Бээжин-2022 Өвлийн олимпийн шагналын тавцанд морилогтун!

Twitter Print
2022 оны 01-р сар 26-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох Өвлийн олимпийн XXIV наадмын медаль, шагналын ёслолын тавцантай энэ удаа танилцуулья.

Аливаа олимпийн наадмын медаль нь тухайн улсын өв соёл, уламжлалыг шингээсэн гүн утга агуулга, бэлгэдэлтэй байдаг.

"Бээжин 2022" Өвлийн олимпийн медаль нь "Хамтдаа нэг цул мэт" гэсэн утгатай "Тун Шин" нэртэй бөгөөд таван цагираг, нэг голоос бүрдэнэ. Энэхүү загвар нь Хятадын эртний хаш чулуун төвтэй дугуй унжлага дээр суурилж, Олимпийн үзэл санааг илэрхийлсэн таван цагирагтай бөгөөд өвлийн Олимпийн наадмын сүр жавхланг дэлхий даяар түгээх утга илэрхийлнэ.

Олимпийн медалийн загвар нь энгийн бөгөөд сонгодог, мөн "Бээжин-2008" зуны олимпийн наадмын хаш шигтгээтэй медалийг санагдуулах хийцтэй нь Бээжин хот зуны болон өвлийн наадмыг зохион байгуулсан анхны хот гэдгээ тодруулах зорилготой гэнэ.

Медалийн нүүрэн талын голд нь олимпийн таван цагариг, эргэн тойронд нь мөс, цас, үүлэн хээгээр хүрээлэгдсэн “Бээжин-2022 өвлийн XXIIV олимпийн наадам” гэсэн бичээсийг сийлсэн байна. Ар талд нь "Бээжин -2022 "Өвлийн Олимпийн наадмын бэлгэ тэмдгийг төв хэсэгт байрлуулж, "Бээжин -2022 "Өвлийн Олимпийн наадам гэсэн бичгийг хятад ханзаар бичжээ. Мөн тухайн тэмцээний нэрийг хамгийн гадна талын хүрээн дээр байршуулсан байна.

Мөн тамирчдын шагналын тавцан нь байгаль орчинд хоргүй, дахин боловсруулсан материалаар хийгдсэн, угсардаг хийцтэй байх нь. Өнгө нь тэнгэрийн болон цас, мөсний өнгө болох хөх цэнхэр.

Шагнал гардуулах тавиур нь дэлгэсэн ном хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд Хятад улс Олимпийн наадмаар соёлын түүхэндээ шинэ хуудсыг эхлүүлж байна гэсэн утгатай ажээ.

Мөн зохион байгуулагчдын хэлж буйгаар Хятад улс "дэлхий дахинд нээлттэй, найрамдал, энх тайван, хүлээцтэй байдлаа санал болгож байгаа" гэнэ.

Бүх медальтнууд "Бээжин-2022" олимпийн бэлгэдэл сахиус "Бин Дунь Дунь" нэртэй пандагийн жижиг хувилбарууд гардана. Орчин үеийн Хятад хэлээр "Bing" гэдэг үг нь мөс гэсэн утгатай, гэхдээ бас цэвэр ариун байдал, хүч чадал юм. "Дунь Дунь" гэдэг нь эрүүл, хүчтэй, хөгжилтэй гэсэн утгатай ажээ.

Медальтнуудад цэцгийн баглаа гардуулдаг нь ОУОХ-д төдийлөн таалагддаггүй. Байгаль орчинд ээлтэй бус хэмээг үздэг. Тиймээс ч "Рио-2016", "Пёнчан-2018" наадмуудад амьд цэцгийн баглаа гардуулаагүй.

Харин "Токио-2020" олимпийн наадамд цэцгийн баглааг дахин гардуулсан. Гэхдээ энд зориулагдсан 5000 цэцгийн баглааг Японы тал 2011 оны аймшигт газар хөдлөлт, байгалийн гамшигт хамгийн их өртсөн муж, аймгуудын фермерүүдээс Японы тал худалдан авсан бөгөөд нэг талаар тэднийг дэмжсэн, нөгөө талаар тэд дэлхий дахинд баярласан талархсан давхар утга учиртай байсан тул огтхон ч шүүмжлэл гараагүй билээ.

Харин энэ удаа Хятадын тал бас шинэ сонин, хэл ам дагуулахгүй санааг олжээ. Тэр нь медальтнуудад цэцгийн баглаа өгөх уламжлал хэвээрээ бөгөөд харин "цэцгийн баглаа нь" ноолууран гар сүлжмэл байх бөгөөд амьд байгальд хор хөнөөлгүй, ашид мөнхийн олимпийн баглаа байх болно гэж үзжээ.

"Цэцгийн баглаа" зургаан төрлөөс бүрдэх агаад сарнай нь нөхөрлөлийг, хятад сарнай нь тэсвэр хатуужил, сараана нь аз жаргалыг, гидранж нь эв нэгдлийг, олимпийн уламжлал ёсоор лаврын навч нь ялалтыг, чидүний мөчир нь энхтайван, амар амгаланг бэлгэдэх ажгуу.

Цэцгийн баглааг хөх цэнхэр өнгийн туузаар боох бөгөөд энэ нь цас, мөсийг сануулж буй.

Ц.Энхтүвшин

"Таван цагариг"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.