С.Өнөр - Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо болон бас бус зүйлийн тухай

Twitter Print
2022 оны 12-р сар 15-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Хоёр зүйлийг онцлон бичье. Эхнийх нь сонгуулийн тогтолцоо. Хоёр дахь нь УИХ-ын гишүүдийн тоо. Яагаад УИХ гэж? Учир нь УИХ хууль баталдаг, мөн УИХ-аа Засгийн газрын байгуулдаг учраас төрийн хамгийн чухал эд эс юм. УИХ-аас сайн, чанартай хууль баталбал бидний амьдралд эерэгээр нөлөөлнө. УИХ-аас муу, зальхай хууль, жишээ нь хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар шийдэх гэх мэт хулгайчдыг хамгаалсан хууль баталбал бид байнга дээрэмдүүлж, дээрэлхүүлнэ – шударга бус явдал нүүрсний хулгайгаар тогтохгүй.

Сонгуулийн тогтолцооны тухай

Одоогийн ашиглаж буй мажоритар гэх тогтолцоо нь хоёр янз байгаа юм. Эхнийх нь жижиг тойргийнх. Энэ нь тойрог бүрээс 1 гишүүн сонгогдохоор, Монгол Улсыг 76 тойрогт хувааж гишүүдийг сонгодог. Нэг тойрогт ноогдох сонгогчийн тоо 15 – 19 мянгын хооронд. Зарим нөхөд ердөө 3000 гаруй хүний санал аваад л УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй. Утгаараа жалганаас сонгогдсон гишүүд гэж хэлж болно. Үүнийг 1996, 2000, 2004 онд ашигласан.

Том тойргийнх гэдэг нь сүүлийн 2 сонгуульд ашигласан. 76 хүнийг 2, 3-аар нь багцалсан тойргоос сонгож буй хэлбэр юм. Үүнийг 1992, 2008, 2016, 2020 онд ашигласан.

Энэ тогтолцооны гол сул тал нь санал маш ихээр гээгдэж, төлөөлөх чадвар буурдаг. Жишээлбэл, 2020 оны сонгуульд МАН нийт санал өгөх насны хүмүүсийн 33%, санал өгсөн хүмүүсийн 44%-ийг авсан хэр нь УИХ-ын 76 гишүүний 62 буюу 81% болжээ. Маш их санал дунд нь гээгдэж байна. Үүнээс болж, нэгт УИХ нь иргэдээ төлөөлөх чадваргүй, хоёрт сонгогчид, нэн ялангуяа залуус нь саналаа өгөх хүсэлгүй болж байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь сонгосон хүн, улс төрийн хүчин гардаггүй.

Юу болов? Товчхондоо тойрог дээр жаран чавганц өрсөлдөөд тэргүүнд нь бичигдсэн 2, 3 нөхөр гараад ирдэг. Тэд нарын цөөн хэд нь үнэхээр мундаг нийт саналын 60, 70%-ийг авна. Гэтэл нэлээд нь шалихгүй 30 гаруйхан хувийн санал авчихаад гишүүн болдог. Яагаад? Зарим тойрогт АН, ХҮН, бусад намуудын санал хуваагдаад дундаас нь МАН-ын нэр дэвшигч сугарчихдаг. Том намууд маш том хөлтэй, хороодыг халамжаар базах, мөнгө тараах гэх мэт замаар 20 - 30% санал баталгаатай авдаг. Ингэснээр намд мөнгө хандивлаж тойрог авах, мөнгө тарааж санал авах боломж нээгдчихдэг. Ингээд сонгууль бол бизнестэй, мөнгөтэй хүмүүс, эсвэл бизнестэй мөнгөтэй хүнээс мөнгө авсан хүмүүсийн тоглоом болж хувирдаг. Тэдгээр хүмүүс нь УИХ-ын гишүүн болчихоороо шархаа нөхөх гэж ЖДҮ, Хөгжлийн банк, хулгай хийхэд оролцох, хууль наймаалцах нь түгээмэл.

Энэ зөвхөн Монголд дангаар ажиглагддаг ч юм биш. Нэн ялангуяа жижиг тойрогтой мажоритар систем ийм жигтэй үзэгдэл рүү аяндаа хөтөлчихдөг. Монгол улс цаашдаа мажоритар тогтолцоогоор сонгууль хийгээд байвал нэг намын дарангуйлалд орох эрсдэлтэйг аль 2004 оныг судалгаагаар анхааруулж байж. Энэ нь ч биелсэн. 2016, 2020 оны сонгуульд 65, 62 суудалтай үнэмлэхүй МАН, сөрөг хүчингүй УИХ. Сөрөг хүчин нь бүр таг. Ийм үед олонхоороо түрээ барин хууль баталж, Ковидын хууль гэгчээр засаглаж, УОК, НОК-т тооцсон хариуцлага гэх зүйлгүй болжээ. Бас нэг сөрөг үзэгдэл нь жижигхэн тойргоо услах, сонгогчиддоо “Богдийн боов хайрлах” үзэгдэл түгээмэл. Ингэж жалгаа усалж чадвал ЖДҮ-чин, Хөгжлийн банкчин, өгзөг базагч, худалч, хулгайч, хүчирхийлэгч хэн ч байсан мөнгөөр зодоод гараад ирдэг. Хэнтийн Бэрх рүү хар зам тавьдаг шалтгаан, хэн ч очдоггүй газар хөшөө босгодог нь үүнтэй холбоотой. Мөн Баянхонгор аймагт зориулсан “мөнгөний бодлого” гэх мэт тэнэг юм ярьдаг, улс орныг удаандаа хуваагдалд хүргэж болзошгүй аюултай зүйл юм. Хэнтий, Баянхонгорт хуваарилсан төсөв дэндүү их байдаг шалтгаан нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батгулга, Занданшатар нартай шууд холбогдоно.

Холимог тогтолцоо

Энэ нь нэг хэсэг гишүүд, жишээлбэл 46 гишүүн тойргоос сонгогдож, 30 гишүүн пропорциональ буюу намын жагсаалтаар сонгогддог гэе. Санал өгсөн хүмүүсийн 40% нь МАН-ыг, 30% нь АН-ыгь 20% ХҮН-ийг, 10% нь АБВ намыг сонгосон гэх зохиомол тоо авъя. Ингэвэл МАН-ын 30 нэрсийн жагсаалтын эхний 12 хүн, АН-ын жагсаалтын 9 хүн, ХҮН-ий 6 хүн, АБВ намын 3 хүн шууд сонгогдоно. Иймээс парламент баталгаатай нэг сөрөг хүчинтэй, мөн олон намын төлөөлөл бүрддэг. Энэ нь холимог элементийн нэг давуу тал.

Тэгээд ирэхээр намын жагсаалт гэдгээс хүмүүс сүнсээ зайлтал айдаг. Нөгөө олигархууд намын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдвэл яах вэ гэж. Яахав эхний нэг сонгуульд тэгж болно. Ер нь тэгээд мажоритар тогтолцоонд ч өнөө олигархууд чинь тойргоосоо мөнгөөр угжаад л гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр бас айх үндэслэл ч биш юм аа. Олон улсын жишгээс харвал пропорциональ элементтэй сонгууль удаандаа нам доторх өрсөлдөөний эрүүлжүүлэх, намыг жудагтай байлгах чухал зүйл болдог. Жишээ нь намууд муу хүмүүсийг жагсаалтынхаа орой дээр бичээд байвал хүмүүс тэр намыг сонгохгүй байх магадлал өснө. Намын жагсаалтад орохын тулд нэр цэвэр боловч мөнгө муутай хүмүүс намын дотоод өрсөлдөөнийг ширүүсгэнэ. Энэ бол хоёр дахь давуу тал юм.

Гурав дахь давуу тал нь таны санал огтхон ч гээгдэхгүй. Жишээ нь би хамгийн бага санал авсан АБВ намыг дугуйлсан л бол тэр намын 3 гишүүн намайг төлөөлнө. Товчхондоо АБВ нам 3.4%-ийн санал авахад л 1 гишүүнтэй буюу уг гишүүн намайг, миний итгэл үнэмшлийг төлөөлнө гэсэн үг.

Дөрөв дэх давуу тал нь, жагсаалтаар гарч ирсэн гишүүд тойрог услах шаардлагагүй учраас улс орныг нийтээр нь харсан төсөл, хөтөлбөрийг зоригтой урагшлуулахад тустай. Тэдгээр гишүүд асуудлыг том зургаар нь харах орон зайтай үүүсдэг, яагаад гэвэл 4 жилийн турш тойргоо яаж услая даа гэж бодох шаардлагүй. Харин олон нийтэд ашигтай хууль, дүрэм санаачилбал өөрийн болон намынх нь нэр хүнд нь улам өснө.

Хэрвээ 2020 оны сонгууль 50%+50% холимог дүрмээр явсан бол яах байсан бэ? МАН тойрог дээрээ өмнөх шигээ давамгай байсан гэе. Тэгвэл нийт дүнгээрээ МАН 49, АН 16, Та бидний эвсэл 5, ШИНЭН 3, Зөв хүн электорат эвсэл 3 суудал авч илүү солонгорсон парламент үүсэх байв. Ингэсэн бол ЖДҮ, Хөгжлийн банкны асуудал, Ковидын хуулийн цавчаа, хүн ёсноос гадуурх үйлдлийг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөх байсан болов уу? Үгүй л болов уу.

УИХ-ын гишүүний тоо

Одоо манайд бол УИХ-ын гишүүн чинь хаан, заан шүү дээ. Аргагүй 76-хан хүний нэг шүү дээ. Та хэд чуулганы ердийн бичлэгийг үзэж байсан бол нэг 40 – 50 гишүүнтэй л хуралддаг. Тэгээд санал хураахаар 20 – 25-хан гишүүн гар өргөөд л хууль баталчихаж байгаа юм. Ийм цөөхөн хүмүүс. Дунд сургуулийн нэг ангиас цөөхөн хүн. Заримдаа хууль санаачилсан гишүүд нь 28 хүрч байх жишээтэй. Бүгд давхиж орж ирээд л гар өргөөд л пүн, дуусаа! Ийм УИХ-ыг “давжаа” парламент гээд байгаа юм. Ер нь 20 орчим (нөгөөдүүл нь цаашаа 5-10) гишүүнийг атгаж байхад л дураараа дургиж болно. Хүмүүс цөөхөн байх тусмаа хуйвалдахад амархан байдаг (энэ бол онолын үндэслэлтэй зүйл). Олон хүмүүс хуйвалдах хэцүү, их ч цаг хугацаа зарцуулна, мөн нэг нь дундаас мурьж хуйвалдаан илрэх магадлалт өндөр байдаг. Ийм учраас УИХ-ын гишүүдийн тоог нь нэмчихье гэж байгаа юм.

Хүмүүс 76 хулгайчийг олон болгох гэлээ гээд л хөмсгөө зангиддаг. Их гарын хулгай хийхэд 76 хүн амархан хуйвалдаад өм цөм авдгийг нь харлаа. 150 гишүүнтэй болоход 74 гишүүнд цалин олгоно. УИХ гишүүний жилийн цалин 96 сая. Дахиад энэ хэмжээг 2 дахин нэмсэн урсгал зардал гардаг гэе. Нэг жилд 74 нэмэлт гишүүнд нийтдээ 21 тэрбум төгрөг. Зонховын цогцолбор 32 тэрбум, Андлалын хөшөө 2 тэрбум, Хүүкийн ирэх оны төсөв 26 тэрбум штээ. Их наядаар, тэрбумаар нь гөвдөг нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дэргэд ичмээр дамшиг шүү дээ.

Эдгээр асуудал ер нь ямар шатандаа явж байна вэ?

Энийг ХҮН-ий Доржханд тэргүүтэй хэсэг хүмүүс өнгөрсөн жилээс хойш түлхээд л яваад байгаа юм. Тэдэнд талархаж байна. Зөв асуудлаа, гол гогцоогоо барьж авсан улс төрийн хүчин. Өнгөрсөн (2021) оны намар бүх намуудын төлөөлөл бүхий уулзалт, улмаар 11-р сард Монголын бүх улс төрийн намууд сонгуулийн системийг өөрчлөх, гишүүдийн тоог өсгөх, давхар дээлийн тал дээр зөвшилцөлд хүрсэн ухаантай.

Харин 2022 онд эрх баригч нам энэ асуудлыг урагш түлхсэнгүй. Гагцхүү 2022 оны 4-р сарын жагсаалын дараа хамгийн хэрэггүй зүйл болох давхар дээлийг буцааж авчирав. 2022 оны 8-р сарын сүүлчээр УИХ-ын 54-р тогтоол гээчээр уг нь энэ асуудлыг шийд гэж Засгий газарт даалгавар өгчээ. Гэвч удаа дараагийн сенсаац хөөцөлдсөөр энэ асуудал бүрхэг байна.

Тиймээс бид үүнийг одоо шахаж УИХ-аар батлуулах хэрэгтэй!

Сүхбаатарын Өнөр

2022.12.15

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.