Хавирганы мэдрэлийн үрэвсэл

Twitter Print
2021 оны 12-р сар 03-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Хавирга завсрын мэдрэлийн эмгэг гэдэг нь сээрний хэсэгт мэдрэлийн ёзоор дарагдсанаас хавирганы завсраар цээжийг ороож байрлах мэдрэлийн судаснууд цочирсноос үүссэн өвдөлт юм. Хавирга завсрын мэдрэлийн өвдөлт нь маш хүчтэй өвдөлт өгч эхэлдэг, удаан эдгэрдэг.

Гол шалтгаан нь осол гэмтэл авах, хэт бөгтийж буруу байрлалд суух, цээжин хэсгээрээ бөгтөр болох, сээрний нугаламд гулсалт, эргэлт үүсэх, нуруу мурийх, ясны сийрэгжилтийн улмаас нугалмын өндөр намсаж нурууны суулт үүссэнээс мэдрэл дарагдах.

Мөн нойтон чийгтэй газар хэвтэх, хөлстэй, нойтон хувцастай салхи жаварт жиндэх, амьсгалын замын өвчин зэрэг шалтгааны улмаас хавирга завсрын мэдрэлийн үрэвсэл сэдэрдэг.

Шинж тэмдэг:

- Амьсгалах, ханиах, найтаахад хавиргаар ороож хүчтэй өвдөх

- Хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх

- Хавирганы орчимд хүчтэй өвдсөний улмаас нуруу сээрний хөдөлгөөн хязгаарлагдах

- Тэмтрэхэд өвдөлт мэдрэгдэх

- Өвдөлтийн улмаас гүнзгий амьсгаа авч чадахгүй өнгөцхөн амьсгалах

Эмчилгээ

Хавирга завсрын мэдрэлийн өвдөлттэй үед та үрэвсэл дарах, агшсан мэдрэлийн цочролыг багасгах, өвдөлт намдаах, уушги дэмжих, тайвшруулахад чиглэгдсэн эмчилгээг эмчийн заавраар хийлгэх хэрэгтэй. Үүнд хөдөлгөөний дэглэм барих, огцом ширүүн хөдөлгөөн хийхээс зайлсхийх, үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах эмийн эмчилгээ хийлгэх, өвдөлт үүсгэж байгаа шалтгааны эсрэг эмчилгээ хийлгэнэ.

Эдгээр эмчилгээнээс гадна

• Бариа засал - Нуруу болон цээжний өвдөлттэй хэсэгтээ зөөлөн бариаг курсээр давтамжтай хийлгэх нь цусны эргэлтийг нэмэгдүүлэх, булчин суллах, мэдрэлийн цочролыг багасгахад тустай.

• Бумба эмчилгээ - хэсэг газрын цусан хангамжийг сайжруулж үрэвсэл шимэгдэхэд нөлөөлдөг төдийгүй булчингийн чангарлыг багасгана.

• Зүү эмчилгээ - Өвдөлтийг намдаан, мэдрэлийн үрэвсэл, цочролыг арилгана

• УВЧ, лазер, инфра улаан туяаны шарлага зэрэг физик эмчилгээ үрэвслийг намдаахад тусална.

Гэрийн нөхцөлд эмчид хандах боломжгүй алслагдмал нөхцөлд байгаа бол өвчин намдаах тос, гель түрхэж зөөлөн иллэг хийж болно.

Х.Алтанхундага

Бэханзэ эмнэлэг

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.