1940 онд Улсын төв театрын барилга барих тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч байжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 25-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын минь бэлэг тэмдэг болсон ЦӨӨХӨН барилгуудын нэг Дуурь, бүжгийн эрдмийн театр, урлагийн алтан өргөө. Түүх сөхвөл Европт дэлхийн дайн эхлээд байсан 1940 онд Улсын төв театрын барилга барих тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарчээ.

1941 онд нацист Герман ЗХУ-д халдан довтолсон учир барилга барих ажил хойшлогдсон байна. 1945 онд Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 31/27 тоот тогтоол батлагдсанаар Сүхбаатарын талбайн зүүн хэсэгт барилгын ажлыг эхлүүхээр төлөвлөжээ.

Төв театрын барилгын зураг төслийг тухайн үед ЗХУ-д ажиллаж амьдарч байсан архитектор Герхард Козель (Gerhard Kosel 1909-2003) бүтээжээ. Барилгын ажлыг 1946-1949 оны хооронд гүйцэтгэж 1949 оны 11 сард ашиглалтанд оруулжээ.

Архитектор Герхад Козель тухайн үед Пруссын мэдэлд байсан Шрайберхау хотноо 1909 онд мэндэлжээ. 1927-1931 онд Берлин, Мюнхэн зэрэг хотуудад суралцаж архитекторын боловсрол эзэмшсэн байна. Эв хамт үзлийг талархагч Герхард Козель 1932 оны зун Зөвлөлтийн Магнитогорск-Новокузнецк-ын бүтээн байгуулалтанд оролцохоор хүрэлцэн иржээ.

1934 оноос Москва хотын бүтээн байгуулалтын «Горстройпроект» трестэд ажиллаж эхэлсэн бөгөөд тэнд ажиллаж байхдаа БНМАУ-ын Төв театрын барилгын зураг төсөл зохиох даалгавар хүлээн авч гүйцэтгэсэн байна.

Герхад Козель 1954 оноос өөрийн эх орон БНАГУ-д амьдарч эхэлсэн бөгөөд Германы барилгачдын Академийн ерөнхийлөгч, Москва дахь ЭЗХТЗ-д төлөөлөгч, БНАГУ-ын барилгын яамны орлогч сайд, НҮБ-д дахь БНАГУ-ын төлөөлөгч зэрэг үрэгт ажил хашиж байжээ. Архитектор Герхард Козель 2003 оны 9 сарын 21-ний өдөр өөд болжээ.

Театрын барилга төлөвлөлтөөр дэлхийн уран барилгын эгнээнд зүй ёсоор багтах энэ барилгын гадна дотно засал чимэглэлийн ажлыг 1950 оноос архитектор Б.Чимэдээр ахлуулсан монголын уран гарт урчууд Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Манибадар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол ахмад, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, А.Даваацэрэн, уран барималч А.Доржготов нар урлан бүтээжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.