Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Арвангурав дахь өдөр

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө эрт халуун хэмжсэнгүй. Өглөөний цайны дараа эмч орж ирэв. Бидний халуун хэв хэвийн гарлаа. Гэхдээ өчигдөр толгой руу буудаж халуун хэмжихэд 37 гарсан.

Анх удаа минийх 37 гарсан тул сандрав. Халууны шилээ гаргаж ирээд сугандаа хийж хэмжихэд 36.4 байх юм. Заримдаа энэ алсаас бууддаг халууны хэмжилт савлаад байна уу үгүй юу? Өглөө босоод Солонгос улсад монгол хүн халдвар авсан байж болзошгүй тухай таагүй мэдээ авч сэтгэл түгшив. Бүгд 11 цагийн ээлжит мэдээгээ хүлээгээд шомбойгоод суусан. Ашгүй эерэг мэдээ гарлаа. Гадаадаас ирэх монголчуудаа бөөнөөр ч авч ирэх нь ээ.

Чатаар холбогдож байсан хүмүүс, гадаадад гацсан байсан найзууд эдгээр нислэгээр ирэхээр шийдэн, юу бэлдэх ёстой вэ, яах уу гээд асуугаад хувийн бэлтгэлээ базаан нутагтаа ирэхээр болж байх шиг байна. Манай ээлжийг ахалж буй эмчид зэмлүүлсэн шалтгаанаа энд бичих ёстой. Тоглоом наргиа, хошин шогийн мэдрэмж хүн болгонд өөр заяадаг бололтой. Хуучин нэг үгийг хэрхэн хэлснээр хүний амийг шийддэг байсан бол одоо нэг эможи, ккк, смайл хүртэл сошиал медиа харилцаанд чухал болжээ. Янз бүрийн мэдээлэл хаанаас аваад байгааг эмч загнаж асуусан. Ухаан нь мэдээлэгчээ нэрлэхийг шаардсан гэсэн үг. Над руу фэйсбүүкээр олон хүмүүс хандаж холбогдож байгаагийн дотор манай байрныхан, нөгөө байрныхан ч байгаа. Тэднээс авсан зарим мэдээллээ хуваалцахаар хэрэгт орсон болох гээд байна.

Намайг хамаагүй юм биччих байх гээд харантийнд цуг байгаа доод давхрын нэг бүсгүй лав түгшүүртэй чатладаг болсон байна лээ. Эргэлттэй холбоотой тоглоом болгож бичсэн өгүүлбэрт эмч нар маань ихэд гомджээ. Уг нь параграфийн ард нь ккк байсан юм. Яг тэр өгүүлбэрийн ард смайл эсвэл эможи тавих ёстой байжээ. Эмч, хамгаалалтын албаны хүмүүсийг эмзэглүүлсэнд уучлал хүсч байна аа. Тэр хоёр өгүүлбэрийг постоосоо устгав.

Тэгээд сайхан загнуулаад сонсоод зогсож байтал нөгөө эмч маань бүр хадуураад миний фэйсбүүкийн ирдаакцийн бодлого руу орж байдаг шүү.  Чи ер нь тэр ах хүүг (яг ах хүү гэж миний үгээр хэлсэн шүү) ямар их даапаалж бичдэг юм, өмдөндөө шээх шахдаг гээд тэр залууг яаж доромжилж байгаа юм гээд л. Улмаар постоо устгахыг шаардсан. Тэгээд зөрчлийн хуулиар Чингэлтэй дүүргийн шүүхэд өгнө гэж мэдэгдэв. Постоо би устгахгүй л дээ. Энэ бол миний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Хэн ч үүнд халдах эрхгүй байх аа. Хошин шогийн мэдрэмжгүй хүмүүс энэ дэлхийн хамгийн уйтгартай хүмүүс. Эмчид загнуулж өрөөний гурваа л энэ орой жаахан айлгаж, сэтгэлийг тавгүй болгож орхисон. Тэр гурваасаа бас хүлцэл өчиж байна аа. Шинжилгээний хариугаа хүлээгээд айдас, түгшүүртэй байхад нэмж ингэж хүн амьтанд загнуулаад байхаар сэтгэл зүй дороо миараад явдаг юм байна.

Гэхдээ эмч нар бухимдсаныг ойлгож байгаа. Учир нь тоглоом наргиа ойлгохгүй хүмүүс постын агуулгыг шууд хүлээн авах, нөгөө eguur гэдэг сайт шиг дутуу, буруу мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх эрсдэл бий бий. Нөгөө талаас эрүүл шүүмжлэл, жон жон заавал байх ёстой. Би эмчид постноос болж загнуулахдаа огт гомдоогүй ч нэг хэлсэн үгэнд нь гомдохоор барах уу бүр уур хүрэв. “Гадаад, дотоод явж тэнэдэг та нар шиг юмнуудаас болж бид энд ингэж зовж байна” ухааны юм хэлдэг юм даа. Тангараг өргөсөн эмчийн амнаас гарамгүй балиар үг. Москвад ази царайнаасаа болж ялгаварлан гадуурхагдаж байсан бол эх орондоо эмчээр бас дискриминаци хийлгэж үзлээ. Муухай байсан. Би ч бас татвар төлж, энэ эмчийн цалинг төлөхийн тулд өдөр, шөнөгүй ажилладаг л даа. Албан ажлаар гэрээсээ гараад 2 сар гаран болж байгаа би тэр үед энэ вирус ингэж тархана гэж яаж мэдэх билээ.

Ер нь нэг иймэрхүү хандлага манайхны дунд элбэг юм. Ялархаж ажлаа хийдэг, хохирогчийн сэтгэлгээгээр асуудалд ханддаг, өвчтөн, үйлчлүүлэгчээ дээрэлхдэг, доромжилдог, айлгадаг. Тээр жил Японд оюутан болж очоод жилд нэг хийлгэдэг эрүүл мэндийн цогц шинжилгээ хийлгэж байхад судаснаас цусны дээж авсан юм. Зүү хатгахын өмнө япон сувилагч маань таныг өвтгөх гэж байгаад уучлаарай, энэ бол миний ажил юм, та жаахан тэсээрэй гээд өчнөөн удаа уучлал гуйж бөхөлзөж байгаад зүүгээ хатгасан сан. Тэр сайхан харилцаанаас нь болоод үнэндээ зүүний өвдөлтийг би бараг мэдрээгүй. Дараа нь агт араагаа авахуулах гээд шүдний эмч дээр очиход араа авахаасаа өмнө надад Том, жерри үзүүлээд хагас цаг суулгадаг юм даа. Айдсыг холдуулж, тайвшруулж байгаа нь тэр. Хүн хүндээ ингэж гоё ханддаг болчих юмсааан хэдүүлээ.

Чингэлтэйн шүүхэд дуудагдахдаа бэлдээд жаал хууль харж, НҮБ, хүний эрхийн байгуулллагын төлөөллөөс албан бусаар зөвлөгөө авч байна. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль, гамшгаас хамгаалах хуулийг зөрчсөн эсэх, тэр дунд бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, худал мэдээ тараах гээд судалж байхад төр эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрх (Non-derogable rights) гэж байдаг юм байна. Жишээ нь, хөл хорионд, тэр бүү хэл шоронд байгаа хүн ч цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах бүрэн эрхтэй ажээ. Тухайлбал, анх бидний автобусаар амралт руу зөөж байхад тэр залууг түр буулгаж бие засуулаагүй нь хүний эрхийн зөрчилд тооцогдохоор юм билээ. Түүнчлэн нимгэн хувцастай хүмүүсийг халаалт нь ажилладаггүй хүйтэн автобусаар авч ирсэн нь хүнлэг бус харьцах гэдэг ангилалд шууд орох юм байна. Мөөгөнцөртэй, агааржуулагчгүй өрөөний пост хэдийнэ НҮБ, Хүний эрхийн Үндэсний Комиссийн хүмүүст хүрсэн байна лээ. Тээр жил төрийн нэг тендерт нь чадлаараа шалгараад ажил хийсний дараа эрүүгийн цагдаад дуудагдаж, гөө мөн их байцаагдаж доромжлуулсан даа. Одоо ч дуусаагүй байгаа. Араас нь АТГ, Татварын бүтэн шалгалт компани руу оруулж, жил тойрон манай залуусыг янагласан. Цагдаа, сэргийлэхэд дуудагдаж үзээгүй биш, сайхан шүүхдвэл шүүхдэлцэнэ дээ.

Өдөр манай өрөөнийхөн бүгд нам унтав. Тэр хооронд нь нөүтбүүк дээрээ нам сууж, Японд KDDI корпорацид ажиллаж буй Төгөлдөрийн ярилцлагыг шивж дуусгаж сайтуудад өгөв. Өнөөдөр өрөөнд цэвэрлэгээ хийсэнгүй ээ. Хогийн савнууд дахиад л халиад эхэлсэн. Заавал загнуулж байж, эсвэл дарга цэргээр нь хэлүүлж байж ажлаа хийдэг муу зантай юм аа даа манайхан. Consistency, стандарт гэдэг юм үнэхээр алга. Заримдаа боов шоов, ундаа ус эргэлтээр ороод ирнэ. Заримдаа оруулахгүй гээд буцаах юм. Постон дээр гарч байгаа хамгаалалт, харуулын тухайн өдөр, тухайн үеийн хувь хүний үзэмж, зан авираас болоод байгаа нь илт. Стандарт, нэгдсэн удирдамж гэж юмнууд уг нь баймаар л юм. Байшингаас үсрэх гэж байсан бололтой нэг залууг загнасаар байгаад болиулсан нэг бичлэг нүүр номоор яваад байсан шиг хаха. Өдөр тагтан дээр ном уншингаа наранд дулаацан хэсэг суулаа. Цас хайлаад л дээврийн ус бороо шиг л гоожиж байна. Ямар гоё өдөр байсан гэж санана.

Орой Mission Impossible – Fallout үзэж байтал ах хүү ТВ-ийн өмнө гүйгээд ирлээ шүү. Тэгснээ Том Круз бид хоёр чинь чацуу юм байгаа шүү дээ гээд гайхуулж байна. Өө тийм үү юун гоё юм гээд хэлчихээр ах хүүг “доош” нь хийчих гээд, арай ч үгүй байлгүй дээ гээд дуу алдахаар хайртай жүжигчин Томийгоо дарчих гээд хүнд байдалд оров. Тэрийг мэдэрсэн үү яасан ах хүү жаахан харж байгаад ТВ-нээс холдоно билээ ккк.

Орой эмч (загнадаг эмч биш шүү) орж ирээд биднийг нөгөөдөр гаргана гэж хэлэв. Өдөр болгон шахуу адал явдал, сенсаацтай байсаар нэг л мэдэхэд 13 хоноод гарах болжээ. Миний хувьд өдөр хоног хурдан өнгөрч байна үнэхээр. Биднийг гаргана гэхийг бодоход шинжилгээний хариу ямартаа ч сөрөг буюу эрүүл гэж гарсан байх ёстой доо. Харинтийнаас гарна гэдэг сургаар манай хэд дүүхэлзээд л эхнээсээ чемодан саваа цэгцэлж эхэлж байна. Ахын чумдааны жоор дууссан бололтой. Тээр жил нэг уут хушга өгснөөс хойш мань хэдэд юм долоолгохоо байсааан ккк.

Ингээд хорвоогийн нэг бор өдөр өнгөрч байна. Энэ нэг жон жон хийдэг юм хурдан яваасай гэж цөөн биш хүн энд бодож байгаа байх аа. Маргааш биднийг ямар адал явдал хүлээж байгаа бол доо. Амьдрал сайхан шүү!

Үргэлжлэл бий...

Ванчигийн Ганзориг

Холбоотой нийтлэл: 

1. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Эхний өдөр 

2. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Хоёр дахь өдөр 

3. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Гурав болон дөрөв дэх өдөр 

4. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Тав дахь өдөр

5. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Зургаа дахь өдөр

6. Каринтинд өнгөрүүлж буй 14 хоног - Долоо дахь өдөр 

7. Каринтинд өнгөрүүлж буй 14 хоног - Найм дахь өдөр 

8. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Ес дэх өдөр 

9. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – 10, 11 дэх өдөр 

10. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Арванхоёр дахь өдөр

11. Карантинд өнгөрүүлсэн (Өнгөрүүлж буй) 14 хоног – Арвандөрөв дэх өдөр

12. Карантинд өнгөрүүлсэн (Өнгөрүүлж буй) 14 хоног – Сүүлийн өдөр буюу 15 дахь өдрийн өглөө

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.