
АНУ-ын Лос Анжелес хотын Wise Elementary School-д сурдаг 6 настай Дилан Сигел хэмээх жаалхүү 7 настай элэгний ховор өвчнөөр шаналж буй хамгийн сайн найз Jonah Pournazarian-даа туслах зорилгоор ном бичиж, зураг чимэглэл хийж, түүнийгээ хэвлүүлэн зарсанаар 92,000 доллар цуглуулж чаджээ. Зохиогч 6 настай тул номонд уран гоё үг хэллэг байхгүй, гэхдээ "Choсolate Bar" буюу "Жижигхээн Шоколад" нэртэй уг ном хүүгийн өөрийн сэтгэж зурсан үйл явдлын зурагтай, “гоё, гайхалтай” гэсэн утга бүхий агууламжтай.
6 настай Дилан, 7 настай Жонах хоёр өнгөрсөн ням гарагт гэхэд л бас нэг компанит ажил өрнүүлж, “Жижигхээн шоколад” номныхоо хэсгээс уншиж, гарын үсэг зурж тараасан байна. Номын орлого Флоридагийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багт шилжиж байгаа ба тэнд Жонах хүүгийн өвчнийг анагаах эмийг нээж олох судалгаа хийгдэж байгаа юм.
6 настай Дилан Сигел арилжаа наймаа хийн баяжиж, эсвэл дампуурч тоглодог Монополи буюу Саятан тоглоомоор тоглох тун дуртай. Хэнийг л бол хэнийг ч хожино. Сэтгэн бодох чадвар сайтай, тооцоолон бодохдоо гаргууд гэнэ. Гэр бүлийнхэн нь түүнийг том болоод маш мундаг бизнесмэн болно. Бид бүгдээрээ чиний компанид ажиллана шүү гэж тоглоцгоодог гэнэ. Хэдэн сарын өмнө Дилан элэгний ховор өвчинд шаналж байгаа найздаа зориулж ном бичиж, мөнгө олно гэж ярьсаныг нь гэр бүлийнхэн нь дэмжжээ.
Нэг орой хүү ширээн дээрээ таг суугаад 16 хуудас бүхий "Жижигхээн шоколад" нэртэй номоо зурж дуусгасан байна. Дуусгамагцаа аав ээжийгээ хэвлүүлж өгөөч хэмээн шавдуулжээ.
Хүүгийн сайхан сэтгэл, сайхан санааг дэмжиж хамгийн нэр алдартай зохиолчдын номыг борлуулдаг, дэлхийд алдартай Barnes & Noble сүлжээ номын дэлгүүр мундаг зохиолчдын адил хүүг дэлгүүртээ урин уншигчидтай танилцуулж, хүмүүст өөрийнхөө бичсэн номон дээр гарын үсэг зурж өгөх бололцоо олгож, энэ мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз радиогоор нэвтэрснээр хэдхэн хоногийн дотор уг ном маш олон хувиар борлогджээ.
Дэлхийн олон оронд хүүг дэмжиж байгаагаа илэрхийлж онлайнаар номыг нь худалдан авсан аж.
Ийнхүү ном маш хурдан хугацаанд зарагдаж, олсон орлого нь 92,000 долларт хүрчээ. Ингээд хүүгийн сэтгэл ханасангүй, "нэг сая доллар болтол нь номоо борлуулна. Тэгэхгүй бол миний найзын өвчин хүнд учир маш их мөнгө хэрэгтэй" гэж Дилан үзэж байгаа гэнэ.
Мөн энэ номынхоо цувралуудыг бүтээж, ганц найздаа биш төрөл бүрийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдэд туслах сан байгуулна гэсэн байна.
"Хүүгийнхээ хувиа бодоогүй ийм сайхан тусч, энэрэнгүй сэтгэл гаргаж байгаад бид юу юунаас илүү баярлаж байгаа. Ийм зан чанар өнөөгийн бидний нийгэмд маш их хэрэгтэй байна. Хүүхдүүдээс маань томчуул ч гэсэн санаа аваасай. Тэгвэл хорвоо дэлхий хичнээн өөр байх байсан бол" гэж Диланы ээж хэлсэн бол "Миний хүү сая доллар цуглуулна гэсэн. Үүнд би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл түүний зорилго агуу, гайхамшигтай юм" гэж аав Дэвид Сигел хэлжээ.
Эх сурвалж:http://www.today.com/health/boy-6-writes-book-raises-92-000-best-pals-rare

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505