтай 30 настай Остин Ли Жиячигийн дагагчдын дийлэнх нь залуус байдаг аж. Ли Жиячи баасан гарагаас хойш нийгмийн сүлжээнд идэвхгүй байгаа ба ням болон даваа гарагт оролцох байсан арга хэмжээндээ оролцоогүй аж.
Ли Жиячигийн лайв яагаад гэнэт тасарсан талаарх хэлэлцүүлэг Хятадын Weibo нийгмийн сүлжээнд хүчээ авч, залуус VPN ашиглаж 1989 онд болсон үйл явдлын тухай мэдээ мэдээллийг хайх нь нэмэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.