Тэврэлтийн тухай

Twitter Print
2021 оны 03-р сар 19-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

"Үнэгүй тэврэлт /Free hugs" гэж аян маягийн зүйл байх. 2004 онд Хуан Манн гэгч сэтгэлээр унаж, ганцаардсан нөхөр Сидней хотод "Үнэгүй тэврэнэ" гэх бичиг бариад зогсож эхэлсэн нь санаанд оромгүйгээр олны дэмжлэг хүлээсэн юм. Тэр тоолон тэврүүлэх хэрэгцээтэй олон хүн байж л дээ. Манайд ч ийм аян зохиож байсан санагдана.

Ганцаардалд чинь хань болон чамайг тэврэе

Гараа дэлгэн халуун дотноор тэврэе

Учрах баяр жаргалыг зөгнөн тэврэе

Үнэн зүрхнээсээ чангаар тэврэе

/С.Наран-Тэврэлт дуу/

Ухаан сууж буй охин минь хааяа "Том болоод ээждээ тэгж өгнө, ингэж өгнө" гэж ярина. Тэр үес хэн нь хэндээ ач санах тухай боддог юм. Би хүүхдүүддээ өгөхөөс хавь илүүг тэд надад өгдөг санагдана. Олон л шалтгаан бий. Тэр дундаас энэ удаа тэврэлтийг онцолмоор. Эх хүний хувь хүүхдээ аливаа эрээлэх зүйлгүйгээр хичнээн л бол хичнээн тэвэрч болдог. Хүүхэд ч асуулгүйгээр ирээд шууд л тэврэнэ, тэврүүлнэ. Шөнө тусдаа унтах нь дээр байдаг ч нэг л мэдэхэд тэд өвөрт ороод ирнэ. Нойрон дундаа жижигхэн, халуун бие тэврэх, үнэрлэх сайхан. Тэвэрт бүхлээрээ багтчихдаг болохоор нэг талаар хүүхэд гэдэг өрөвдөм, дорой мэдрэгдэж, тэр мэдрэмжээс хамгаалах, амьдралдаа багтаах нинж төрдөг. Ядарсан, залхсан, ганцаардсан олон мөчдөө хүүхдийн шалтгаангүй тэврэлт буюу нөхцөлгүй хайранд аргадуулсан байдаг. Ийм мэдрэмжийн төлөө ач санахдаа тулбал ээж би өртэй байж мэднэ. Тэврэх үртэй байхын сайхны тухай санаа олон, тэврэлтийг онцлоод байдгийн учир юу вэ?

...Тэврэхэд нь дотор шатдаг

Тийм халуун биеийг мартахгүй...

/М.Ундрал-"Есөн бүхэл дөрөвний гурав" номоос/

Хүмүүс угаас өөр, өөрийн зайндаа л багтаж амьдардаг. Биеийн хувьд ч, сэтгэлийн хувьд ч, оюун санааны хувьд ч тэр. Хүний мөн чанар "ганцаараа". Гэхийн хамт яг зэрэгцэн "ганцаараа"-г эсэргүүцэх, ижилсэх тэмүүлэлтэй. Эсрэг, тэсрэгийн заагт орших нь хүн. Хүн хоорондын зайг хамгийн ил тод, шуудаар туулж, эсэргүүцэж болдог зүйл нь махан биеийн хүртэхүй болох тэврэлт, секс хоёр. Сексийн хэрэгслүүд хог нэгээрээ байх ч хүнтэй хийх сексийг аль нь ч орлохгүй л гэнэ. Сексийн хэрэгслүүдийн хамгийн сайн нь яг хүнийх мэт мэдрэгдэхүйц хийгдсэн нь. Ийм бүтээгдэхүүний сурталчилгаа хараарай! Яг арьс мэт материалтай, яг юу мэт уян хатан гэх мэтээр хөвөрнө. Махан биеийн хүртэхүй чухал учраас тэр биз.

Өчнөөн гүн дурлаж хайрлалцсан ч, төчнөөн оюун санааны хүчтэй хамтрагч болсон ч хүн өөр өөрийн зайндаа л нэгнээсээ саланги оршдог. Дээр нь оюун санаа өөрөө тусгаар шинжтэй тул чиний намайг хайрлах хайр, миний чамайг хайрлах хайр өөр өөр. Энэ бол хайрын хэмжээ дамжаа, чанар чансааны тухай агуулга ер биш. Үүнийг филисофиор бол "Квалиа"-аар тайлбарлаж болох байх. Аягатай жүржийн ундааг хичнээн хүнээр амсуулж, тэд цөм "жүржийн ундаа" гэж хариулсан ч тэд бүгд яг нэг янзаар л амтыг мэдэрч байж "жүрж" гэж хариулж байна гэхийн арга үгүй. Тийм, би жүржинд дуртай, та бас дуртай байж магад. Гэхдээ жүрж гээч жимс та бид хоёрт яг адилхан амтагдаж, түүнээсээ улбаалж дуртай байна гэхийн арга үгүй. Өмнө нь би эмэгтэйчүүдээс "Чи яг эр хүний юунд нь дурладаг юм бэ?" гэж асууж байсныг санах нэг нь санаж буй байх. Үнэр, үс, өндөр, нам, ааш зан, биеэ авч явах байдал гээд ёстой хөвөрч өгсөн. Эргээд асуув, "Яг чиний дуртай бүхэн буй хоёр залуу байлаа гэхэд хоёуланд нь дурладаггүйн учир юу вэ? Хоёуланд нь дурласан байлаа ч өөр, өөрөөр мэдэрч дурласан байдгийн учир юу вэ?". За гэхдээ, энэ жишээ өнөө квалиагаа тайлбарлаж чадсангүй. Хүн бүрт өөр, өөр мэдрэгдэж буй тэр мэдрэмжийг л хэлж байна гэж бүдүүлгээр ойлгочиход миний бичвэртэй нийцэх байх. Уул нь үүнээс хамаагүй өргөн агуулгатай.

Цааш үргэлжлүүлье, өөр, өөрийнхөөрөө л нэгнээ хайрлаж байхад хосын хайрыг бүхэллэгт тооцох хэцүү. Тусгаар, дангаар оршихуйг таягдан хаяж, байж болох хэмжээндээ тултал тэр хүнд би, тэр хүн надад ойртох, үгүй ядах нь ээ ойртсон мэт мэдрэгдэхэд сексийн сайхан нь оршино. Махан бодийн таашаалаас давж сэтгэл, оюун санааны таашаал эдлэж буй шалтгаан энэндээ.

Үүнтэй ижилгүй ч тун дөхөх үйл нь тэврэлт. Ганцаардлын эсрэг төлөвт аваачих хэсэгхэн мөч бол тэврэх, тэврүүлэх. Хүн ингэж жамаа сөрнө. Сексийн тухай ярьсан даа, секс хичнээн сайхан ч богинохон, гэхдээ сексийн үеэрх мэдрэмжийг дөхүүлж мэдрүүлэх зүйл нь тэврэлт. Иймээс сексийн дараах тэврэлтийн сайхныг бас хаа сайгүй л ярьдаг. Салсан хосуудаас, эсвэл бүтээгүй хайрын талаарх дурсамжийг яриулахад сексээс илүү тэврэлдээд, тэврүүлээд, тэврээд хэвтсэн мөчийг, тэр мөчийн аядуу, намдуухан ээнэгшлийг дурдах нь бий.

Хилийн зурваст зогсох ээж, хүү хоёр тэврэлдэн уйлна. Гэвч цаг дуусчхав....

/"A 3 Minute Hug" киноны хэсэг/

Юун цаг дуусах билээ? "Гурван хормын тэврэлт"гэж богино хэмжээний баримтат кино байдаг. Нэгэн төрийн бус байгууллагаас АНУ-Мексикийн хилээр зааглагдсан ахан дүүсийг уулзуулах кампанит ажил зохиосон ба тэдний уулзаж буй мөчийг баримтжуулжээ. Арван жил уулзаагүй ах, эгч, аав, ээж, хүүхэдтэйгээ гуравхан хором тэврэлдэнэ. Хичнээн үнэтэй тэврэлт вэ? Тэд гар гараасаа барихгүй, ярилцахгүй, зөвхөн биесээ тэврэхээр тэмүүлнэ. Гуравхан хоромд сэтгэлээ илэрхийлэх арга ердөө тэврэлт байж магад.

Киноны өөр санаа: Нэгнээ тэвэрч, биеэр хүртэж болох боломжийг үгүй хийдэг энэ улс төр, улс төрийн дэглэм, хил хязгаар гээч байсаар л байна. Дэлхийд өөрт нь хил байдаггүй, хүмүүст л байдаг гэж үг байдаг. Хүний энэ сэтгэлийн хэрэгцээг үл тоож буйгаараа манай хилээ хаасан шийдвэр ч бас... Дэлгэцийн цаанаас найзтайгаа уулзсаар "дэлгэц рүү шууд орвол тэр хүний байгаа газар очдог компьютер бүтээмээр байна" гэж манай охины санааширсан яриа хаалттай хилээр зааглагдсан олон хүмүүсийн сэтгэлийг илчлэх болов уу. Бичвэрийн сэдэв энэ яг биш тул ингээд орхиё.

Хүн хоорондын зай барихыг сануулж байна. /УОК-ын цагаан хоолой/

Цар тахлын үеийн гол дүрэм "зай барих". Мөнөөх "Үнэгүй тэврэлт" огтоос боломжгүй болов. Яг одоо үеийн ганцаардал гэж ойлголт өдгөө "цар тахлын үеийн эсвэл цар тахал дагасан цар тахал" хэмээх нэршилтэй болов. Энэ нэршилд хүнтэй ярилцах, олноороо уулзах зэрэг нийгмийн хэрэгцээнээс гадна энэ махан биеийн хүртэхүйгээр дутагдаж буй тухай агуулга багтах юм. Саяхан бүүр "Ковид 19-ийн үед хэрхэн аюулгүй тэврүүлэх вэ?" гэж зөвлөгөө хүртэл гарсныг унших нь тэр. "Хэзээ бид айх аюулгүй тэврэлдэж болох вэ?" гэсэн гарчигтай бичвэрүүд өч төчнөөн. "Юуг хамгийн их үгүйлж байна вэ?" гэх судалгаанд "тэврэлт" гэж хариулт дээгүүр цохиж явааг ч харав. Хүний сэтгэлийн хэрэгцээ гэгч ягтаа тулахаар ийм энгийн. Манайхны Цагаан сар тэмдэглэх гэж зөрөөд байдаг нь ч бас цаанаа баярлах зэрэгтээ бус ийм тэмүүлэл байж магад. Гэсэн хэдий ч вирус, өвчин зовлонгүй жир үед ч үүгээр дутаж, ганцаардаж явдаг хүн хичнээн их вэ?

Төгсгөлд нь "Ганцхан тэврэлтийн чинь төлөө

Галзуурсан мэт өөрийгөө гээсэн" гэж Х.Болор-Эрдэнэ зохиолчийн шүлэг бүхий дууг сонсож сууна. Сайхан ч үг, сайхан ч дуу юм аа. Гэхдээ байна шдээ, өөрийгээ гээтэл бусдыг хайрлаж болохгүй, хүн ер нь өөрийгөө гээдэггүй, боломжгүй, гээсэн мэт харагддаг л байх. Яаж гээдэггүй вэ гэхээр өөрийгөө гээж буй ахуй амьдралынхаа цаана, сэтгэл дотроо үргэлж зөрчилдсөөр байдаг. Дотор тань "Би хэн бэ? Би хаана байна аа? Би зөв амьдарч байна уу?" гэх мэтээр асуулт байнга төрнө. Эсвэл ухамсаргүйгээр өөрийнхөөрөө байсан, эрх чөлөөтэй залуу насны зургийг харж санааширна. Анзаарч харвал тийм. Гэхдээ ганцхан тэврэлтийнх нь төлөө өөрийгөө гээмээр санагдтал дурлах сайхаан сайхан. Тийм сэтгэлийн тухай бичих сайхан. Тэврэлт ийм хүчтэй байх нь байна.

Ч.Бат-Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.