Гудамж мухарлаж хашаа, хайс хатгасныг буулгах ажил үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг, шалгалт”-ын талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/715 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хотын орон сууц болон зарим гэр хорооллын орох гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хэсэг нь нийслэлийн Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Онцгой байдлын газар, Захирагчийн гэр хорооллын ажлын албадаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үзлэг шалгалтыг явуулжээ.

Хамтарсан багийн ажлын хэсгийн гишүүд 5 хэсэгт хуваагдан Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нийт 155 байршилд шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад орц гарц хааж бетон суурь тавьсан, автомашин орох боломжгүй мухар гудамжтай, нийтийн эзэмшлийн газарт граж барьсан, өөрийн эзэмшил газраа зөвшөөрөлгүй сунгаснаас автомашин явах боломжгүй болсон зэрэг 151 зөрчил илэрчээ. Ажлын хэсгээс албан шаардлага хүргүүлсэний дагуу өнөөдрийн байдлаар 24 зөрчлийг арилгаад байна. Харин нийт зөрчлийн дийлэнх нь буюу 102 гудамж мухарлан хашаа хайс байрлуулсан зөрчлийг арилгахаар холбогдох газрууд ажиллаж байна.

Ажлын хэсгийн дээрх мэдээллийн дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дүүрэгт бүрт асуудлыг шийдвэрлэхээр үүрэг өгөх нь зүйтэй гэж үзэн холбогдох шийдвэрийг гаргахоор боллоо. Мөн зөвшөөрөлгүй газар граж барьсан асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцан шийдвэрлэж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх үүрэг өглөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.