
Хэрвээ мартаагүй бол...
Хараал ид гэж... Угаасаа нүцгэлэх хувцас, түлэх түлээ ч үгүй улны улс болсон шүү... Төрийн цагдаа ард түмний аюулгүй байдлыг хангаж хуулийн дагуу шудрага ёсыг нийгэмд сахиулах үүрэгтэй гэж би ойлгодог. Өнөөдөр хэдэн хүн хувцсаа тайлж, хэдэн залуус хонины хотны дайтай бөөгнөрч талбай дээр цуглахад та бүхэн ийм сүрхий сүрийг үзүүлж ажлаа хийж байгаа юм байна аа харлаа, үзлээ, сүрдлээ.
Хэрвээ мартаагүй бол, цагдаа нар аа! Анандбазар гээд нүүрсний хулгайчаар зарлагдаад байгаа новш хэдэн зуун охидыг хүчирхийлж эрхэнд нь халдсан, гэрчтэй баримттай гээд байхад нь та бүхэн хаана явав аа? Тэр хүн одоо бидний дээр УИХ-н гишүүн болж залраад бурхны сургааль ярьж байна.
Хэрвээ мартаагүй бол, цагдаа нар аа? Найман сая төгрөгөөр та бидний ковидыг эмчилж байсан тэр том сүлжээ хэдэн зуун тэрбум төгрөгний дээрэм хийж ээ? Энэнээс том арми очих ёстой бус уу?
Хэрвээ мартаагүй бол, цагдаа нар аа? НӨАТ-ын сугалаа нэрээр луйвар хийж хагас тор муухан хүнснийхээ талоны азанд итгэж баясаж суудаг хэдэн зуун мянган хүний боломжийг хулгайлсан том сүлжээ илэрсэн гэсэн түүн дээр ийм их сүр үзүүллүү ?
Хэрвээ мартаагүй бол, цагдаа нар аа? Том том жипээр танхил охидыг маань дайрч эрэмдэглэдэг айхтар даргын хүүхдүүд байдаг гэнэ тэр хэрэг ийм шуурхай шийдэгдсэн бил үү?
Хэрвээ мартаагүй бол, шүүх прокурорынхаан? Дархны замын завхрал гэдэг гэмт хэргийн гороор автуус автуус дүүрэн хүмүүс хүүр шарилын хөндий болсон гэдэг талбай дээр хувцсаа тайлсан хэдэн залуусаас илүү ноцтой биш үү? Энэ жагсаалтыг хэрвээ би гар чилэхгүй бол бүтэн шөнөжин бичээд сууж чадна. Зөөврийн усан оргилуур, хулгайчаараа ил дуудалцсан их хурал, гэнэт огцордог засаг, молиго үмхүүлдэг сайд гээд...
Хэрвээ мартаагүй бол, цагдаа нар аа? Шүүх цаазынхаан... Хэрвээ мартаагүй бол та ч гэсэн энэ улсын нэг иргэн шүү. Таны үр хүүхэд энэ шударга бус нийгэмд чинь үлдэнэ шүү. Таны хамгаалж чадахгүй өдрүүд ирэхэд, та бид хэн нь ч харамсаад нэмэргүй шүү. Энэ залуус хууль журам зөрчсөн бол хариуцлагыг нь хүлээлгэ. ЯЛГААГҮЙ! Өөр хууль зөрчсөн хэнбугай нь ч тэгш хариуцлага хүлээлгэдэг нийгэмтэй, шүүх цагдаатай улс байхыг хүснэ! Монгол улсын төлөө зүтгэж байгаа таны хүүхдийн төлөө бичлээ. Хэзээ ч битгий мартаарай хүмүүс ээ гуйя!
Ч.Ганжавхлан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.