Бэлтрэг

Twitter Print
2016 оны 06-р сар 01-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Цагаан сарын дараахан том ах маань чонын бэлтрэг аваад ирж билээ. Нутгийн малчид жил жилийн хавар Хайрхан уулын суга бэлийг нэгжин бэлтрэг суйлдагсан. 

Чонын үүрэнд ганц бэлтрэг үлдээн өлөгчин чоныг хуураад бусдыг нь алж орхино. Бэлтрэг суйлах ажилд гэрээсээ төлөөлөн оролцсон том ах маань нарны гэрэлд нүдээ анивчсан, хүнээс айгаад дагжтал чичирсэн саарал амьтан аваад ирэхэд би зөндөө баярлав. 

Хот айлынхан чонын бэлтрэгт тийм ч таатай хандсангүй. Хонь мал хүртэл шуу­гиж ирээд бэлтрэгийг минь шог­лочих гээд байх юм. Улстөрөөр бол олонхын дэмжлэг авсангүй. Жигтэйхэн ховдог жижиг саарал амьтныг ах маань надад бэлэг болгон өгсөн юм. 

“Мах идээд ма­найсахгүй, өөх өгөөд өөрийм­сөхгүй” гэг­чээр бэлтрэг маань амьтан бүхнээс айсан, зугтаасан нэгэн болж өсч байв. Цагаан сарын дараа сургуульдаа яваад зуны эхэн сард эргэн ирэхэд бэлтрэг маань овоо том болсон байлаа.

Урьдын адил гөлтөгнөсөн нүдтэй хэвээр. Харин хөг­шин банхар минь бэлтрэгийг хажуу бөө­рөндөө авч модон идүүрээс хамт хоол­лодог болжээ. Өнгө зүснээс нь болдог ч хэрэг үү бэлтрэгийг минь үхэр мал дэвсчих гэсэн хэвээрээ л байлаа. 

Зуны халуунд бэлтрэгээ дагуулан уул хадаар гүйнэ. Чонын хүү болохоор ан гөрөөнд сайн байх болов уу гэж бодно. Тарвага зурам нүхний амсар дээрээ хошгирч байхад бэлтрэг айсан шинжтэй намайг ба­раадах нь урамгүй.

Бусдын гар харсан, арчаагүй амьтан болох нь дээ гэх бодол төрж билээ. Дахиад намар, зун, өвөл, хавар ээлжилж нэг мэдэхэд бэлтрэг маань нас бие гүйцлээ.

Хотны айлын хөгшид “Орой үдэш наад саарал юм чинь энд тэнд яваад эвгүй юм” гэснээс үүдэн гинжлэх болсон юм. Нас биед хүрэхийн хэрээр түүний туниа муутай, гэрэл гэгээнээс айсан гөлтгөнөсөн нүд бүхнийг үзэн ядсан өнгөөр солигдож байгааг мэдэрч байв. 

Ингээд нэг өглөө сэрэхэд хөгшин банхар маань гинжтэй чонын дэргэд үх­­чихсэн байлаа. Хөгшин бан­­харынхаа сүү­лийг та­салж байхдаа хурц соёо хоолойг нь тас татсан болохыг мэдээд ихэд сэрдхийлээ. Гэрийн гадаа ирэхэд нөгөө чоно өшөө хорсол шингэсэн, гөлтгөнөсөн нүдээр эргэн тойрноо түргэн түргэн харж буйг мэдсэн юм. Нэг өдөр аав минь “Хүн амьтан цочоосон чоноо хээр хөдөө төөрүүл, эргэж ирээд сүйд хийх вий дээ” гэсэн юм.

Олон жил тэжээсэн чоноо хээр тавихдаа нэг их харамссангүй. Харин ч бүр хардлага, дарамтаас гарч байгаа мэт санагдаж байв. Ингээд долоо хонолгүй ахын авчирсан, миний тэжээсэн чонын түүх эхэлсэн юм. Долоо хоногийн дотор хо­тонд ирж өөрийг нь хам­гийн их мөргөдөг, хөөдөг байсан хүрэн үнээг ураад хаячихсан байлаа. Үүгээр ч зогсохгүй бэлчээрт гар­сан хонь ямааг нөгөө чоно барьсан учир нутгийн малчид алахаар болсон юм.

Нэг гайхалтай нь дандаа өөрийг нь айлгадаг хуц, ухна, адуу үхэр зэргийг ба­галзуурдсан байдаг байв. Багадаа амссан өш хонзонг үнээний сүү тайлдаггүй бололтой. Хайрхан уулыг гурав хоног самнасан ч чонын бараа сураггүй болов. Нэг сар хиртэй чонын сураг дуулдахаа байсан учир мартах тийшээ хандаж байлаа. Намрын эхэн сард Хайрхан уулын баруун су­га­­наас адуу хурааж яваад тэжээсэн чонотойгоо таар­лаа.

Хоолой мэдэн “Саарлаа” хэмээн хашгирахад чоно зог тусан зогсоод сүүлээ салтаан доогуураа хийгээд нааш ир­дэг байна шүү. Нялх байхад нь үхлээс аварч тэ­жээсэн эзнээ таньж байгаад нь ихэд баярлаж байлаа. Саар­лаа над руу болгоомжтой ойртон үүдэн хойморын дайтай ирээд хяламхийхэд үстэй толгой арзайх шиг болоод явчихлаа. 

Түүний харцанд үзэн ядалт хоромхон зуур асч, цагаан соёо нь гэрэлтэх завсар унаж явсан хүрэн азарга хуухирч хөлөө цав­чилахад чоно гөлтөсхийн жалга уруудан алга болсон билээ.

Энэ явдлаас хойш саарал чоно манай олон малыг барьж, амьжиргаанаас сал­­­­­­­ган хот айлыг хямрааж ор­­хи­­сон юм. Бэлтрэг суйлж байх­даа хаданд савж орхио­гүйдээ харамссан хот айлын­хан сар шахам Саар­лаатай хөөцөлдөж өвөлжөөн дотор байхад нь буудан алж билээ. Өөрийг нь өөд татсан эзнээ ч багалзуурдахад бэ­лэн тэрхүү бэлтрэгийн зан авир өнөөгийн зарим нэг улстөрчдөөс гэрэлтэж ар ну­руу руу хүйт даадаг юм даа.

Д.Тод

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.