Н.Алтанхуяг: Намайг 37 оных шиг хэлмэгдүүлэх нь байна

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр санал хураалгахын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг товч тайлбар хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрбээр “Хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд огцруулах асуудлыг зургаа дахь удаагаа сөрөг хүчнийхэн маань тавьж байна. Ерөнхий сайдын асуудлыг хоёр дахь удаагаа тавьж байна. Учир шалтгаан байдаг бол тавиад, ярилцахад болохгүй юм байхгүй. Эдийн засгийн асуудал, бусад асуудлаар ярилцаж болно. Гэхдээ Засагт ороогүйн төлөө хонзон санаж, улсын ажлыг саатуулж, нурааж байгаа нь харамсалтай. Дээр нь энэ дотор бичсэн олон үндэслэл дотроос дөрөвдүгээр үндэс лэл байгаа. Түрүүн Р.Гончигдорж дарга хэлчихлээ.

Тэгэхээр энэ бол миний хувь хүний хувьд ч тэр. Би 1990 оны ардчилсан хувьсгалд анхнаасаа оролцож байсан хүний хувьд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг гаргахад тусалж, дэмжиж явсан хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлж байгаа. Өнөөдөр Монгол Улс 37 он болчихож болохгүй.

Монгол Улс Ардчилсан Үндсэн хуультай. Ардчилсан Үндсэн хуулиндаа хэнийг ч гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож, ярьж болдоггүй юм. Хүний амьдрал баян. Д.Хаянхярваагийн аль нэг хамаатан садан зүгээр л өчигдрийн АТГ-ынхан шиг хэвлэлийн хурал хийгээд, тэдэн тэрбумын авлигын хэрэгт холбогджээ гэхэд тэр хүн гэм буруутай гэж тооцогдохгүй. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан байх учиртай.

Үүнийг би Ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулгыг зөрчиж, уландаа гишгэсэн 1937 оны хэлмэгдүүлэлт шиг гэр бүл, хамаатан саднаар нь аймаглан устгадаг байдлыг сэргээх гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Тийм учраас үүнийг эсэргүүцэж, дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Н.Алтанхуягаас Д.Хаянхярваад хаяглан гаргасан “Миний нэр төрийг сэргээж өгөөч” гэсэн нэхэмжлэл гаргасан.

Үүний дагуу шүүх иргэний хэрэг үүсгээд явж байгаа. Энэ бол тоглоом биш шүү. Энэ хувь заяа их олон хүн дээр ирнэ шүү, Д.Хаянхярваа.

Тоглоом тоотой нь дээр. Хоёрдугаарт, би хэлье. Монгол Улсын Үндсэн хуулинд хэн нэгэн буруутай бол тэр хүн нь өөрөө хариуцлагаа хүлээдэг. Ийм Үндсэн хуулийг бид баталсан. Одоо 23 жилийн дараа Үндсэн хуулийнхаа үндсэн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөний асуудалд ийм бүдүүлгээр халдаж байгаад би санаа зовж байна. Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрвээ гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдсон тохиолдолд.

Түүнээс биш өчигдөр АТГ-ынхан шиг жишээ нь “Л.Гансүх гэдэг хүн тэгжээ” гэж хэлчихээд тэрнийгээ Их хурлын огцруулах үндэслэл болгон тавина гэдэг бол даанч харамсалтай байна. Бид ер нь ямар зам руу л яваад байна даа. Нөгөө ардилал, хүний эрх, эрх чөлөө хаачсан юм бэ. Би ямар ч байсан ингээд товчхон тайлбар хийчихье. Их хурал дээр ороод хэдүүлээ бусад асуудлаа ярилцаад, нэг зүг рүүгээ харсан нь дээр. 1937 оныхоо хэлмэгдүүлэлтийг буцааж сэргээх гэж байгаа юм уу. Эсвэл Ардчилсан Монгол Улс ардчилсан хэвээрээ үлдэх гэж байгаа юм уу гэдгийг нэлээд сайн ярилцах хэрэгтэй болсон байна” гэв.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.