
1988 онд зочид буудлын үүднээс хүүгээ алдсан хос 32 жилийн дараа хүүтэйгээ дахин уулзжээ. 1988 оны 10-р сарын 17-нд Хятадын Шэньси мужийн Шиань хотод 2 ойтой Мао Инийг аав нь цэцэрлэгээс нь аваад харьж явжээ.
Замдаа Мао Ин ус уухыг хүссэн ба аав хүү хоёр ус олж уухаар замд тааралдсан зочид буудал руу орсон аж. Аав нь түүнд ус хөргөх зуур Мао Ин алга болсон байжээ. Аав Мао Жэнжин нь түүнийг Шиань хотын дотор гадна хайж, түүний зурагтай зурагт хуудаснуудыг энд тэндгүй наажээ. Ээж Ли Жинжи нь ажлаасаа гарч, Хятадын 10 гаруй мужид түүний зурагтай нийт 100 мянга гаруй зурагт хуудсыг тараажээ. Тэрээр олон тооны телевизийн нэвтрүүлэгт оролцож, тусламж хүссэн ба 2007 оноос эхлэн хүүхдүүд нь алга болсон эцэг эхчүүдэд тусалдаг "Baby Come Back Home" нэртэй сайн дурын байгууллагад нэгджээ.
Түүнээс хойш Ли Жинжи алга болсон 29 хүүхдийг гэр бүлтэйгээ дахин нэгдэхэд тусалсан ч өөрийнхөө хүү Мао Инийг олох хичээл зүтгэл нь талаар өнгөрч байлаа. Өнгөрсөн 4-р сард цагдаагийнхан Шиань хотоос 1000 орчим км зайд орших Сычуань мужид эрэгтэй хүүхэд өргөж авсан нэгэн эрийн тухай олж мэджээ. Цагдаагийн албан хаагчид тухайн эрийн өргөж авсан хүүг олж, түүнээс ДНХ-ийн шинжилгээ авчээ. Шинжилгээгээр 34 настай Гу Нинин Мао Жэнжин, Ли Жинжи нарын 32 жилийн өмнө алга болсон хүү Мао Ин болох нь тогтоогджээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр Мао Инийг багад нь хүүхэдгүй нэгэн гэр бүлд 6000 юаниар зарсан байжээ. 34 настай Мао Ин орон гэр янзлах, чимэглэх бизнес эрхэлдэг ба тэрээр төрсөн эцэг эхтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрүүлнэ хэмээн ярьжээ. 5-р сарын 10-нд БНХАУ-д Ээжүүдийн өдөр болдог ба Ли Жинжи хүүгээ олсон явдал нь түүний хувьд Ээжүүдийн өдрөөр авсан хамгийн сайхан бэлэг байлаа хэмээн хүүгээ олоход нь тусалсан хэдэн 10 мянган хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлжээ.
БНХАУ-д хүүхэд хулгайлах, хүүхдүүдийг хууль бусаар наймаалах гэмт хэрэг олон 10 жилийн турш гарсаар байгаа ба энэ талаар албан ёсны тоо баримт байдаггүй аж. Жишээ нь "Baby Come Back Home" байгууллагын цахим хуудсанд алга болсон хүүгээ хайсан 14 893 пост, охиноо хайсан 7411 пост байна. 2015 онд хийсэн судалгаагаар Хятадад жил бүр 20 мянга орчим хүүхэд хулгайд алдагддаг аж. 2009 онд Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яам ДНХ-ийн мэдээллийн сантай болсон нь алга болсон 6000 хүүхдийг олоход тусалжээ. 2016 онд тус яамнаас "Дахин нэгдэх" нэртэй систем нэвтрүүлснээр 2019 оны 6-р сар гэхэд дахин 4000 хүүхдийг олж, гэр бүлтэй нь уулзуулж чаджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.