Богд хаант Монгол улсад 1912 онд Гадаад явдлын яамны дэргэд анхны иргэний сургуулийг нээжээ

Twitter Print
2023 оны 03-р сар 29-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Богд хаант Монгол улсад 1912 оны 3 дугаар сарын 24-нд дөрвөн аймаг, шавь таван хошуунаас зарлан ирүүлсэн 47 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр Гадаад явдлын яамны дэргэд анхны иргэний сургуулийг нээжээ.

Манжийн үед гадаад соёлт ертөнцөөс тусгаарлагдмал байсан Монгол юуны өмнө Европ иргэншлийн дэвшилтэт өв уламжлалтай танилцахын хамт иргэдийн оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл нэвтэрч, ХХ зууны уур амьсгал орж, шинэтгэл сэргэлт үзэгдэх болов. Үүний нэг жишээ нь тухайн үеийн нийгмийн оюунлаг хэсгийнхэн ард түмнийг сурган хүмүүжүүлэх, иргэний боловсролыг төрийн бодлого болгох, хүүхэд, залуусд шинжлэх ухааны мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэх тухай олон талыг хамарсан санал, санаачлагууд гарган түүнийгээ эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн явдал юм.

Тухайн үед үйл ажиллагаагаа эхлэн хэрэгжүүлж эхэлсэн томоохон ажлуудын нэг нь иргэдийг системтэйгээр сурган боловсруулахад чиглэсэн янз бүрийн сургууль, соёлын газрууд байгуулагдсан явдал байлаа. 1912 оны 3 дугаар сарын 30-нд Гадаад яаманд соёлын асуудал эрхэлсэн туслах түшмэлээр ажиллаж байсан Жамсраны Цэвээн Гадаад яаманд өргөсөн бичигтээ:

“Ван өршөөж” түмэн монголчуудын эрдэм дор нэвтрүүлэн аж байдлыг нь боловсруулан хүмүүжүүлэх зэргийн явдлыг өчүүхэн буриад Цэвээн надад дор бодомжилтугай хэмээн тушаасан билээ... Гадаадын олон хүчирхэг улсын хамаг чадал ану гагцхүү элдэв ухааны эрдэмд нэвтрэлцэн... зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ. Гадаад улсын сургуульд төрөлх хэлний ухаан, тоо бодлого, хэмжих зурах ухаан, дүрст бодисыг элдэвчлэх шинжлэх ухаан, ертөнц дэлхийн байдал... эрүүл биеийг сахиж элдэв өвчнийг сэргийлэх ёсонд суралцах ухаан буй... дээр дурьдсан нийт ухааны сургуулиас гадна... цэргийн сургууль, эмчлэх сургууль, багшийн сургууль, урлах сургууль, уурхай нээх, худалдаа нээх, тарианы аж, мал аж, сүү тосны аж гэх мэт ямагт нэгэн зүйл ухааныг эрхэлсэн сургууль маш олон болой... учир иймийн тулд хүсэх ану: Да Хүрээнд сургууль байгуулах, гадаад хэлнээс орос, хятад хэлийг сонгон үзүүлэх, дөрвөн аймагт сургууль байгуулах, сүү тос, мал аж сайжруулах сургууль байгуулах, ухаан бүрийн дэвтрүүдийг монголоор зохиолгох” /БНМАУ.ТТА. “Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг” №7. 10-12 дахь тал/ гэжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээнээс Автономит монголын Гадаад яаманд өргөсөн Төрийн сургууль байгуулах төслийн бичиг хийгээд Автономитын үеийн монголын бага, дунд сургуулийн дүрэм хэмжээг заасан баримт бичиг зэрэг нь тухайн үеийн монголын соёл боловсрол, сургалт хүмүүжлийн ажлын хөгжил дэлгэрлийг харуулах үнэтэй өв, чухал эх хэрэглэхүүн болох юм /Монгол Улсын шинжлэх ухаан, I боть, 2000, 99-10 дахь тал/

Монголчуудын дунд орчин цагийн хөгжилтэй орнуудаас сурч гэгээрэх, тэдгээр орны үлгэр загвараар улс орноо тохижуулан засах хүсэл эрмэлзэл их болж иржээ. Гадаад явдлын яамнаас 1914 онд Богд хаанд айлтгасан нэгэн нугалбарт улс орныг тохинуулан засах үйлст хүн бүр эрхгүй бичиг эрдэм сурваас зохихыг зааж, Орос, Франц, Англи зэрэг улсуудын үлгэр жишээгээр иргэний төрөл бүрийн сургууль байгуулахын чухлыг цохон тэмдэглэсэн байна.

Мөн бичигт Монгол орон бусад улсаас маш их хоцорч, “монгол бичиг ч болов сурч төсөөлсөн хүн арвын дотор нэг үгүй тул, эдүгээ хүртэл ухаан мэдэл нээгдэж чадаагүй, буурай үгээгүйгийн туйлд” хүрснийг шүүмжлэн бичжээ. 1915 онд хэвлэн нийтэлсэн “Сургуулийн танхим байгуулж бага хөвгүүдийг эрдэм сургахуй нь” хэмээх сурвалж бичигт: “Нэгэн зүйл. Нийслэл хүрээ ба олон хушуу, шавийн газар бага, дунд, дээд зэргийн сургуулийн танхим байгуулж бага сургуулиас үүсгэн зүйл бүрийн эрдэм чадлыг сургах зэрэг дэс буй. Олон хан, ван, гүнгийн хөвгүүд, дүү нараас эхлэн аливаа арван наснаас дээш арван таван наснаас дорогш ухаан сэргэлэн хөвгүүдийг цөм сургуульд оруулж тогтоосон дүрэм хэмжээг дагаж явуулмой. Олон хошуудын бага сургуулийн хөвгүүдэд тогтоосон тоогүй, уул хушууны хүн амын үлэмж цөөний байдалд тэнцүүлэн сургуулилмой. Нийслэл хүрээний бага, дунд хоёр сургуулийн хөвгүүд бүгд наян хүнээр тоо тогтооно” /Монголын автономит үеийн сургууль, 1966, 7 дахь тал/ гэжээ.

Бага сургуулийн танхимын хөвгүүд дор заан сургах зүйл ану: Нэгдүгээр: монгол үсгийн бичиг шастир, Хоёрдугаар: энгийн тоо бодох сургууль, Гуравдугаар: монгол ба бусад олон газрын байдал төлөв, Дөрөвдүгээр: аж төрөхийг сайжруулах ёс, Тавдугаар: монголын хураангуй түүх... гэжээ.

Архивын баримтаас үзэхэд тэр үед аймаг, хошуудад удаа дараалан байгуулсан бага сургуулийн тоо 60 гаруй болсон байв. Гарсан саналуудын дагуу арга хэмжээ авч сургууль олноор байгуулагдаж, сургууль нь сургалтын төлөвлөгөө, дүрэм, заах зүйлийн хөтөлбөр үзэх ном, сургах бичигтэй болж байлаа. Монгол улсад сургууль эртнээс байгуулагдаж ажиллахдаа ордны дэргэд хаадын үр хүүхэд, дүү нарыг сургадаг байсан эсвэл ажил хэрэгцээний зорилгоор өртөө замын дагуу цөөн хүнтэй байгуулагдаж байсан ба бичгийн түшмэл бэлтгэх зорилгоор тодорхой хэл, бичиг заан сургадаг байсан зэрэг хөгжлийн түүхэн үеийг туулж ирсэн билээ. Тэгвэл 1912 оны энэ сургууль нь хүүхдийг ялгаварлалгүйгээр суралцуулах нийтийг сургах сургууль болж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл Монгол улсын боловсролын түүхэнд онцлог үеийг нээж байгаа эхлэл болсон юм.

Харин ардын засгийн газраас анх 1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байдаг ба анхны сургууль 1923 оны 2 сарын 16-нд 2 бүлэг, 40-н сурагч, 4-н багштайгаар байгуулагдаж байсан түүхтэй.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ankhaa

      (94.25.175.42) 2023-05-18 00:17
      • 0
      • 0

      Энэхүү мэдээллийг бичсэн хүнтэй яаж холбогдох вэ?

      Хариулах