Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн зурхай

Twitter Print
2020 оны 03-р сар 05-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх жил

2020 оны төмөр хулгана жилийн төлөвийг жилийн эзэн, хаан, түшмэд гараг: цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурхайн зурлагуудаар шинждэг. Гарч буй цагаан хулгана жил нь: нялхаст (түмэн олон) сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу ажээ. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн.

Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ.

Жилийн эхэн, улирлуудын эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. 6, 7 сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, хүнсний ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд саруудад халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай (эрүүл мэндэд илүүтэй анхаар). Малд сайн, хүнд муу байх нигууртай юм.

Монголчууд бид уламжлалт цагаан сарын шинийн 1-нд мөр зүгээ гаргадаг. Махбодийн зурхайн чухал нэгэн зурлага болой. Энэ нь шинэ ондоо зүг мөрөө гаргаснаараа жилийнхээ барцад саадыг арилгаж, тухайн жилдээ эрүүл энх аз жаргалтай, гадна дотны хэл үг атаа жөтөө үгүй, улс орон, айл гэр амар төвшин эв эетэй, бодсон санасан зөв ажил үйлс нь бүтэмжтэй, буян хишиг нь хурсан, амжилт бүтээл арвинтай байхыг бэлэгддэг чухал зан үйлийн нэгэн ёсон буй за. Тэр ч үүднээс эрхэмлэн үзэж хүн бүр зүг мөрөө гаргавал зохилтой. Ялангуяа одоо цагт 3 настай балчираас эхлээд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байна.

Харин хуучин цагт бол өрхийн тэргүүн идэвхтэй оролцдог байлаа, тэр ч үүднээс омгийн ахлагч, өрхийн тэргүүн шинийн 1-нд зүг мөрөө гаргаснаар цээрээ арилгаж заслаа хийлээ гэж үздэг цаг үе байсан. Анхаарах бас нэг зүйл бий. Тэр нь хот суурин иргэншилтэй болсонтой холбоотой зүг мөрөө яаж гаргах бэ гэсэн асуулт байдаг. Орон сууц, байшин барилгын ихтэй болсон, хаалга үүд нь одоо цагт дөрвөн зүг, дөрвөн зохис руу харсантай холбоотой. Зүг мөрөө гаргах гэж буй хүн маань гэрийнхээ ойролцоо байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, ахмад настны амралтын саад зэрэг чөлөөт талбайн дунд зогсож байгаад гарч байгаа төмөр хулгана жилийнхээ зүг мөрийг гаргаж байна гэж сэтгэлдээ гүнээ бясалган бодож, аливаа барцад саад амирлаж, эрүүл энх, ажил үйлс бүтэмжтэй, сэтгэлийн амар амгалан байх болтугай хэмээн дотоод сэтгэлдээ 7-оос доошгүй бодож зүг мөрөө гаргах зан үйлээ хийвээс зохилтой болой.

Их монгол улсын үеэс, магадгүй түүнээс эрт үеэс уламжлагдан ирсэн Монгол хэмээх үндэстний агуу их биет бус их соёл юм. Цагаан сарын золголтоор Монгол хэмээх их үндэстний тусгаар тогтнол, удам угсаагаа мэдэх, өндөр настнаа хүндэтгэх, тэднийхээ буянт сургаалийг сонсох, өв уламжлалаа зааж сургах, бусдыг хүндэтгэж, тэдний үлгэр дуурайлаар сурч боловсрох гэх мэт олон зүйлийг хэлж болох юм. Аав, ээж, ахмад настнаа тохой түшиж, үе тэнгийн хүмүүс гараа зөрүүлж түшин, балчир хүүхдүүдээ үнэрлэж золгодог шүү дээ. Төгс буянт шинэ зурхайн ёсны XVII жарны 34 дэх жил болох "ХОТОЛ ТӨГС" хэмээх цагаан хулгана жилийн Амь махбода-УС, бие махбода-ШОРОО, эрхтэн махбода-ТӨМӨР, хийморь махбода-МОД, сүлд махбода-ТӨМӨР, жилийн мэнгэ нь 7 УЛААН, “Хаан гараг” нь Адъяа, “Түшмэл гараг” нь Буд, “Эзэн гараг” нь Сумъяа болой.

Энэ жилийн хувьд онцгой засал номыг дараах жилтэнүүд анхаарч хийлгэх учиртай.

Хулгана жилтнүүд:

-1948, 2008 онд төрсөн хүмүүс эрүүл мэнддээ анхаарах хямрах гэмтэй. Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, бурхан шүтээнд тахил өргө.

-1936, 1996 онд төрсөн хүмүүс жаргал зовлон ээлжлэх, ад зэтгэрийн хорлолтой. Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.

-1924, 1984 онд төрсөн хүмүүс буян хишиг нь дорой болой. Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.

-1972 онд төрсөн хүмүүс сүлд хийморь дорой болой. Нити, Жинсрэг айлдуул.

-1960 онд төрсөн хүмүүс ариун бус идээний зүйлээс гэм авах насны гэмтэй. Уншуулах ном: Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн. “Жил орсон” хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гаргана. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ.

Морь жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилийн засалтай. Хулгай, дайсан, зохисгүй юм болж мэдэх тул сэрэмжил. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахиулах хэрэгтэй.

Тахиа, туулай жилтнүүд “шишид” буюу “бага харш” жилийн засалтай. Гэнэтийн осол, гадна барцад саад ихтэй. Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул.

Бич, луу жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвчих хэрэгтэй. Мөн Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

Туулай жилтнүүд “цагаан жил” буюу “логар” засалтай. Сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Уншуулах ном: Маналын чого, Сахиусаа тахь.

Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. Санаж бодсон ажил үйлсэд саад ихтэй тул Намхайнинбо, Саяннинбо, Лүмбэнгарав, Жамбалсанжид, Жанаггагдог, Дашзэвэг, Нанжид зэрэг номыг уншуулж гүрэм засал хийлгэх нь чухал юм.

Бич, тахиа жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай тул Сундуй, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Цагаан ногоон дарь эх.

ЖИЛИЙН ГҮМЭГИЙН ЗАСАЛ:

-2012 оны луу, 1940 оны луу жилтэй хүмүүс насны цөвтэй тул Цэвэгмэдийн чого, Улаан юм, Дарь эхийн чивэл гарга.

-2003 оны хонь, 1985 оны үхэр, 1967 оны хонь жилтэй хүмүүс эд хөрөнгө, мал адгууст хорлолтой. Иймээс Дашчиравын сан, Цагаан өвгөний сан, Ямбийдончир, Алтангэрлийн даллага. Балин тахил өргө.

-1994 оны нохой, 1949 оны үхэр жилтэй хүмүүс ад зэтгэрийн хорлолтой тул Арван хангал тахиулж, Сахиусны ганшиг.

-1976 оны луу, 1958 оны нохой жилтэй хүмүүс зовлон, гаслан ирэх гэмтэй тул Жамбалсанжид, Доржзодва, Цагаан шүхэрт насны тоогоор уншуулах нь зүйтэй юм.

ХАМТ ТӨРСӨН МЭНГЭ НЬ ГОЛЛОГСОД

Амин мэнгэ нь голлосон: 1924, 1935, 1942, 1953, 1960, 1971, 1978, 1989, 1996, 2007, 2014 онд төрөгсөд Жанаггагдог, Амин золиг, Манал насны тоогоор уншуул.

Биеийн мэнгэ нь голлосон: 1921, 1930, 1939, 1948, 1957, 1966, 1975, 1984, 1993, 2002, 2011, 2020 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуул.

Эрхтэн мэнгэ нь голлосон: 1928, 1931, 1946, 1949, 1964, 1967, 1982, 1985, 2000, 2003, 2018 онд төрөгсөд Жанаггагдог, Намсрайн даллага, Ямбийдончир, Заслын 8 ном уншуул.

Хийморийн мэнгэ нь голлосон: 1927, 1932, 1945, 1950, 1963, 1968, 1981, 1986, 1999, 2004, 2017 онд төрөгсөд Жанаггагдог, Заслын 8 ном, Жанцанзэмүвүнжан, Хийморийн дарцаг уншуул.

Ингээд ирж буй ам цагаан хулгана жилдээ Монгол түмэн минь амгалан жаргалантай байхыг өлзий билэгт ерөөлийг өргөе.

Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.