
ТУЛААД ИРСЭН НАСАА ТООЛООД ХЭРЭГГҮЙ, АНД МИНЬ
Нэгнийхээ хорвоод хүн болж ирсэн алтан агшин, авралт сайн өдрийг билэгшээн дээдэлж, үгийн сайнаар ерөөж, үйлс заяаг нь тэгшитгэн хуваалцдаг нь хаа газрын хүмүүний нандин ёс, уламжлал заншил болон нэгэнт тогтжээ.
Төрсөн өдрийн мэндчилгээ тээсэн захидал, цахилгаан, ил захиа гараас гар дамжин, шуудангаас шууданд хүргэгдэн зорьсон эзэндээ очдог, нийтэд биш юмаа гэхэд, халуун зуурын нандин сэтгэлийн илэрхийлэл, түүх болон биетээр хоцордог байсан бүхэл бүтэн нэгэн үе ард хэдийнээ хоцорчээ. Одоо бол цахим орчин бүхнийг орлоно.
Нэгэндээ ямар үгтэй мэндчилгээг, ямархуу ил захидал дээр, яасхийж бичээд илгээх вэ гэж бид төдий биш, энэ дэлхийн хаа сайгүй л хүмүүс боддог хайдаг байсан бололтой. Төрсөн өдөрт зориулсан тоймгүй олон тийм мэндчилгээ үгийн дотор алдарт Битлз хамтлагийн Жон Леннон зохиосон гэдэг,
Count your life with smiles -not tears.
Count your age by friends -not years гэх хэдэн мөр шүлэг бас л хэн хүнгүй мэддэг, сайхан л үгийн тоонд орно. Яг буулгаж, яс орчуулъя гэлгүй, өөрийнхөө ингээд буулгахад,
Туулаад ирсэн амьдралаа, чи минь
Нулимсаараа бус, инээдээрээ цэнэ.
Тулаад ирсэн насаа, чи минь
Тоогоор нь бус, нөхдөөрөө бүртгэ гэсэн л санаатай хэдэн мөр юм. Гэтэл бас энэ хэдэн мөр яг үнэндээ Жон Ленноных ч биш бололтой. Аливаа юмыг уг гарал, үндэс угсаагаар нь хөөж явдаг нэгэн хүн, “1927 оны нэгэн ил захидал дээр үлдсэн нэлээд урт шүлгийн хоёрхон мөр нь л энэ” хэмээн бичсэн байсан. Тэрхүү шүлгийг нь өөрийнхөөрөө бас тоймлон орчуулбал иймэрхүү л үгтэй.
Өнгө алагласан цэцэрлэгээ, чи минь
Унасан навчаар нь бус, ургасан цэцгээр нь хар.
Өнгөрч одсон өдрүүдээ, чи минь
Жаргалтай олон агшинаар нь цэнэ.
Үүл хургасан өдрөөр нь бүү дурс, бүүр март!
Нөмрөөд ирсэн олон шөнийг, чи минь
Тас хар сүүдрээр нь бус, тана шиг гялалзах оддоор нь хар.
Нүүрлээд учирсан амьдралаа, чи минь
Нулимсаараа бус, инээдээрээ шинж.
Тулаад ирсэн насаа тоолоод хэрэггүй, найз минь.
Түшээд золгосон нөхдөө бүртгээд ав даа, анд минь.
До.Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.