Ё.Лхагвасүрэн: Галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас амиа алдсан хэрэг гарлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

ЦЕГ-аас өнөөдөр “Галт зэвсэг 2014” арга хэмжээний талаар болон галт зэвсэгтэй холбоотой хууль тогтоомж, үүний улмаас үйлдэгсдэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Уг хуралд Улаанбаатар хотын цагдаагийн газрын галт зэвсэг хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Тодбаяр, ЦЕГ-ын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн хошууч, М.Батбаяр, Татварын Ерөнхий газрын Татвар хураалтын удирдлагын арга зүйн газрын Татварын улсын байцаагч Р.Мягмаржав, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн нар оролцсон юм.

Өнгөрсөн онд галт зэвсэгтэй холбоотой 37 хэрэг бүртгэгджээ. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 22 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх хоёр хэргийг тодруулбал хүний амь нас хохирсон нэг, эрүүл мэндэд нь халдсан 5, хууль бусаар галт зэвсэг авч явсан хэрэг 2, танхайрах төрлийн гэмт хэрэг 2, мал хулгайлахдаа галт зэвсэг ашигласан 1, хууль бусаар ан агнасан гэмт хэрэг 10 удаа гарчээ.

Нийтдээ галт зэвсэгтэй холбоотой хэргийн 50 гаруй хувь хууль бусаар ан агнасан гэмт хэрэг эзэлж байна. Галт зэвсэг ашиглахтай холбоотой гарсан хэргийн тухайд хамгийн сүүлд энэ сарын 4-ны өдөр Архангай аймгийн Их Тамир сумын Хан-Өндөр баг хуурай гэдэг газар, тус сумын харъяат, 30 настай иргэн Ч нь “Тигр” маркийн буугаар оролдож байгаад, аюулгүй байдлын журам зөрчиж өөрийнхөө амь насыг хохироосон хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

-“Галт зэвсэг 2014” аянгийн талаар ярихгүй юу?

-Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-д заасны дагуу Цагдаагийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг өмчлөх, ашиглах, худалдах, тээвэрлэх, хадгалах, бүртгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр “Галт зэвсэг 2014” аянг эхлүүлсэн.

-Үүний зорилго нь юу бв?

-Холбогдох хууль, журмын хэрэгжилт, галт зэвсэгтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, буу, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж олдсон, мөн алдагдсан галт зэвсгийн судалгааг явуулах, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа.

-Хэдий хугацаанд энэ арга хэмжээг зохион байгуулах вэ?

-2014 оны аравдугаар сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Иймд галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд үүргийнхээ дагуу харъяа аймаг, сум, дүүргийн цагдаагийн газар дээр очиж өөрийн эзэмшлийн галт зэвсэг, сумыг бүртгүүлэх хэрэгтэй. Мөн харъяа дүүргийн татварын газар татвараа төлнө.

-Улсын хэмжээнд хичнээн галт зэвсэг бүртгэлтэй байна?

-Улсын хэмжээнд 47 мянга гаруй галт зэсвэг бүртгэлтэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотод 13 мянга орчим нь байна. Дээрх галт зэвсэгүүдийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах, харуул хамгаалалт, спорт, цуглуулга, үзвэр урлагийн чиглэлээр ашиглагдаж байгаа.

-Бүртгэлгүй галт зэвсэг иргэдэд байдаг шүү дээ?

-Иргэдийн дунд бүртгэлгүй галт зэвсэг олон байдаг. Тэдгээр хүмүүс өөрийн гар дээр байгаа галт зэвсэгээ бүртгүүлэх шаардлагатай. Энэ бол танд ямар нэгэн хариуцлага тооцно гэсэн үг биш. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хийгдэж байгаа ажил. Нөгөөтэйгүүр татвар нь ч бага байдаг. Тухайлбал 6.4 мм-ээс дээш калибартай галт зэвсэгт нэг жилийн 6000 төгрөгийн татвар төлнө. 6.4 мм-ээс доош бол 4000 төгрөг юм. Харин үрлэн сумтай бууны татвар 4000 төгрөг. Өнгөрсөн жилийн хувьд 200 гаруй бүртгэлгүй галт зэвсэг шинээр бүртгэгдсэн.

-Нэг жилийн хугацаанд галт зэвсэг эзэмшигчийн тоо хэр нэмэгдэж байна вэ?

-2013 онд улсын хэмжээнд 44 мянга гаруй галт зэвсэг бүртгэгдсэн. Харин 2014 он гарсаар 47 мянга гаруй галт зэвсэг бүртгэгдсэн банйа. Үүнээс харахад жилд дунджаар гурван мянга гаруй галт зэвсэг нэмэгдсэн байна.

-Бүртгэлгүй галт зэвсэгтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд?

-Өнгөрсөн онд нийт 37 гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Харин 2014 оны эхний арван сарын байдлаар 22 гэмт хэрэг гарснаас хүний амь нас хохирсон 1, гэмтэж бэртсэн 5, хууль бусаар биедээ авч явсан 2, дээрэмдэх 2, танхайрах 2, мал буудсан 1, хууль бусаар ан хийсэн 10 гэмт хэрэг галт зэвсэгтэй холбоотой үйлдэгдсэн байна.

-Монгол улсад галт зэвсэг оруулж ирдэг хэдэн компани байдаг вэ?

-Манай улсад ганцхан компани хуулийн дагуу галт зэвсэг оруулж ирэх эрхтэй байгаа. Иргэд энэ байгууллагаас хуулийн дагуу, ямар зориулалтаар ашиглах гэж байгаагаа бүртгүүлж, галт зэвсэг худалдан авах боломжтой.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.