В.Путин: Үүнээс ч илүү ноцтой цохилт өгөхөд бэлэн

Twitter Print
2022 оны 10-р сар 11-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

ОХУ Украины хотууд тэр дундаа нийслэл Киев хотыг бөмбөгдсөн явдлыг барууны улс орнууд, НҮБ буруушааж байна.

Вашингтон ОХУ-ын "харгис" халдлагад их дээд сургууль, хүүхдийн тоглоомын талбай зэрэг цэргийн бус объектүүд өртсөн болохыг онцолж, Украинд зэр зэвсгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш болсон явдалд гүнээ цочирдсон хэмээн "дайны хохирогчид нь энгийн иргэд" болж байгааг онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гарагт украинчууд Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гол гүүрийг дэлбэлсний хариуд ОХУ ийнхүү хариу цохилт үзүүлж байгааг онцолсон байна.

Украины зүгээс мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин нийт 83 пуужин харвасны 43-ыг нь Украины пуужин устгах систем устгажээ. ОХУ-ын пуужингийн цохилтонд Киев, Львов, Харьков, Днепр, Запорожье хотууд өртсөн ба цохилтын улмаас багадаа 14 хүн амиа алдаж, олон арван хүн шархджээ. Оросын пуужингууд эрчим хүчний дэд бүтцийг оносноос болж зарим мужууд ус, цахилгаангүй болжээ.

Киев хотын оршин суугчид оросууд санаатайгаар хүүхдийн тоглоомын талбай, их сургууль, Тарас Шевченкогийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн зэрэг даваа гарагийн өглөө хүн ихтэй байсан газруудыг сонгож бөмбөгдсөн гэж үзэж байна.

Европын холбоо ОХУ дайны гэмт хэрэг үйлдэж байна гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч В. Зеленскийтэй утсаар холбогдож ОХУ-ын пуужингийн цохилт В. Путины хууль бус дайны туйлын харгислалыг харуулсан явдал байлаа хэмээн, Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээ тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах систем илгээхээ амлажээ.

Украинд явагдаж буй дайныг буруушаахаас түдгэлзсээр байгаа Бээжин, Дели хоёр талуудыг галаа зогсоохыг шаарджээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын пуужингийн цохилттой холбоотойгоор шуурхай чуулган зарлаад байгаа аж.

Өнгөрсөн даваа гарагийн өглөө ОХУ Украины хотуудад пуужингийн цохилт үзүүлсэн ба энэ нь Украинд дайн эхэлснээс хойшхи хамгийн их нутаг дэвсгэрийг хамарсан бөмбөгдөлт байсан аж.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Игорь Жовка ОХУ үүгээрээ иргэдийн дунд айдас төрүүлэх зорилготой бөгөөд өвөл нөхцөл байдал улам бүр хэцүү болохыг харуулсан дохио гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин үүнээс ч илүү ноцтой халдлага явуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дмитрий Медведев ОХУ-ын Украинд үзүүлсэн пуужингийн цохилтын тухайд "эхний хэсэг дууссан. Цаана нь дахиад өөр хэсгүүд байгаа" хэмээн онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (66.181.160.61) 2022-10-13 23:07
      • 0
      • 0

      БИД ДАЙНЫГ ХҮСЭХГҮЙ БНА.НАТО ЯАГААД ДАЙНЫГ ЗОГСООХ ТАЛААР ЯРИХЫН ОРОНД САНХҮҮЖҮҮЛЭЭД БАЙГААГОЙЛГОХГҮЙ БНА.

      Хариулах