“ШОНХОРДОХ”

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн жилүүдэд улс төрчдийн хийсэн тоолж барамгүй олон увайгүй үйлдлийн золиос нь зөвхөн монгол хүмүүс төдийгүй монгол хэлний эрхэм үгс байв. “Иргэний хөдөлгөөн”-шантааж, “сайн ах”–ивээгч, ёс зүй–халхавч гээд улс төрчдийн балгаар өөр утга илэрхийлдэг үг тоо ширхэгийнхээ хувьд шоронгийн жаргонийг (этгээд хэллэг) давахаар олон болсон. Ямар сайндаа л эв нэгдэл ярихаар “Н.Энхбаярыг яриад байгаа юмуу” гэх вэ дээ. Үйл үгийг бол -дэх, -дох, -дах гэсэн дагавар залгаад хувиргачихдаг. Түгжилдэх, жэнкодох, оймсдох, сайхансамбуудах гэх мэт.          

Шинэчлэлийн Засгийн газрын ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үеэр “шонхордох” гэсэн үг дээрх үгсийн санд хүч түрэн орж ирлээ. Монголчуудын эртний шүтээн, үндэсний бэлгэдэлт шувууны нэр ердөө л ичгүүргүй урвалт, арчаагүй булталтыг илэрхийлсэн үг төдий болов. Ардчилсан намын түүхэнд хараар бичигдэх явдал яг л “түгжил” гэсэн синонимтойгоо адилхан зургаан үсгээр бичигдэх болов.

Шонхорууд ч гэж ёстой л “шонхорууд” (Багад Америкийн шонхор гэхлээр өндөр махир хамартай нүдэнд хүйтэн хүмүүс төсөөлөгддөг байж билээ). Насаараа хаяа бөөрөнд нь наалдаж явсан намаа пүү пай хэмээн орхиж одсон Д.Арвин, гудамжнаас ИЗН, ИЗН-ээс шорон, шоронгоос АН-д орж ирэн “Нэг ардчилал” хэмээн хэсэг явсан атлаа эцэст нь “шонхор” болсон Ж.Батзандан, 2006 онд АН-аас гарч МҮШН-д орсон, МҮАН-аас АН-д орсон Д.Батцогт гээд л олноо алдаршсан урваачин шарваачингууд. Энэ дундаасаа арай дөнгүүр, хуйхтай байж мэдэхээр гэгддэг С.Эрдэнэ хүртэл Д.Ганхуяг, С.Одонтуяагаа дагуулан өөрийн багтдаг кабинетийнхныгаа нулимсан нь энэ фракцынханд итгэж болохгүй, их итгэвэл бөрнөөсөө хутгалуулах аюултайг харууллаа. Хөөрхий муу Д.Ганбат яахав “нөгөө хэн”-ийнхээ үгнээс зөрөх биш.

Урвах шарвах явдал хэдий гэм биш зан гэлээ ч Шонхорууд ийнхүү “шонхордох” нь өөрсдийнх нь нэр хүнд, улс төрийн карьерд муу нөлөөтэй гэдгийг ойлгож л байгаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйлээ ийнхүү золихын цаана хоёрхон шалтгаан байж болно. Нэг бол албан тушаал, эрх мэдэл. Хоёр ч сайдын суудлыг Их хурлын даргатай нь авсан тэдэнд эрх мэдэл багадаагүй байх. Тэгээд ч засаг уналаа гэхэд алтангадсынхан тэдэнд өч төчнөөн суудал найр тавьна гэж найдаагүй байлтай. Үгүй бол айдас. Их удирдагчийн шазуурт зуугдах, атг-д “нүцгэртлээ” шалгуулах, хэвлэлээр гутаагдах зэрэг “мода”-нд байгаа энэ цагт айдас хаа сайгүй л отож байгаа. Ухнаагийн Хүрэлсүхэд шууд шанаадуулах, улсын удирдагчид зануулах ч том ялгаатай л даа.

Социализмын үеийн олон зүйл мартагдаж, бас утга агуулгаа өрчилж байна. Хуучин цагт “тулаанд зөвхөн шонхорууд ниснэ” гэдэг байж билээ. Зөвлөлтийн үеийн киноны нэр л дээ. Одоо харин ийм зүйрлэл энд тэнд хэлээд онигоонд оровоо таминь, хоцрогдсоноо харуулна шүү!

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.