АН эсэргүү 8 гишүүнээ хөөнө гэв

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дараа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, маргааш буюу 11-р сарын 7-ны 15:00 цагт АН-ын Үндэсний зөвлөлдөх хороог (ҮЗХ) ээлжит бусаар зарлан хуралдуулах болсон тухайгаа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Харин өчигдөр хуралдсан АН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар зөвхөн ҮЗХ-г хуралдуулах асуудлыг ярилцаад өнгөрөөгүй байна. Тус хуралд оролцсон Н.Алтанхуяг АН-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан АН-аас УИХ-д сонгогдсон Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга нарын найман гишүүний АН-с хөөх шийдвэрийг ҮЗХ-оор гаргуулна гэдгээ мэдэгдсэн байна.

 

Мөн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй С.Эрдэнэ, Д.Одонтуяа, Н.Батчимэг, Д.Ганхуяг нарын АН-ын долоон гишүүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, цаашид улс төрийн өндөр албан тушаалд томилуулахгүй байлгах хариуцлага тооцно гэдгээ Н.Алтанхуяг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ мэдэгдсэн байна.

Ямартай ч маргааш хуралдах АН-ын ҮЗХ ны хуралдаар Н.Алтанхуягийг намын даргаасаа солих эсэх сонгууль явагдана. Үүнээс үүдэн АН-ын нэр бүхий 15 гишүүн хариуцлага хүлээх эсэх нь тодорхой болно.

Ер нь тус нам хоёр жилд нэг удаа дотоод сонгууль хийж, ҮЗХ-гоо шинэчилдэг байсан. Харин 2011 оноос эхлэн намын дүрэмд байсан дотоод сонгуультай холбоотой заалтыг авч хаяснаар өдийг хүртэл ротаци хийгээгүй. Үүнээс болж ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон 228 хүн ямар ч хөдөлгөөнгүй гурван жил болж байгаа юм. Уг нь дотоод сонгуулиар ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь шинэчлэгдэж, цус сэлбэгдэх ёстой ч ийнхүү өдийг хүрсэн нь маргаан дагуулаад байсан юм. 

Маргааш болох энэ удаагийн ҮЗХ-гийн хурал халуухан болно гэж ажиглагчид үзэж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн 1-р сард болсон АН-ын ҮЗХ-ны хурал аймаг бүрийн төлөөлөл оролцсон 228 гишүүн оролцож байсан.

ҮЗХ нь 228 гишүүнтэй бөгөөд энэ удаа халуухан яриа өрнүүлж, улс орны хэмжээний асуудал, дарга цэргийн асуудал болоод олон гишүүний намдаа байх уу, үгүй юу гэсэн асуудал яригдах тул ирц өндөртэй болох магадлалтай. Мөн маргааш болох АН-ын ҮЗХ-ны хурлын үеэр 2005 онд болсон хурлын үеэр гарсан үймээн шиг зүйл гарах магадлал өндөр гэж бас үзэж байна. Ийнхүү маргааш болох АН-ын ҮЗХ-ны хурал олны анхаарлын төвд байна.

М.Золбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.