Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөн

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 54.4 хувь нь дэмжснээр Н.Алтанхуяг үүрэгт ажлаасаа огцорсон. Үндсэн хуулинд заасны дагуу Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай заасан байдаг. Ардчилсан нам дотор хагарал үүсч, фракцууд нэгнийгээ үл ойлголцон Засгийн газрын тэргүүнийг дэмжсэнгүй. Одоо дараагийн ерөнхий сайд хэн болох талаар ид яригдаж байна.

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана. Энэ хурлаар Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн намын нөхдөдөө хариуцлага тооцох тухай ярьж таарна. Эсрэг санал өгсөн болон чуулганы хуралдаанд ирээгүй гишүүддээ АН-ын дүрмийн дагуу хариуцлага тооцно гэвэл АН эдүгээгийн УИХ-д суугаа 15 гишүүнээ хөөх болж байгаа  юм. Тэгж гэмээнэ АН УИХ дахь хамгийн олон суудалтай нам гэдэг байр сууриа алдана.

Тиймээс ҮЗХ-ны хуралдаанаар ямар шийдвэр гарах нь анхаарал татаж байна. Мэдээж хариуцлагын асуудлыг ярьж таарна. Хамгийн гол нь дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах нь нэг гол ажил байх болно гэдэг мэдээж.   Олны таамаглаж байгаагаар Ерөнхий сайдын суудалд хамгийн их санаархаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн. Намрын чуулган эхэлсний дараахан “Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөлд заналтайгаар гарын үсэг зурсан” гэж мэдэгдэж байсан удаатай.

Х.Баттулга гишүүний хувьд МоАХ фракцыг зангидан ҮЗХ-д тоглолт хийж чадвал гүйцэтгэх засаглалын тэргүүн болох магадлалтай. Нөгөө талаар тэрээр Ерөнхийлөгчтэй тохироо хийсэн байж мэднэ. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж санал өгсөн гишүүд дотор ч, чуулганд суулгүй бултсан гишүүд дунд ч МоАХ фракц болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүмүүс олонхи байгаа нь ийм  хардлага төрүүлж байна. Энэ хувилбараар явах юм бол дараагийн засагт МоАХ болон Ерөнхийлөгчийн хүмүүс түлхүү сайд болно.

Өөр нэг хувилбар бол УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракц шинэ байгуулагдах Засгийн газарт нэлээд нөлөөтэй байх боломжтой. Шинэчлэлийн Засгийн газарт ч гэсэн С.Эрдэнэ, Д.Ганхуяг зэрэг “Шонхор” фракцын сайд нар байсан. З.Энхболд спикер “Ерөнхий сайд бол гэсэн ч болохгүй” гэж мэдэгдсэн. Тиймээс “Шонхор” фракцаас Ерөнхий сайд төрөх магадлал бараг үгүй. Харин тэд өмнөхөөсөө ахиулж хэд хэдэн сайдын суудал л авах тохироог дараагийн Ерөнхий сайдтай хийж магадгүй.

“Алтангадас”-ынхан ҮЗХ-д нөлөөтэй гэдэг. Гэхдээ одоо хүч нь суларсан байж магадгүй. ҮЗХ-ны 46 гишүүн төрийн албанд шилжсэн. Тэдний дийлэнх нь Засагт хүчтэй байснаараа “Алтангадас”-ынхан байх үндэслэлтэй. Тиймгүй байлаа гэж бодъё. Юутай ч “Алтангадас”-ынхан Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг дэвшүүлэхээр ярьж байгаа сураг байна. Өнгөрсөн хоёр жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан нь түүнийг энэ өндөр нэр хүндтэй, хариуцлагатай албыг хаших туршлага суулгасан гэж үзэж байгаа бололтой.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.