Б.Дөлгөөн: ЭМД-аараа нэг иргэн жилд 3 шүд эмчлүүлэх эрхтэй болсон

Twitter Print
2021 оны 03-р сар 19-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв гэж эмнэлгийг тэр бүр хүмүүс мэддэггүй ч 70 гаруй эмч, ажилчидтай, хүн амын шүд, эрүү нүүрний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм. Энэ байгууллагын захирлаар томилогдоод хагас жил өнгөрч байгаа АУ-ны доктор Б.Дөлгөөнтэй цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Б.Дөлгөөний хувьд 2007 онд Куба улсын Гавана хотын АУИС-д шүдний их эмчээр, 2013 онд АНУ-ын ЗГ-ын Фулбрайт тэтгэлэгээр “Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын магистр”, 2018 онд Японы ЗГ-ын Монбушо тэтгэлгээр Токиогийн АУИС-д АУ-ны Докторын зэрэг хамгаалсан бөгөөд Японд 3-4 судалгааны ажил хэвлүүлж олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд /Journal of Neuroinflammation, импакт фактор 5, Molecular pain импакт фактор г.м./ хэвлүүлж  байжээ. Жил хагасын өмнөхөн эх орондоо ирж, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа залуу боловсон хүчин юм.

-Сайхан хаваржиж байна уу. Таны танилцуулгаас харахад анагаах ухааны хөгжил өндөртэй гадаад улсуудад нарийн мэргэшил эзэмшжээ. Монголдоо ажиллах ямар байна?

Сайн байна уу, би эрүү нүүрний мэс заслын эмч. Эрүүл мэндийн салбар хөгжсөн олон улсаар явж их юм үзэж харлаа. Үндсэндээ сүүлийн арван хэдэн жил гадаадад амьдарч, суралцсан. Манайх гурван үе залгамжилсан эмч айл. Өвөө маань хамгийн анхны шүдний эмч нарын нэг Батсүх гэж хүн байсан, харин аав маань гавьяат зүрх судасны эмч Батболд. Сүүлд Японд байхад тэндээ үлдэж ажиллах санал хэд хэд ирсэн ч татгалзсан л даа, насаараа гадаадад амьдарч ажиллана гэхээр сэтгэлд хүрээгүй. Монгол улс маань маш хурдан хөгжиж байна, би өөрийн эрхгүй татагдсан. Монголдоо гэвэл АШУҮИС-ийн Биоанагаахын сургууль, нүүр ам судлалын сургуульд  эмч багш, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад сүүлд Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвдөө эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болоод, одоо энэ байгууллагынхаа захиралаар ажиллаж байна. Ийм л товчхон түүхтэй хүн.

-Шүдний өвчлөл хүндрэл манай улсад хэр байгаа вэ? Нэг үеэ бодвол гайгүй болсон гэж бодоод байгаа шүү.

Хүний шүд нэг хорхойтсон бол дахиж эдгэдэггүй, улам л хүндэрдэг онцлогтой өвчин. Шүд ломбодох бол үндсэндээ цоорлыг зогсоож, буцаагаад бүтэн хэлбэрт нь оруулах л эмчилгээ юм шүү дээ. Хүний биед байдаг нянгуудаас хамгийн хор уршигтай, хамгийн аюултай нь амны хөндийд байдаг юм. Нянг амны хөндийд өсөж үржихээс нь өмнө нь эмчилж, устгаж чадахгүй бол цаашаа чухал эрхтнүүд рүү дамждаг. Буйлны үрэвсэл гэхэд л чихрийн шижин, зүрх, судасны өвчин, чих хамар хоолой, амьс­галын замын өвчнүүд, ходоод, зөнөх өвчин, жирэмсний хүндрэл, бэлгийн сулрал, тархины идээт үрэвсэл гээд 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог. Шүдний цоорлын хүндрэлээс эрүү, нүүр орчмын идээт үрэвсэл буюу буглаа, нэвчээс үүсдэг. Монголд жилд 5000-6000 хүн шүдний хүндрэлээс болж унтуулгатай хагалгаанд орж, 5-6 хүн нас бардаг гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Эх нялхас дээр гэхэд жилд 1000 орчим хүүхэд шүднээс болж яаралтай хагалгаанд орж зүсүүлдэг. Түрүү жил цэрэг татлага дээр гэхэд л эрүүл шүдтэй нэг ч залуу байгаагүй. Манай улсад хорт хавдраас дутахгүй аюултай, гамшигийн хэмжээнд хүрсэн өвчлөл юм.

-Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв гэж ер нь ямар байгууллага юм бэ? Хүмүүс тэр бүр мэддэггүй.

Шүдний төв нь 1986 онд байгуулагдсан хамгийн ууган шүдний эмнэлэг юм. Ерөөсөө л шүд, эрүү нүүрээр дагнасан, эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг улсын ганц эмнэлэг шүү дээ. Нийт 72 ажилчидтай, үүнээс 21 эмч, 20 сувилагчтай, шүдний эмчилгээ, эрүү нүүрний мэс засал, согог, гажиг гэсэн дөрвөн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Анх ажилд орчихоод “Шүдний төв” гэхэд найзууд сайн мэддэггүй. Үйлчлүүлдэггүй болохоор тэр. Ер нь цөөхөн хүн мэддэг юм билээ, уг нь аль болох олон хүнд үйлчлэх, олон нийтэд байгууллагынхаа талаар таниулж мэдүүлмээр байдаг юм. Цаашдаа ч шүдний төвийн үйл ажиллагааг улам сайжруулж, хүртээмжийг нэмэх зорилготой ажиллаж байна.

-Хүртээмж сайжруулна гэхээр яана гэсэн үг вэ? Угаасаа ачааллаа дийлдэггүй байгууллага биш билүү?

ЭМД-аар үйлчилдэг учир манайд маш олон хүн ханддаг. Үндсэндээ ачааллаа дийлэхгүй, хандаж буй нийт иргэдийн зөвхөн 3-5 хувьд нь л тусламж үзүүлж байна. Гэхдээ үүнийг ядаж 10–20 хувьд хүргэх боломжтой, жаахан л зохион байгуулалтын асуудал юм. Өмнө нь шүдний төвөөр үйлчлүүлэхийн тулд шөнийн 03.00-04.00 цагаас эхлэн оочирлодог байсныг шийдэж, 2020 оноос цаг олголтыг цахимжуулсан. Хэдий цахимжсан ч олон нийтийн гомдол үргэлжилсээр байна. Судлаад үзэхэд, өдөр бүр манай цахим хуудсанд 3000-4000 хүн цаг авах гэж ханддаг ч зөвхөн 90-150 нь цаг авч чаддаг юм байна. Сайн ажиглаад байхад аргаа олчихсон, хэсэг бүлэг хүмүүст давуу тал үүсгэсэн байна лээ. Зарим үйлчлүүлэгчээс мөнгө аваад цаг авч өгдөг үйлчилгээ ч байгааг олж илрүүлсэн. Мөн танил талтай бол огт цаг авалгүйгээр, ямар ч хяналтгүйгээр  манай төвөөр ирж үйлчлүүлэх боломжтойг анзаарсан. Эдгээр асуудлыг судлаж, нэг нэгээр нь шийдэхийн төлөө ажиллаж байна. Хэрэгжүүлсэн гэвэл, цахим орчинд цаг авах чадваргүй ахмадуудад цаг авахад нь давуу эрх олгож, Бямба гараг бүр “Ахмадын өдөр” зохион байгуулж, бүртгэлийн дугаарын дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо. Ахмадууд маань маш их баярлаж байна лээ.  Харин хүүхэд багачуудад зориулж, 12-оос доош насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх маш чухал учир, тэдэнд мөн давуу эрх олгохоор төлөвлөж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж бэлтгэгдсэн хоёр эмч ажиллуулж, тусламж үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй болгохоор журам гаргаж хэрэгжүүлсэн. Ер нь манай цаг авалтын системийг бүхлээр нь шинэчилж, өмнөх алдаа дутагдлыг засч, илүү боловсронгуй ERP програм нэвтрүүлэх гэж байна. Хэдий ачааллаа дийлэхгүй байгаа ч, ядаж л ямар нэг танил тал харгалзахгүй бүгдэд тэгш хандаж, арай олон хүнд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг байх нь бидний зорилго юм. Сонирхолтой нь зарим нэг хүмүүс ойлгохгүй, бүр улаан цайн эсэргүүцээд байгаа. Уул нь байгууллагын бүх л үйл ажиллагаа ил тод болж, үйлчилгээний чанар сайжирч, гомдол ч багасах учиртай юм.

-Мэдээж хэл ам гарна л биздээ? Хүмүүс өөрчлөлтөнд дургүй.

Анх жаахан эмээж байсан ч манай хамт олон ер нь нийтээрээ байгууллагын хөгжил дэвших ажлыг ойлгож, дэмжиж байгаа. Би ажлаа аваад хэдхэн сар л болж байна шүү дээ. Санаа зөрөлдөж буй хэдэн хүмүүс бий, гэхдээ ойлголцож болох байхаа. Монголчууд ер нь цагаа тулахад байгууллагын хөгжлийг хувь хүний эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг гэж боддог. Сая нэг том бодлогын чанартай өөрчлөлт хийлээ. Товчхондоо ЭМД хуулиар манайд иргэд сард хоёр /жилд 24/ удаа үйлчлүүлэх эрхтэй байсан юм. Үүнийг бид өөрчлүүлж чадлаа. Одоо нэг иргэн жилд 3 шүд эмчлүүлэх эрхтэй болгож байгаа юм. Өмнөхөөсөө илүү олон хүмүүс ЭМД-аар үйлчлүүлэх боломжтой боллоо гэсэн үг. Цөөн хэдэн хүн жилдээ 10–20 удаа ирж эмчлүүлээд байдаг, боломжгүй, ямар нэгэн танил талгүй нь хэдэн сар хүлээгээд цаг авч чаддаггүй байсныг өөрчилж байгаа гэсэн үг. Угаасаа ачааллаа дийлэхгүй байхад цөөхөн хүнд олон удаа биш, харин олон хүнд цөөн удаа удаа үйлчилгээ үзүүлсэн нь илүү хүртээмжтэй, илүү шударга юм болов уу. Энэ шийдвэр хэсэг бүлэг хүмүүсд ерөөсөө таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ, шүдний төвөөр аль болох олон хүмүүс үйлчлүүлдэг болгох нь зарчмын асуудал юм. Энэ ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байна, тиймээс ч цаашдаа энэ байгууллагаа олон нийтэд таниулж, үйл ажиллагааг нь сурталчилж, илүү нээлттэй болгоно.

-Гадаад амьдарч байгаад ирсэн хүмүүс хөрсөндөө буудаггүй гэж шүүмжлүүлдэг?

Яг амьдрал дээр шүүмжлүүлэх энүүхэнд, бүр гадуурхагддаг шүү дээ. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрөөд, яг дундаа ороод, хамт олонтойгоо ойлголцоод ирэхээр дажгүй ээ, нүүр нүүрээ харж байгаад сайн ярилцах л хэрэгтэй гэж боддог. Ер нь бол анх ирээд Монголынхоо нөхцөлийг ойлгохгүй зарим зүйл гарсаан гарсан, нуугаад яахав. Гэхдээ одоо бүх асуудал хаанаа байгаа вэ гэдгийг бүр нарийн өнцгөөр харж эхэлж байна. Манай шүдний төвийн боловсон хүчин харьцангуй сайн. Намайг ирсэнээс хойш Токиогийн Их Сургуульд АУ-Доктор хамгаалсан, итгэл үнэмшил дүүрэн, дэлхийн хэмжээний мэргэжил боловролтой гурван ч залуу манайд орж, ажлаа эхлүүлж байх жишээтэй. Бид хамтдаа 2021 онд ISO 9001 олон улсын чанарын стандартыг нэврүүлэхээр зорьж, ажиллаж байна. Эмнэлгийн мэнэжмэнт гэдэг тусдаа бие даасан шинжлэх ухаан болсон тул, төрийн эмнэлэг ч гэсэн, чанараа сайжруулж, цаг үетэйгээ хамт алхахаас өөр замгүй. Шүдний төв нь зөвхөн шүд авдаг, шүд ломбоддог эмнэлэг байхаас гадна судалгаа эрдэм шинжилгээ, сургалт явуулдаг, том бааз болгох зорилготой ажиллаж байна. Манай цалин ч улсын бусад эмнэлэгтэй харьцуулахад харьцангуй өндөр шүү дээ, салбарын онцлог. Өөрийн мэргэжилдээ хүсэл эрмэлзэлтэй, өндөр боловсрол эзэмшсэн бүх залууст манай үүд хаалга нээлттэй. Ер нь цаашид иргэдэд илүү нээлттэй, бүх үйл ажиллагааг шилэн, ил тод болгоно.

-Судалгааны байгууллага гэхээр шүдний бодлого тодорхойлно гэсэн үгүү?

Одоогоор бүхэл бүтэн шүд, нүүр ам судлалын бодлогыг ЭМЯ-ны нэг мэргэжилтэн олон ажлын хажуугаар хариуцаад явдаг. Монгол Улсад шүд цоорлын өвчин хүүхдүүдийн дунд 97 хувь, томчуудад 85-95 хувьтай байна. Нэг хүнд гурваас дөрвөн цоорол байна. Үүнийг зүгээр л  бүгдээрээ шүдээ муу угааж байна гэж тайлбарлаж болохгүй ш дээ. Шалтгаан нь боловсрол, орлого, нийгмийн давхарга, хоол хүнс, ус, дадал зуршил, зан үйл г.м. нийгмийн чанартай хүчин зүйлстэй холбоотой. Бид эцэс төгсгөлгүй ломбодоод ломбодоод хэзээ ч дуусахгүй. Тийм учир шүдний төв шүдийг эмчлэхээс гадна боловсрол, зан үйлд нь нөлөөлөх урьдчилан сэргийлэх, судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй. Үүний тулд АУ-ны Докторын зэрэг хамгаалсан, судалгаа шинжилгээний туршлагатай хүмүүс хэрэгтэй. Хувийн шүдний эмнэлгүүдийг арилжааны банкуудтай зүйрлэвэл, хажууд нь Шүдний төв нь Монгол банк юм, өөрөөр хэлбэл салбарын бодлого тодорхойлогч байгууллага болох ёстой юм. Учир нь бид шүдний цоорлоос ашиг олдог байгууллага биш, шүд цоорлыг бууруулах зорилготой ажлыг хийдэг байгууллага болох ёстой. Энэ асуудлыг төр анхааралдаа авч, зоригтой шийдвэр гаргахгүй бол шүдний өвчин манай улсад улам л ихсэх болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.