Өмнө нь коронавирусийн халдвар авч байсан хүмүүсийг вакцинд хамруулах ёстой юу?

Twitter Print
2021 оны 08-р сар 25-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг нийт хүн амын вакцинжуулалт 1-р тунгийн хамралт 68,5%, 2-р тунгийн хамралт 63,4% тус тус байна. 2-р тунгийн хувьд аймгуудын түвшин 59.2%, Улаанбаатар 68.3% байгаа бөгөөд мөн нийслэлд астразенека вакцины нэмэлт буюу 3-р тунд 9635 хүн хамрагдаад байгаа аж (Коронавируст халдвар ковид-19-ын өдөр тутмын мэдээ 08.24).

Коронавируст цар тахлаас богино хугацаанд ангижрах нэг гол арга хэрэгсэл бол бүх нийтийн вакцинжуулалт.

Энэ 8 сард шинэ халдварын тохиолдол буурах хандлага ажиглагдсан ч буцаад өсөөд эхэллээ. Энэ нь вирусийн мутацад орсон шинэ хувилбарууд халдварын тархалтад түрэн орж ирж буй дараагийн давалгааны эхлэл байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс үгүй ядаад вакцинд хамрагдвал зохих нийт хүн амаа 1, 2-р тунд нь бүрэн хамруулахсан. Гэтэл нийт хүн амын вакцинд хамрагдалтын дээр дурдсан түвшингээс үзэхэд зогсонго байдалд орж, өсөхөө байсан бололтой.

Халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй нийгмийн амьдрал дахь бүхий л хязгаарлалт, хорио цээрийг бүрэн байхгүй болгохын тулд вакцинжуулалтын маш өндөр түвшин шаардлагатай гэдгийг гадаадын улс орнуудын судлаачид хэлээд байгаа. Бид эхэндээ нийт хүн амын 60 орчим хувийг вакцинд хамруулахад бараг сүргийн дархлаа тогтоох боломжтой гэж харж байсан бол өнөөгийн нөхцөл байдал тийм биш болсон. Энэ янзаараа бид сүргийн дархлаа олж автлаа нэлээдгүй хохирол амсах бололтой шүү.

Хамгийн гол нь богино хугацаанд олон хүнийг хамруулах асуудал туйлын чухал байна. Вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс маань яагаад хойрог хандаад байна вэ? Сүүлийн өдрүүдэд манай улс вакцин хамрагдалтаараа дэлхийд тэргүүлж яваа цөөхөн орны нэг болсон хэмээн байн байн ТВ болон олон нийтийн хэрэгслээр өөрсдийгөө магтаж яриад байгаа улс төрчдийн мэдээлэлд хууртагдаад сэтгэл амраад байна уу?

Ямартай ч вакцинжуулалт нь халдвар авах, хүндрэх эрсдлийг бууруулах өндөр магадлалтай бөгөөд хамгийн гол нь вакцины гол давуу тал нь зөвхөн намайг төдийгүй миний гэр бүл, ойр дотны хүмүүсийг маань хамгаалдаг. Вакцин хийлгэлгүй байж байгаад халдварт өртөх үү эсвэл вакцин хийлгэж өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах уу мэдээж хувь хүний сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргах асуудал ч та бүхний, хэн нэгний гаргах шийдвэрт дор бичсэн зүйл маань тус болоосой хэмээн хүсэж байна.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВДӨХ ЭСВЭЛ ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЛЬ НЬ ИЛҮҮ ХҮЧТЭЙ ДАРХЛААГ ОЛЖ АВАХ ВЭ?

Өмнө нь коронавирусийн халдвар авч байсан хүмүүсийг вакцинд хамруулах ёстой юу?

Нийтлэгээр вакцинжуулалтын үр дүнд олж авсан дархлаа нь байгалийн халдварын дархлаанаас сул байдаг гэж үздэг. Тэгвэл харин энэ удаа хүн төрөлхтөнийг бэрхшээлд оруулаад байгаа цар тахлын гол эзэн коронвирусийн хувьд ямар байдаг юм бол?

Ер нь бол вакцин хийлгэснээс халдварт өвчинд өртсөн хүмүүс нь илүү дархлаатай байдаг нь нийтлэг үзэгдэл.

Халдварт өвчин туссан тохиолдолд дархлаажуулалтанд хамрагдах боломжтой. Жишээ нь хэрэв улаан бурхан, улаанууд, салхин цэцэг өвчнөөр өвчилсөн бол олон хүн насан туршдаа эдгээр халдварыг авахгүй. Учир нь халдварын улмаас үүссэн дархлаа удаан хугацаанд үргэлжилдэг.

Нөгөө талаар вакцинжуулалтаар олж авсан дархлаа нь байгалийн халдвартай харьцуулахад сул байдаг бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр эсвэл түүнээс дээш удаа вакцин хийлгэх шаардлагатай болдог. Тэглээ гээд улаан бурхан, салхин цэцэг өвчнөөр албаар өвдөж дархлаа олж авахыг зөвлөж болохгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл улаанбурхан, салхин цэцгийн дархлааг вакцинаар найдвартай авч болох боломжтойн дээр хэрэв эдгээр халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд хүндрэх аюултайн дээр эрүүл мэндээрээ эрсдэх магадлалтай.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ДАХИН АВАХ МАГАДЛАЛТАЙ

Манай улсад халдвар дахин авсан тохиолдол албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч эргэн тойронд дахин халдвар авсан тухай яриа мэр сэр сонсогдох болсон.

Шуудхан хэлэхэд коронавирусийн халдвар авч байсан хүмүүс дахин халдвар авах магадлалтай.

Мэдээж хэрэг халдвар авсны дараа тодорхой хэмжээнд дархлаа олж авч байгаа учраас шууд дахин халдвар авахгүй байх. Гэсэн хэдий ч эдгэрсний дараа цаг хугацаа өнгөрөх тусам дахин халдвар авах эрсдэл нэмэгддэг.

Бусад улс орнуудын халдварын талаарх мэдээллүүдээс харахад анхны халдвар авснаас хойш дор хаяж 90 хоног дотор дахин халдвар авах магадлал харьцангуй бага байгаа юм шиг байна.

Мөн нэг удаа коронавирусийн халдвар авсан хүн дархлаа тогтох учраас хоёр дахь удаагийн халдвар нь эхний халдвараас арай хөнгөн явцтай гэж үзэж байна.

Гэхдээ дархлаа сул хүмүүст бол хоёр дахь удаагийн халдвар илүү хүндрэх явдал байгаа.

Тэгэхээр эхний авсан халдвар нь дархлааны системийг хэр удаан хамгаалдаг вэ? гэдэг асуулт гарах байх

Дани улсаас эхний давалгаанд (2020 оны 6-р сараас өмнө) PCR шинжилгээ эерэг болон сөрөг гарсан хүмүүсийн даган судлаж, хоёр дахь давалгааны (2020 оны 9-р сараас 12-р сар хүртэл) PCR шинжилгээнд эерэг, сөрөг хүмүүсийг дүн шинжилгээ хийж, дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхны халдварын нөлөө ямар байгааг судлаж үзсэн судалгаа нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: Hansen CH, et al., Assessment of protection against reinfection with SARS-CoV-2 among 4 million PCR-tested individuals in Denmark in 2020: a population-level observational study. Lancet. 2021; 397 (10280): 1204-1212

Энэхүү судалгаанд өмнөх халдварын хамгаалах үр нөлөө нь 80.5% байсан ба халдвар авч байгаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад халдвар авах магадлалын 5-ны 1 орчим хувь байсан.

Дашрамд дурдахад 65-аас дээш насны өндөр настнуудад энэ хамгаалалтын үр нөлөө 47.1% хүртэл буурдаг юм байна.

Мөн Дельта хувилбар зэрэг мутант омогууд нь урьд нь коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дархлаанаас зугтаж халдварлуулдаг болох нь мэдэгдээд байна.

БАЙГАЛИЙН ХАЛДВАР ЭСВЭЛ ВАКЦИНЖУУЛАЛТААС ОЛЖ АВАХ ДАРХЛААНЫ АЛЬ НЬ ИЛҮҮ ХҮЧТЭЙ ВЭ?

Зорилтот хүн ам, үнэлгээ хийж буй цаг хугацаа, үнэлгээний арга нь өөр өөр байх тул энгийнээр хялбар харьцуулалт хийх боломжгүй боловч коронавирусийн эсрэг шинэ төрлийн вакцины нэг болох Pfizer-ийн mRNA вакцины урьдчилан сэргийлэх үр нөлөөг 90% ба түүнээс дээш хувьтай гэж үзэж байгаа. Ялангуяа өндөр настнуудад бол вакцин нь дархлааг илүү хүчтэй өдөөж буй гэж үзэж байгаа юм.

Францад коронавирусийн халдвар авсан болон халдвар аваагүй хүмүүсийг mRNA вакцинаар вакцинжуулж, эсрэгбиеийн титрийн шилжилтийг судалсан судалгааны үр дүн мөн нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: N Engl J Med 2021; 384:1372-1374 DOI: 10.1056/NEJMc2101667

Эндээс харахад өмнө нь коронавирусээр халдварласан хүмүүс вакцины анхны тарилга хийхээс өмнө эсрэгбиеийн титр өндөртэй байсан ба эхний тарилтаар эсрэгбиеийн титрийг улам нэмэгдүүлж, энэ нь урьд өмнө халдвар авч байгаагүй хүмүүсээс 10-45 дахин их эсрэгбиеийн титртэй байгааг харуулж байна. (тайлбар зураг 1: ягаан өнгөөр хүрээлсэн хэсэг).

Гэсэн хэдий ч урьд нь хэзээ ч халдвар авч байгаагүй хүмүүс 2 тун вакцин хийсний дараа "урьд нь халдвар авч байсан, вакцин хийлгээгүй хүмүүс"-ээс илүү өндөр эсрэгбиеийн титр тогтсон байгаа нь бас харагдаж байна (тайлбар зураг 1: цэнхэр өнгөөр хүрээлсэн хэсэг).

Шинэ коронавирусийн эсрэг дархлааг дан ганц эсрэгбиеийн титрээр үнэлэх боломжгүй, гэхдээ хамгийн багаар бодоход саармагжуулагч эсрэгбиеийн титр болон дархлааг нэвтэрсэн халдварын эрсдэл хоёрын хооронд харилцан хамаарал байгаа гэж үзэж байгаа тул энэ нь мэдээж чухал үзүүлэлтүүдийн нэг болох боломжтой гэж ойлгож болох юм.

Эдгээрээс үндэслээд яг одоо та бүхэнд шинээр олж авах мэдлэг бол:

Халдвараар олж авсан дархлаанаас < Вакцин хийлгэх замаар олж авсан дархлаа илүү хүчтэй гэдэг ойлголт. ингэж ойлгох хэрэгтэй боловуу.

Тийм учраас коронавируст халдвараар өвчилсөн хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд вакцинжуулалт нь илүү хүчтэй дархлааг бий болгоно гэж үзэж буй юм.

Тайлбар зураг 2

Эх сурвалж : COVID-19 immunity: Natural infection compared to vaccination

Хурдхан, хөнгөхөн шиг өвдөөд эртхэн дархлаатай болоод авья гэж ярих хүмүүс байдаг. Энэ зорилгоор санаатайгаар халдварт өртөх зан үйл гаргадаг хүмүүс ч бий байх. Коронавируст халдварт өртсөнөөр

• Суурь өвчингүй залуу хүмүүс хүртэл хүндээр өвчлөх магадлалтай

• Эдгэрсний дараа ч урт удаан хугацаанд ковидын дараах зовиураар шаналах магадлалтай

• Дахин халдвар авах ч байж магадгүй зэрэг төвөгтэй асуудлууд байгаа тул зориуд халдварт өртөж дархлаа олж авах арга замыг огт хэрэглэхгүй байсан нь дээр. Харин халдвар авахаас вакцин хийлгэсэн нь илүү аюулгүй дархлаа олж авах боломжтой юм.

Коронавирусийн эсрэг вакцины тусламжтайгаар олж авсан дархлаа нь байгалийн халдвараас хамаагүй урт удаан гэж тооцогдож байгаа ч дэлхий нийт яг энэ цаг үед нэмэлт тунгийн вакцинжуулалтын хэрэгцээ шаардлагыг судалж, зарим улс орон нэмэлт тунгаар вакцинжуулаад эхэлсэн (бид ч бас) байгаа.

Нөгөөтэйгүүр, гаж нөлөөний хувьд өмнө нь халдвар авч байгаагүй хүмүүсээс тарилгын талбайн өвдөлт, сульдаж ядрах, халуурах давтамж нь илүү олон удаа тохиолддог юм шиг байна (тайлбар зураг 3).

Коронавирусийн эсрэг вакцины хувьд 2 дахь тун нь эхний тунгаас илүү хариу урвал үзүүлдэг болох нь судалгаагаар илэрхий болсон байдаг бөгөөд урьд нь халдвар авсан хүмүүсийн хувьд халдвар нь вакцины эхний тунтай адил дархлааны хариу урвал үзүүлж, харин эхний вакцинжуулалт нь халдвар аваагүй хүмүүсийн 2 дахь тунгийн хариу үйлдэлтэй ижил зүйлийг үзүүлээд байна гэж ойлговол магадгүй ойлгоход дөхөм байж болох юм.

Тэглээ гээд өмнө нь халдвар авсан хүмүүст вакцины нэг л тун хангалттай гэсэн үг биш бөгөөд өвдсөн эсэхээс үл хамаараад бүрэн 2 тун вакцинаа хийлгэхийг зөвлөх байна.

ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙГ ХЭЗЭЭ ВАКЦИНЖУУЛБАЛ ЗОХИЛТОЙ ВЭ?

Коронавирусийн эсрэг вакцин нь 2 дахь тунгийн вакцин хийснээс хойш 14 хоногийн дараагаас эхлэн бүрэн үр нөлөөгөө үзүүлэх болно.

Зөвхөн нэг тун вакцин хийлгэсний дараа халдвар авчихсан хүмүүст бол эдгэрснийхээ дараа 2 дахь тунгаа хийлгэхийг зөвлөдөг. Харин хэзээ тариулах талаар тогтсон санал зөвлөмж одоогоор байхгүй байна. Дээр дурдсанчлан, халдвар авсны дараах хэдэн сарын хугацаанд дахин халдвар авах эрсдэл бага байгаа болохоор биеэ тэнхэртэл хүлээх боломжтой ч эмнэлгээс гарсны дараа, гэрийн асаргаанд байхдаа гэх мэт хүссэн үедээ хийлгэх боломжтой гэж ойлгож болно.

Коронагийн дараах зовиураар шаналж буй хүмүүс ч вакцин хийлгэснээр үлдэц эмгэгийн зовиурууд сайжирдаг болох нь тогтоогдсон байдаг. Хэрэв урьд нь коронавирусийн халдвар авч байсан бол үүнийг уншаад вакцин хийлгэх талаар эерэгээр бодож үзээрэй гэж зөвлөх байна.

Эцэст нь эдгээрээс дүгнэж хэлэхэд өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдвар авсан хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй бөгөөд вакцинжуулалт нь илүү хүчтэй дархлааг бий болгодог.

Тиймээс вакцинд хамрагдах талаар эерэгээр бодож, богино хугацааны дотор вакциндаа хамрагдах талаар анхаарч үзээрэй гэж зөвлөх байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.