
Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 3 ба түүнээс дээш тооны иргэдийг нэг дор цугларахыг хориглох шийдвэр гаргасан ба хууль сахиулагчид иргэд уг журмыг дагаж байгаа эсэхэд хяналт тавьж, журам зөрчигчдөд шийтгэл ноогдуулах аж.
Канцлер Ангела Меркель телевизээр дамжуулан хэлсэн үгэндээ иргэд хариуцлагатай байх нь коронавирусын халдварын тархалтыг удаашруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна. Коронавирусээр үүсгэгддэг КОВИД-19 халдварт өвчнөөр ХБНГУ-д 18 610 хүн өвчлөөд байгаа ба коронавирусын халдварын улмаас 55 хүн нас бараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Германы эрх баригчид үсчин, гоо сайхан, массаж зэрэг үйлчилгээний байгууллагуудыг хаах шийдвэр гаргасан ба кафе, зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель засгийн газраас гаргасан дээрх шийдвэрүүдийг танилцуулсаныхаа дараахан хөл хорионд орсон байна. Энэ нь өнгөрсөн баасан гарагт түүнд уушгины хатгалгааны эсрэг вакцин тарьсан эмч коронавирусын халдвар авсан нь тогтоогдсонтой холбоотой хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 65 настай Ангела Меркель ирэх өдрүүдэд коронавирусын шинжилгээнд тогтмол хамрагдах ба гэрээсээ ажиллах гэнэ. Италид өнгөрсөн ням гарагт 651 хүн коронавирусын халдварын улмаас нас барж, тус улсад уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо 5476-д хүрээд байна.
Итали улсад нийт 59 138 хүн коронавирусын халдвар аваад байгаа ба тус улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла дэлхийн бусад улс орнууд Италид үүссэн нөхцөл байдлаас сургамж аваасай гэж хүсч буйгаа илэрхийлжээ. Испанид коронавирусын халдварын улмаас нийт 1700 гаруй хүн нас бараад байгаа ба эрх баригчдын мэдээлж байгаагаар тус улсад коронавирусын халдвар авсан 28 768 тохиолдол бүртгэгдээд байна. Испанийн засгийн газрын зүгээс улс даяар онц байдал зарласнаар 4-р сарын 11 хүртэл сунгах талаар хэлэлцэж байгаа аж. Ерөнхий сайд Педро Санчезийн мэдэгдсэнээр тус улс агаар болон далайн хилээрээ гадаадын иргэдийг 30 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй гэнэ. Коронавирусын халдварын улмаас нас барагсдын тоо 281-д хүрээд байгаа Их Британийн Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Борис Жонсон иргэдийг засгийн газраас гаргасан заавар зөвлөмжийг дагахыг анхааруулсан ба эс бөгөөс илүү хатуу арга хэмжээ авч эхэлнэ хэмээн мэдэгджээ.
Францад КОВИД-19 өвчний улмаас 674 хүн нас бараад байгаа ба тус улсад бүртгэгдсэн коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 16 018-д хүрчээ. АНУ-д коронавирусын халдвар авсан 31 057 тохиолдол бүртгэгдээд байгаагийн тал нь Нью Йорк мужид бүртгэгджээ. Нью Йорк мужийн захирагч Эндрю Куомогийн мэдэгдсэнээр тус мужийн нийт хүн амын 40-80 хувь нь коронавирусын халдвар авах магадлалтай аж.
Харин Нью Йорк хотын дарга Билл Де Блазиогийн хэлж байгаагаар халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа ба чухал шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд ойрын өдрүүдэд хомсдолд орох гэнэ. Австралид энэ даваа гарагаас эхлэн супермаркетууд, ШТС, эмийн сангуудаас бусад үйлчилгээний байгууллагууд болох баар, шөнийн цэнгээний газрууд, фитнесс клубуудыг хаах шийдвэр гаргаад байна.
Кафе, зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх аж. Тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо огцом нэмэгдэж, нийт 1315 тохиолдол бүртгэгдээд байна. Ерөнхий сайд Скотт Моррисон сургууль цэцэрлэгүүдийг хаахгүй ч хүүхдүүдээ сургууль руу нь явуулах эсэхээ эцэг эхчүүд өөрсдөө шийдэхийг хүссэн байна. Түүний хэлж байгаагаар австраличууд засгийн газраас гаргасан заавар зөвлөмжийг дагахгүй байгаа учраас эрх баригчид иргэд олноор цуглардаг газруудыг хаах нь зөв гэж үзсэн аж.
Коронавирусын халдварын голомт болсон БНХАУ-д коронавирусын халдвар авсан 46 тохиолдол бүртгэгдсэний 45 нь гадны орноос иргэдээс илэрсэн байна. БНСУ-д өнгөрсөн ням гарагт коронавирусын халдварын 98 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба тус улсад КОВИД-19 өвчнөөр нийт 8897 хүн өвчлөөд байгаа билээ. Дэлхий даяар коронавирусын халдвар авсан 310 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагийн 13 мянга нь уг вирусын халдварын улмаас нас барж, 93 мянга гаруй хүн бүрэн эдгэрээд байна
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.