
Хэдхэн өдрийн өмнө Евроньюс сувагт өгсөн ярилцлагадаа эмнэлэгт амны хаалт, нэг удаагийн бээлий зэрэг халдвар хамгааллын хэрэгслүүд хомсдсоноос болж, эмч эмнэлгийн ажилчид коронавирусын халдвар авч байна хэмээн сэтгэл зовнин ярьсан Италийн эмч коронавирусын халдварын улмаас нас баржээ.
57 настай Марчелло Натали эмч Ломбарди мужийн Кодоньо хотод ажиллаж байсан ба тэрээр Евроньюс сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр олон тооны эмч эмнэлгийн ажилчид хамгаалах хэрэглэлгүйгээр халдвартай өвчтнүүдтэй ажилласныхаа улмаас коронавирусын халдвар авч буй талаар ярьсан аж. Марчелло Натали эмчийн ярьснаар эмнэлэгт нь нэг удаагийн бээлий дууссан учраас тэрээр өвчтнүүдтэй бээлийгүй ажиллахад хүрчээ.
Тэрээр, "Бид ийм нөхцөл байдалтай тулахад бэлэн биш байсан. Ялангуяа бидний үеийнхэн ямар нэг өвчнийг эдгээхэд эм уухаад л хангалттай гэж бодож өссөн." хэмээн ярьж байжээ. Марчелло Натали эмч коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ба уушгины хатгалгаа болж хүндэрсэн түүнийг Милан дахь эмнэлэгт шилжүүлсэн ч тэрээр өвчнөө даалгүй нас баржээ. Италийн эмч нарын холбооны орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Паоло Педрини тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг дайнтай зүйрлэсэн ба түүний хэлж байгаагаар Бергамо мужид л гэхэд 600 эмч эмнэлгийн ажилчдаас 100 нь коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ.
Мөн тэрээр эмнэлгүүдэд халдвар хамгааллын хэрэгслүүд хомс хэвээр байгааг дурдсан байна. Тэрээр, "2-р сарын сүүлээс нөхцөл байдал арай дээрдсэн. Бидэнд цөөн тооны амны хаалт, бээлий, оношлуур ирсэн. Гэхдээ л хагас өдөр хэрэглээд хаях ёстой амны хаалтыг энд долоо хоног шахуу зүүж байна." гэжээ.
Эх сурвалж: Euronews
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
aza
(202.9.46.233) 2020-03-21 16:50эмч мэргэжилтэн байхгүй бол тэгээд бүгд үхэхүү аймар юм бэ
Хариулах