Башёгийн эхний өдөр Харүмафүжи Ичиножёотой барилдана

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 9-нд Фүкүока хотноо эхлэх мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн олны анхаарлын төвд байна. Их аварга Хакүхо энэ тэмцээнд түрүүлвэл 32 дахь түрүүгээ авч, домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилттай зэрэгцэх юм. Энэ бол Кюүшюү башёгийн хамгийн том онцлог юм. Ёкозүна Какүрюү сэтгүүлчдэд “Бэлтгэл ханасан байгаа, ёкозүна цол хүртсэнээс хойш башёд түрүүлж үзээгүй байгаа болохоор түрүүлэхийн төлөө барилдана” гэсэн байна. Харин аварга Харүмафүжигийн нүдний гэмтэл сайн эдгээгүй ч барилдахаар болжээ. Исэнохама ояката “Нүд гэмтсэн болохоос хөл гар нь зүгээр болохоор санаа зовохгүй байна. Эмч нар дахиад нүдэндээ цохиулсан ч аюулгүй гэж хэлсэн болохоор барилдуулахаар шийдсэн” гэжээ. Харин Харүмафүжи өөрөө “Нүдэндээ санаа зовоод байвал барилдаандаа төвлөрч чадахгүй шүү дээ. Тиймээс тэмцээндээ нэгэнт орж л байгаа бол ёкозүна хүний хувьд түрүүлэхийн төлөө барилдана гэсэн үг” гэжээ.

Гурван аваргаас гадна олны анхааралд байнга байгаа бас нэгэн бөх бол сэкивакэ Ичиножёо. Аарцагны ясны гажуудал гэж оношлогдон Осака хотыг зорьсон Ичиножёо хоёр хоног эмчлүүлээд Фүкүокад буцан ирлээ. Онгоцны буудал дээр хүлээн зогсож байсан сэтгүүлчдэд “Эмчилгээ сайн болсон. Хөлний өвчин арилж, хөдөлгөөн сайжирсан” гэж мэдэгдсэн. Түүнийг Осака явсан хойгуур макүүчи зиндааны бусад бөхчүүд сэтгүүлчдээс Ичиножёогийн биеийн байдал ямар байна, барилдахгүй юм биш биз хэмээн асууж сураглаж байсан гэнэ.

Аварга арсланг ч айлгадаг болсон залуу бөх тэмцээний эхний өдөр ёкозүна Харүмафүжитэй оноолт таарсан. Өнгөрсөн тэмцээнд Какүрюүг давж, Хакүход өвдөг шороодсон бол Харүмафүжитэй анх удаа барилдах гэж байна. Бэлтгэл ч хамт хийж байгаагүй, тойргийн барилдаанд ч учирч байгаагүй аваргатай хэрхэн барилдахыг нь сэтгүүлчид сонирхоход “Илүү дутуу юм бодолгүй, урагш довтлох” хэмээн эргэлзэх зүйлгүй хариулсан байна. 

Хакүхо эхний өдөр комүсүби Икиойтой, хоёр дахь өдөр Аминишикитэй барилдах бол Какүрюү Такэказэ, Точиоозан нартай учраа тааржээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.