Бөмбөгдөлтийн улмаас Харьков хотод 11 хүн амиа алдлаа

Twitter Print
2022 оны 03-р сар 01-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Украины хоёр дахь том хот болох Харьковт ОХУ-ын пуужингийн цохилтын улмаас 11 хүн амиа алдаж, хэдэн 10 хүн шархджээ. Энэ талаар Харьков мужийн захирагч О. Синегубов мэдэгдсэн байна.

Нийгмийн сүлжээнд тавигдсан видео бичлэгнүүдээс Харьков хотын нягтаршил өндөртэй хэсэгт олон тооны пуужин дэлбэрч байгаа нь харагдаж байна. ОХУ-ын зүгээс орон сууцны объектууд цохилт өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Украины хойд зүгийн Чернигов хотод байрлах худалдааны төв пуужинд оногдож, шатаж байгаа дүрс бичлэгүүд мөн нийгмийн сүлжээнд тавигджээ.

Өнгөрсөн даваа гарагт хиймэл дагуулаас авсан зурагнуудаас Украины нийслэл Киев хотын төвөөс 27 км зайд байрлах Антонов нисэх онгоцны буудлын ойролцоо ОХУ-ын зэвсэгт хүчний урт цуваа байрлаж байгааг харж болно.

Хиймэл дагуулаас зураг авсан Maxar Technologies компаниас мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа хэдэн зуун хуягт машин, танк, пуужингийн цогцолбор бүхий машинуудаас бүрдсэн байгаа ба цувааны урт нь ойролцоогоор 27 км үргэлжилж байгаа аж.

Улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоосоор байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ОХУ-ын түүхий нефтийн импортыг зогсоож буйгаа мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын олигархууд түүхий нефтийн экспортоос их хэмжээний ашиг орлого олдог аж. Канадын хувьд ОХУ-аас жилдээ 550 сая ам. долларын үнэ бүхий газрын тос импортлодог байжээ.

Уолт Дисней компани ОХУ-ын кинотеатруудад уран сайхны болон хүүхэлдэйн киноноо нийлүүлэхээ зогсоохоо мэдэгдээд байна.

Европын холбоо ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, "Роснефть" компанийн захирал И. Сечин, "Транснефть" компанийн ерөнхийлөгч Н. Токарев, бизнес эрхлэгчид болох А. Усманов, П. Авен, М. Фридман нарт хориг тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.