Мариинскийд тоглолт үзэж гарч ирээд Монголынхоо жижигхэн ягаан театрыг улам ихээр хайрласаан...

Twitter Print
2020 оны 02-р сар 04-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

М.Баянжаргал гэгч бүсгүй Орос улсад соло аялал хийж, тэр дундаа алдарт "Мариинский театр"-т сонгодог тоглолт үзэх мөрөөдлөө биелүүлсэн тухай сэтгэгдлээ бичжээ.

Миний сонголт бол тус театрын 9-р сарын сүүлийн үзвэр, дэлхийн сонгодгуудын нэг болох "Дон Кихот" балет. Өмнө нь Монголынхоо УДБЭТ-д хоёр, гурван ч удаа үзэж байсан. Тиймээс үзэгдлүүд нь нилээд танил гэж хэлж болно. Гэхдээ л гүйцэтгэл, оркестрын тухайд бол нээрээ аргагүй л "Балет бол Орос орных мөн юм байнаа" гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарч ирсэн.

Бас костюм, хувцасны өнгө, загвар, деталууд нь нэг тийм гоё сэтгэл татам. Испаниас гаралтай балет учраас өнгөний шийдэл маш хурц, цоглог байх ёстой гэж ойлгодог байсан. Гэтэл тийм байгаагүй. Дан гоё байгалийн зөөлөн өнгөнүүд мөртлөө хөгжим, хэмнэл, донж нь нийлээд гал, цогтой байдлыг ч бүрэн илэрхийлчихэж байсан.

Үзэгчдийн тухайд гэвэл ёстой янз бүрийн хүмүүс байдаг юм билээ. Гадаад дотоод, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, оюутан, сурагч гээд. Үнийн хувьд ч гэсэн бүгд яг адилхан тоглолт үзэх боловч, суудлын зэрэглэлээсээ хамаараад хэдэн арваас хэдэн зуун мянга хүртэл ялгаатай.

дон кихот в мариинском театре зурган илэрцүүд

Ер нь Орост үнэтэй зүйл нь үнэтэй ч, хямдхан зүйл нь хямдхан учраас хүн бүрт аливааг тэгш хүртэх боломж нь нээлттэй байдаг. Ялангуяа соёл, урлагийн газрууд нь маш уян хатан үнийн бодлоготой. Оюутан, залуус, хүүхдүүддээ хөнгөлөлттэй үйлчилнэ. Зарим нь бүр үнэ төлбөргүй. Үзэгчдийн дунд сургуульд орж хараахан амжаагүй болов уу гэмээр бүр бяцхан үзэгчид хүртэл байх ч, аль хэдийнээ театрт биеэ авч явах соёлыг эзэмшчихсэн, хэнд ч төвөг учруулахгүй, бүр нэг догь сууцгаах нь өхөөрдмөөр. Тэд ингэж л бүр багаас нь хүүхдүүдээ сонгодог урлагт дурлуулж, бас хүмүүжүүлдэг байх нь. Манайд ч гэсэн энэ тал дээр анхаарч, залуу хойч үедээ илүү боломжийг олгодог байгаасай гэсэн бодол төрж л байлаа.

...Гэхдээ би Мариинскийд тоглолт үзэж гарч ирээд, Монголынхоо жижигхэн ягаан театрыг улам ихээр хайрласаан. Ийм "хөөрхөн" мэргэжлийн театртай, маш чадварлаг, мэргэшсэн уран бүтээлчидтэй, дэлхийд алдартай өчнөөн сайхан дуурь, балетыг дэглээд, гадна дотны үзэгчдэд хүргэж чадаж буй улс Азид тийм ч олон байхгүй байх аа.

Дээр нь нэмээд зуунаар яригдах хэмжээний биш ч өнөөг хүртэл бүтээсэн өөрийн гэсэн түүх. Хуучны өнгө аясаа хадгалсан, асар их хөдөлмөр шингэсэн, нүсэр тайз засалт. Надад лав бүгд таалагддаг. Магадгүй яг аялалд гарахаасаа хэдхэн хоногийн өмнө ягаан театрыг нурааж, шинээр барихаар болсон гээд, макетийг нь төв талбай дээр танилцуулж байхтай тааралдчихсан болохоор, улам ихээр хайрлах сэтгэл төрсөн байх.

Холбоотой Зураг

Аливаа зүйл цаг үеэ дагаад хөгжиж, шинэчлэгдэх нь сайхан хэдий ч, зарим зүйлс бол зүгээр хуучин хэвээрээ, энгийн хэвээрээ, нэг л янзаараа байж байх нь илүү үнэ цэнэтэй гэж боддог оо.

За ингээд энэ удаад бас л "Мариинский театр"-ын талаар гэхээс илүү тэнд тоглолт үзсэн талаарх өөрийн бодол, мэдрэмжийг л хөрвүүлэхийг хичээлээ. Энэ ч бас "Эрмитажийн музей"-н адил зөвхөн өөрийн нүдээр үзэж, таашаах учиртай хүн төрөлхтний бүтээсэн сор гайхамшгуудын нэг гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэх байх. Гэснээс намайг тэнд "Дон Кихот" үзээд л сэтгэл нь ханасан гэж бодож байвал, үгүй шүү дээ.

дон кихот в мариинском театре зурган илэрцүүд

Дараагийн өдрийнх нь буюу 10-р сарын эхний үзвэр нь "Le Parc" гэдэг контемпорари балет байсан. Өмнө нь ийм төрөл, жанерын балет огт үзэж байгаагүй учраас, сонирхол татаад, тэрийг ч бас үзчихсэн. Тийм романтик балетыг ганцаараа үзсэн нь жаахан харамсалтай ч, үнэхээр өвөрмөц, содон, бүр маааааш шинэлэг санагдсан шүү.

Төгсгөлд нь энэ мөрөөдлөө биелүүлэхэд минь Санкт-Петербургэд сурдаг монгол оюутан, хичээлийн завсар чөлөөгөөрөө хөтөч, орчуулагч болон билет зуучлагчийн ажил хийдэг М.Эрка дүүд талархаж байна.

Оросын томоохон театруудын хувьд жилийн аль ч улиралд үзвэрийн билетүүд нь маш хурдан борлогдож дуусдаг учраас эртхэн захиалах шаардлагатай. Дээр нь хямд билет олж авна гэдэг амаргүй. Би харин азаар, Монголд байхдаа Эркатай холбогдоод билетүүдээ авахуулчихсан болохоор үнэхээр сэтгэл амар явсан шүү. Хэрвээ та нарт бас Маринскийд тоглолт үзэх мөрөөдөл байдаг бол түүнээс туслалцаа аваарай гэж зөвлөх байна.

М.Баяржаргал

2020.01 сар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.