Түүхэнд байхгүй, өр зүрх шимшрэм торгуудын аугаа их нүүдэл

Twitter Print
2021 оны 01-р сар 04-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Төв Азийн түүхэнд XVIII зуунд хэдэн томхон үйл явдал болсон байдаг. Үүний нэг нь 1755-1758 онд Зүүнгар хаант улсыг манжууд мөхөөж, хүн ардыг нь хүйс тэмтэрсэн явдал. Нөгөө нэг нь 1771 онд Ижил мөрний ойрад буюу халимагуудын хуучин нутагтаа ирсэн нүүдэл юм. Зүүнгар хаант улсыг манжууд гурван удаагийн их цэрэг оруулж дайлах явцад тэндээс хэсэг ойрадууд нүүж Ижил мөрөн дэх халимагууд руу очсон юм.

Ингээд Ижил мөрөнд өмнө нь буюу 1607 оноос удаа дараалан нэмэгдэж очсон торгууд, дөрвөд, хошууд нар дээр дахин дүрвэж зугтагсад очоод Ижилийн ойрадуудын тоо их өссөн л дөө. Энэ нь 1755, 56 оны хэрэг явдал. Тэд Ижил мөрний халимагууд дээр очоод Халимагийн хаант улсын бүрэлдэхүүнд оржээ.

Калмык буюу халимаг гэх үг нь үлдэгдэл гэж хөрвүүлэгдсэн байдаг. Монголын Эзэнт гүрний үед халимаг нь дайнч, шалмаг, хүндтэй хүмүүс байсан. Ижил мөрөн нь Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд ордог байсныг дэлхий мэднэ. Түүхийн явц, хувь заяаны эргэлтээр тэнд үлдсэн учир “үлдэгдэл” буюу халимаг гэж нэрлэгдсэн аж. Торгууд нь бүгд л эзэн Чингисийн торгон цэрэг, одоогоор бол бие хамгаалагчид байсан бөгөөд тэд бүгд бие хаа сайтай, өсгөлүүн, үнэнч чанараараа бусдаас онцгойрдог байв. Урвагч торгууд гэж түүхэнд байдаггүй.

Гэтэл Зүүнгар хаант улс мөхсөнтэй зэрэгцээд оросууд Халимагийн талаар явуулж байсан бодлогоо өөрчилжээ. Учир нь Халимагтай эвгүй харьцвал Төв Азид хүчирхэг байгаа Зүүнгарын хаант улс хөдөлнө гэдэг айдас байсан нь алга болсон. Халимагийн уламжлалт төрийн тогтолцоог эвдэж эхэлсэн. Ноёд зайсангуудын хүүхдийг барьцаанд авсан. Халимаг ноёдын эрх мэдлийг хасаж багасгасан. Мөн Оросын үнэн алдартны шашны лам нар Халимагт шашнаа дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх болсон. Халимаг нь буддын шашинтай. Сургах нэрийн дор залуусыг нь загалмайн шашиндаа оруулж эхэлсэн. Үүнд халимагууд маш эмзэглэсэн. Буцаж нүүх гол шалтгааны нэг энэ байсан. Ер нь оросууд халимагуудыг Турк болон Кавказын Түрэг олон аймгуудын өмнөөс нохойд барьдаг мод болгож ирсэн байдаг. Наашаа нүүхийн өмнө 1770 онд гэхэд л Халимагаас 10 мянган цэрэг татаж дайнд оруулж байлаа шүү дээ. Цөөн хүн амтай улсыг дарангуйлах, хүч чадалтай эрсийг нь тэдэнд огт падлийгүй дайнд оролцуулах зэргээс байдал өөрчлөгдөхөд халимагийн ноёд 1767 оноос цаашид хэрхэх талаар олон удаа ярилцсан байна. Ихэнх ноёд хуучин Зүүнгар хаант улс буюу одоогийн Хятадын Шинжаанд очъё гэсэн санал гаргасан байдаг.

Зүүнгар нь Балхаш нуурын сав газраас эхлээд Монгол Алтайн сав газрыг багтаасан өргөн уудам нутагтай улс байлаа. Зүүнгарыг бутцохисны дараа газар нутаг нь хоосорч, эзгүй нутагт нь урд талаас хотон, баруун талаас нь хасаг, бурууд нар шахаж орж ирсэн. Ингэсэн байхад ч одоогийн Шинжааны нутаг өргөн уудам, Ижил мөрөнд байсан ойрадууд “Мөхсөн Зүүнгар хаант улсаа сэргээе, хуучин нутгаа эзэлж авъя” гэдэг дээр санал нэгджээ. Эцэст нь нүүхээр шийдэж, холын аянд мал сүрэг, хүн ардаа бэлдсэн. Мөн тэд оросуудыг гэнэдүүлж нууцаар нүүхээр шийдсэн дээ. Тэд 1771 оны нэгдүгээр сарын 5-нд наашаа нүүжээ.

Халимагууд Ижил мөрний наана, цаана хоёр хэсэг амьдарч байжээ. Хамгийн олон хүн амьдарч байсан голын наад хэсэг нь наашаа нүүсэн байдаг юм. Мөрний цаад талын хэсэг нь тэндээ үлдсэн. Ижил бол цаад талын эрэг дээр байгаа мод бараг үзэгдэхтэй үгүйтэй харагддаг дэлхийн том мөрөн шүү дээ.

Хүн амын гуравны хоёр нь наашаа нүүсэн гэдэг. Эх сурвалжаас үзэхэд 168.000 80 хүн гэсэн тоо байна. Нүүдлийн төгсгөл буюу Зүүнгарын нутаг Их мөрний эрэгт ирэхэд 66 мянга 73 хүн үлдсэн байна. Тэр нүүдэлд 100 мянган хүн үрэгдсэн. Үрэгдсэн хүмүүсийнхээ хүзүүний сахиусыг аван бүртгэж байв.

Энэ бол зүгээр нэг хэсэг ард түмний нүүдэл биш. Түүхийн маш олон өөрчлөлт үүнтэй холбоотой гарч ирсэн. Туркээс Оросыг хамгаалах халхавч маш хүчгүй болж үлдэж байгаа хэрэг. Нүүдлийг мэдээд оросууд тэр дор нь гавшгай цэрэг гаргаж нэхүүлсэн ч гүйцэж чадаагүй.

Ижил (Волга) мөрнөөс Урал мөрөн хүртэл, бас Зайгаас зүүнш халимагуудын нүүдэл маш хурдан явсан учраас гүйцэхгүй болсон байв. Халимагууд нүүхдээ эд хөрөнгөө бусдад ашиглуулахгүйн тулд өвөлжөө бууцаа шатаасан. Тун хүнд нөхцөл байдалд нүүдэл болсон.

Оросууд цэрэг нэхүүлээд гүйцэж чадахгүйгээ мэдсэн хойно зам зуурын хасаг (казах)-уудад даалгавар өгсөн. Нүүж яваа халимагуудыг цохиж олзыг өөртөө ав. Болж өгвөл буцаа, алж хяд, олзол гэсэн байна. Нүүдэл гэнэт болсон учраас хасагийн баруун хэсэг нь нэг их цохилт өгч чадаагүй. Ойрадууд ч бэлтгэлтэй байсан. Нүүдлийг сум тусах газар дагалдах цэргээр хамгаалж явсан. Сөрөг довтлох ангиудыг ч бэлэн байлгажээ. Араас нь ирэх цохилтыг даах хэмжээний цэрэг арыг хамгаалж явсан. Тиймээс эхний үеийн дайралтыг ажрахгүйгээр давсан. Нийт нүүдлийн зам нь 6000 гаруй км.

Нүүдэл дүн өвлөөр явсан болохоор маш хэцүү байжээ. Өвлийн хахир хүйтэн, хаврын шуурга тэдний мал сүргийг туйлдуулан, хохирол амсаж эхэлсэн. Нүүдлийн замд өтгөс, нялхас олноор үхэж үрэгдэж замд гээгдэн хоцорч байжээ. “Халимаг хаадын тууж” гэдэг 1770-аад онд зохиогдсон сурвалж бий. Тэнд хасагийн довтолгооныг хоёр хуваасан байдаг. Эхнийх нь болох Авлай хааны довтолгоон их хүнд бэрх байжээ. Нүүдэлчид харилцан тулалдсан учраас Авлайн цэрэг ч хохирол амсаж, дийлэлгүй үлдсэн байна.

Харин зүүн хасагийн Ирлай султан дайтаж байснаа найрамдсан нэртэй нүүдэлчдийг нутагтаа хагас сар амрах боломж олгосон. Энэ бол хууран мэхлэлт байсан. Энэ хугацаанд Ирлай султан Авлай зэрэг хаадаас цэрэг цуглуулж байгаад дайрсан. Тэнд нүүдэлчид маш их хохирол амссан. Эд хогшлоо булаалгаж дууссан. Тэд Халимагт 150 жил суурьшихдаа хүчирхэг байсан улс болохоор маш их эд агуурстай байсан хэрэг. Хамгаа булаалгаж, хүнээ алуулж тэднээс арай гэж мултарчээ. Олон ч хүнээ олзлуулсан. Тэднийг өмнөд Сибирийн хилийн заставт харьяалагддаг байсан боолын зах дээр худалдсан гэж халимагийн түүхч У.Очиров тэмдэглэсэн байдаг.

Нүүдэлчдийг цаана нь киргизүүд хүлээж байв. Сурвалжид бичсэнээр киргизүүд нүүдэлчдийг баяр, найр цэнгэлийн өдөр мэт баярлалдан угтжээ. Нэг ёсондоо дээрэмдэж олзлох гэж. Ойрадууд XVII, XVIII зууны туршид киргиз, хасагуудыг нэгтгэн захирч байсан болохоор заналт дайснууд нь гэсэн үг л дээ. Киргизийг арай гэж давсан нүүдэлчдийг Төв Азийн халуун элсэн цөл угтжээ. Тэд төөрсөн. Тэр ард түмэн тэсэх үү, үгүй юү дээрээ тулж ирсэн. Хүмүүс хатаж үхэхгүйн тулд сүүлчийн арга хэмжээ болгон үхэр адууныхаа гүрээн цусыг ууж явжээ. Үүнээс үүдэн тахал гарч ядарч туйлдсан нүүдэлчдийг улам хорогдуулсан. Үхсэн хүмүүсийнхээ хүзүүн дэх сахиусыг цуглуулж байж. Аргагүй л Чингисийн цус судсаар нь лугшиж яваа ард түмэн л түүхэнд байхгүй ийм хүнд нүүдлийг давах биз.

Нүүдэлчдэд хамгийн сүүлд тэмээ л үлдэж. Яс, арьс болтлоо турсан ч нүүдлийн голыг тэмээ нугалсан гэдэг. Иймээс тэмээг ойрадын монголчууд их хүндэлдэг.

Маш том нүүдэл байсан учраас нүүдэл ирж яваа чимээ манжуудад аль хэдийнэ хүрсэн байв. Илийн голын хөвөөнд гурван түмэн цэрэг хүлээж байв. Нүүдэлчид зорьсон газраа ирэхдээ ядарч зовохын туйлд хүрсэн амьтай голтой л хүмүүс байсан. Тэд 1771 онд (8-р сар) хүсэж мөрөөдсөн Ил гол, Тэнгэр уулынхаа хойд хормойд хүрэлцэн ирсэн юм. Манжууд тэднийг үг дуугүй нутагт нь оруулсан. Найман сар үргэлжилсэн, хүнд бэрхийг асар их хохиролтой ч даван туулсан ойрадыг манжууд хүндлэн бишрэлгүй ч яахав. Тэд Манжид дагаар орсон. Өөр арга зам байхгүй шүү дээ. Нүүдэллэж ирсэн тэр хүмүүсийн ихэнх нь торгууд 66073 хүний 59565 торгууд, 6000 нь хошууд, цөөхөн дөрвөд, хойд аймгийнхан байсан.

Манжууд тэдний хүчирхэгжихээс болгоомжлон таван замд хуваасан байдаг. Түүнээс шалтгаалаад Ховогсайр, Харшаар, Хар усан жин, Булган голын торгууд гэсэн таван хэсэгт тэд амьдрах болсон юм.

Торгуудын нүүдлийг толгойлж ирсэн гол хүн бол Увш хаан. Бас Цэвэгдорж тэргүүтэй ноёд. Харшаарын торгуудын нутагт Увш хааны хөшөөг торгууд түмэн босгосон байдаг.

Шинжаан гэдэг бол Шинэ хязгаар гэсэн үг. Өнөөдөр Шинжаанд 180 мянган ойрад монголчууд байна. Ихэнх нь нүүдлээр ирсэн торгууд, хошуудын үр удам.

Ижил мөрөнд нүүлгүй нутагтаа үлдсэн ойрадууд бол өнөөгийн Халимаг улс шүү дээ. Уг нь бүгдээрээ наашаа ирэх байсан боловч байгалийн болон бас бус шалтгаанаар нэг хэсэг нь үлсдэн. Энэ нь үлдсэн ард түмэн зовж зүдрэхийн эхлэл болсон. Оросууд гол ноёдыг нь Санкт-Петербургт аваачиж цаазалсан. Халимагийн хант улсыг устган Астарханы амбан захирагчийн мэдэлд оруулсан. Тэр нүүдэл ард түмнийг салгасан. Энэ тухай дуу хуур олон бий.

“Ил голын усыг амттай гэж бодов уу

Ижил голын усыгаа гашуун гэж голов уу” гэж дуулж байх жишээтэй.

Өдгөө ч Ойрад, Торгуудтай уулзахад нэг л хүчирхэг, дайчин үнэр мэдрэгддэг юм. Оросын Ижил мөрний халимагууд, Шинжаан болон Монголд байгаа торгууд, хошуудууд салж хагацаад 240 шахам жил болж байна.

Нүүж ирсэн ойрадууд Манжид дагаар орсон нь Манжийн түүхийн хамгийн тэмдэглэлтэй үйл явдал болсон байдаг. Манжийн хаан ордондоо хэдэн хоногийн найр хийж, тэр хүмүүсийн хаанд бараалхаж байгааг хананд зурж үлдээжээ. Орос дээр “Великий побег Торгуадов” (“Торгуудын агуу нүүдэл”) гэсэн томоохон түүхэн бүтээл бий. Их гүрний дээрэнгүй үзлийг хэчнээн ханхлуулсан ч “агуу”-г нь яагаад ч далдалж болдоггүй ээ. Тэр их бэрхшээл, дайсагнал, зовлон зүдүүрийг нүд цавчилгүй, шантралгүй даван туулсан ард түмнийг “великий” гэхээс өөр яах ч билээ.

“Ах дүүгийн голын ус нь

Аагтайхан цайдаа зохимжтой билээ л

…Ирэхийн чинь сэтгэл байхад

Ижилийн ус нь шалчааг (шалбааг) билээ л…”

"АЛАГ ХОРВОО" СОНИНООС

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.