Акмол хуаран оршин тогтнох хугацаанд 1507 хүүхэд өргөст торны цаана төрсөн

Twitter Print
2022 оны 02-р сар 28-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

И.Сталины хэлмэгдүүлэлтийн жилүүдэд 20 мянга орчим эмэгтэй Акмолын (Алжир) хуарангаар дамжин өнгөрчээ. Тэд Казахстаны хүйтэн талд хоригдож аймшигтай, хүнлэг бус нөхцөлд амьдарч байсан юм. "Ардын дайсан"-дын эхнэр, ээж, эгч дүүс, охид гээд тэдний ихэнх нь гэр бүл, найз нөхөддөө хэзээ ч эргэж ирээгүй билээ.

1937 оны 8-р сарын 15-нд Дотоод хэргийн ардын комиссар Николай Ежов тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр ял шийтгүүлсэн "эх орноосоо урвагчид"-ын төрөл төрөгсдийг баривчлах тухай зарлигт гарын үсэг зурснаар Акмол лагерийн түүх эхэлсэн юм.

"Ардын дайсан"-ын гэр бүл бүрт өрхийн гишүүдийн жагсаалт бүхий картыг гаргаж 15-аас дээш насны хүүхдүүдийг ч онц аюултай хэмээн шийтгэсэн байна. “Урвагчдын” орон сууцыг сайтар нягталж бичиг баримт, үнэт эдлэл, "сэжигтэй" ном зохиол гээд бүгдийг хураан авчээ. Эмэгтэйчүүд зөвхөн дотуур хувцас, хувийн ариун цэврийн хэрэглэл, хувцас, гутал зэргийг авч явахыг зөвшөөрдөг байв. 1938 оны 1-р сард эх орноосоо урвагчдын эхнэрүүдийн Акмол хуаран руу явуулсан бөгөөд хожим нь “АЛЖИР” гэж нэрлэгддэг байв.

Тэнд нөхцөл байдал маш аймшигтай байсан. Бүсгүйчүүд шавар, сүрэл холин хийсэн муу хуаранд амьдарч байв. Тус бүр нь хоёр ба гурван давхар хатуу хамгаалалтай байсан бөгөөд 300 хүртэлх хоригдол байрлаж байжээ. Хоригдолууд шалан дээр унтаж цонх нь шилгүй, давууны өөдсөөр таглаж онгорхой дээврээр од эрхэс харагдаж байжээ. Бүх өрөөнд нэг л угаалгын сав байсан. Долоо хоногтоо нэг л удаа усанд орно. Гаднаас эргэлт авахыг хатуу хорьсон байжээ. И.Сталины хувьд хэлмэгдсэн эмэгтэйчүүд зүгээр нэг эхнэр биш, нөхрийнхөө “хар бараан хэрэгт” оролцсон хамсаатан нь байсан гэнэ.

Ард түмний удирдагч эмэгтэйчүүдийн үзэл бодол нь үргэлж эрчүүдийнхээ талд байдаг гэж үздэг байв. Сталины логик нь энгийн байсан. Эхнэрүүд, ээжүүд нь нөхрийнхөө хамт "хувьсгалын эсэргүү үйл ажиллагаанд" оролцдоггүй байсан ч тэд үүнийг мэдэж, өөгшүүлж, цаг тухайд нь мэдэгдэж байгаагүй нь тэднийг гэмтэн болгожээ. АЛЖИР-д цаазлагдсан маршал Михаил Тухачевскийн эгч Елизавета Арватова-Тухачевская байсан. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга, төрийн албан ёсны тэргүүн Михаил Калинины эхнэр Екатерина мөн энд үлджээ. Нөхөр Калинин өөрөө Сталины хэлмэгдүүлэлтээс зайлсхийж чадсан.

Мөн Николай Бухарины эхнэр Анна, Хүүхдийн хөгжмийн театрын үүсгэн байгуулагч Наталья Сац, алдарт дуучин Лидия Русланова. Нэг үгээр бол жинхэнэ Зөвлөлтийн элитүүд энд хоригдож байжээ. Ямар ч шүүх хурал бололгүй тэднийг НКВД-ын ээлжит бус хурлаар хорьжээ.

Хэлмэгдэгсдэд зөвхөн шийдвэрээ танилцуулж, гарын үсэг зурахыг шаарддаг байжээ. Ежовын зарлигаар жирэмсэн эмэгтэйчүүдийг хуаранд цөллөхийг хориглосон ч АЛЖИР-д ийм хоригдлууд олон байсан. 1938-1953 он хүртэл Акмол хуаран оршин тогтнох хугацаанд 1507 хүүхэд өргөст торны цаана төрсөн. Гэсэн хэдий ч түүхчид үүнийг албан ёсны тоо биш гэж үзэж байгаа бөгөөд бодит байдал дээр үүнээс илүү олон хүүхэд байсан байх магадлалтай гэжээ. Олон хүүхэд хуарангийн хатуу ширүүн нөхцлийг тэсвэрлэж чадалгүй нас барсан байна. Амьд үлдсэн хүүхдүүдийг гурван нас хүрмэгцээ асрамжийн газарт аваачдаг байв. Хоригдлуудад өвлийн хувцас өгдөг байсан ч эсгий гутал, дулаан өмд, нэхий дээл, бээлий гээд бүгдэд хүрэлцдэггүй байжээ.

Казахын тал нутгийн таагүй нөхцөлийг үл харгалзан эмэгтэйчүүд газар тариалан эрхлэхийг хичээдэг байв. Тэд сонгино, байцаа, өргөст хэмх, улаан лооль, тэр ч байтугай интоор, алим, лийр хүртэл тарьсан. Гэхдээ эдгээрийн аль нь ч тэдний ширээн дээр ирдэгүй бүгдийг баазын удирдлагууд авдаг байв.

Хоригдол Анфиса Кукушкинагийн дурсамжаар талбайгаас нууцаар хуаранд авчирсан сонгины төлөө тэднийг гурван өдрийн турш хорих өрөөнд хийдэг байжээ. 1946 онд АЛЖИР-аас анхны хоригдлуудыг суллав. Гэвч тэд албан ёсоор суллагдсан боловч бодит байдал дээр тэд лагерьт үлджээ. Эрх баригчид баазын сүлжмэлийн үйлдврийн таван жилийн төлөвлөгөөг биелүүэх ёстой байсан тул эмэгтэйчүүдийг тэнд нь үлджээ. Зөвхөн 1953 онд АЛЖИР татан буугджээ. 2007 онд түүний оронд дурсгалын цогцолбор нээгдсэн байна.

Тогмидын Сүхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.