
Дэлхийн 70 гаруй оронд тархсан үхлийн аюулт вирусын халдвар авахаас айсан нэгэн залуу Италид аялаад ирсэн эхнэрээ угаалгын өрөөндөө түгжиж, тусгаарласан тохиолдол Литвад гарчээ.
Ингээд бүсгүй нөхрийн хөл хорионоос цагдаа дуудаж байж гарсан гэнэ. Эхнэр нь шинэ төрлийн коронавирусын халдвар тархсан Италиар аялж, хятад эмэгтэй найзтайгаа уулзаад ирсэн тул нөхөр нь хөл хорионд оруулахаар шийдэж, гэрийнхээ угаалгын өрөөнд түгжсэн нь энэ аж.
Цагдаа нар тэднийд ирж, бүсгүйг гаргасан бөгөөд нөхөр нь эмч, эмнэлгийн ажилтнуудын заавар зөвлөгөөний дагуу тусгаарласан гэдгээ тайлбарласан байна. Харин цагдаа нар түүнд эхнэрээ түгжихийн оронд эмнэлэг рүү ярих хэрэгтэй байсныг зөвлөжээ. Бүсгүй коронавирусын шинжилгээ өгч, халдваргүй болох нь тодорхой болсон байна. Литвад коронавирусын анхны тохиолдол өнгөрөгч баасан гарагт бүртгэгдсэн юм.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн үхлийн аюулт вирус эдүгээ дэлхийн 70 гаруй оронд тархаж, 3000 орчим хүн нас бараад байна. Италид эдүгээ 2036 тохиолдол бүртгэгдэж, 52 хүн нас баржээ.
Эх сурвалж: The Sun
Г.Ананд
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.