Т.Хасбаатар: Ерөнхий сайдыг огцруулна гэж кноп дарсан гишүүдийн тойрогт нь очиж ажиллана

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус холбоо АН-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Т.Хасбаатартай ярилцлаа.

-Танай холбоо ямар учраас мэдэгдэл хийв ээ?

-Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс  хүний эрх, чөлөөт зах зээлийн зам руу шилжээд 25 дахь жилийнхээ босгон дээр ирж байна. Үнэндээ өнгөрсөн он жилүүдийн дийлэнхэд нь хуучин МАХН буюу одоогийн МАН засгийн эрхэнд байлаа.  Тийм учраас Монгол Улсыг сэтгэлгээний хямралд оруулж, эдийн засаг, улс төрийн хариуцлагагүй байдал руу түлхсэн нь нууцгүй үнэн.  Тэгвэл энэ үйл ажиллагааг таслан зогсоох боломж 2012 онд АН-д олдсон юм. Маш бага хугацаанд ихийг хийх шаардлага манай намд тулгарлаа. Ан УИХ-д дийлэнх олонхи болж чадаагүй учраас  бусад нам эвсэлтэй хамтарч Засгийн газар байгууллаа. Шинэчлэлийн Засгийн газар ч өнгөрсөн хугацаанд хангалттай сайн ажилласан. Гэтэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн зарим нөхөд алсаа хараагүй, өнөө маргаашийн жижиг сажиг зүйлээр нээнэтэглэн улс төр хийж эхэлсэн байна. Ан-ыг өөр нэг намтай хамтран ажиллах гэрээ байгууллаа гэдгээр шалтаглан хэт явцуу улс төр хийж байна л даа. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг АН-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбатад уриалж байгаа юм. Мөн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа гишүүдийг 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг намын  дарга Н.Алтанхуягаас шаардаж байна.  

-Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал гацчихаад байна л даа. Танай намынхан дотроо тохирч өгөхгүй байх шиг байна...

-Нөхцөл байдал удааширч, улс орны ажил цалгардаад эхэллээ. Сая манай намын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Тэд засаг төрийнхөө ажлыг тогтвортой байлгая гэдэг байр суурь дээр нэгдсэн байна. Үүнийг нь дэмжиж байгаа. Ер нь 1989-1990 онд ардчилсан үйл хэргийн төлөө зүтгэж явсан хүмүүс өнөөдөр АН-ыг удирдаж, үүрэг хариуцлагаа үүрээд явж байна. Үүлэн чөлөөний нар гэдэг шиг энэ дөрвөн жилд олгогдсон боломжоо алдахгүй сайн ажиллахын төлөө тэд хичээж байна.  Гэвч дундуур нь хутган үймүүлэгчид тодорч, 1996-2000 оны нөхцөл байдал руу намаа түлхэхийг оролдож байна.  Замын дундаас орж ирсэн, нам дамжсан хэдэн нөхдүүд энэ үйл ажиллагааг зохион байгуулаад байна.  Р.Чойном нэгэнтээ “Нэгийнхээ улыг шагайсан залуучууд улс болж тоглож байна” гэж  хэлсэн байдаг. Яг л ийм ул шагайгчид АН-д олшроод байгаа юм.  Өнөөдөр дэлхийн түүхийн эдийн зах зээл тийм ч таатай биш байна.  Ийм үед харин ч Н.Алтанхуягийн Засгийн газар сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийг эргээд хар. Адаглаад шатахууны үнэ, үр тариа улаанбуудайн үнэ нэмэгдэж, савласангүй. Гэх зэргээр дурдаад байвал энэ Засгийн газарт хийсэн ажил их.  Шуудайнд  хийсэн үхрийн эвэр шиг олон бүлэг, фракцид хуваагдсан нөхдүүдийг  нэгтгэж зангидаад өдий зэрэгтэй авч яваагаас нь харвал  Н.Алтанхуяг гэдэг хүн намын даргынхаа  ч, Ерөнхий сайдынхаа  хувьд ч сайн ажиллаж байна гэж бодож байгаа.Мэдээж алдаа дутагдал бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд Засгийн газрыг түлхэн унагаж байж асуудлыг шийднэ гэж байхгүй л дээ.

-Та Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх байх аа. Тийм учраас Н.Алтанхуяг танаар ингэж яриулж байна гэдэг хардлага төрөх байх?

-2008 оноос хойш Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүст манай холбоо шаардлага хүргүүлсээр ирсэн. С.Батболдын Засгийн газрын үед иргэдээ тохилог орон сууцтай болгоё гэдэг уриалга гаргаж л байлаа. Үр дүнд нь ипотекийн урт хугацааны орон сууцны зээлийн асуудал биеллээ олсон  юм болов уу гэж олзуурхдаг шүү. Н.Алтанхуяг Ерөнхий сайдад ч бид шаардлага хүргүүлж, шударга шүүмжлэл хэлсээр ирсэн.  Улаанбаатар хотыг утаагүй болгоё, ард иргэдээ тохилог орон сууцанд амьдруулъя гэдэг шаардлага тавьдаг. Харин  өнөөдрийн хувьд зарчмын асуудал ярьж байна л даа. Манай холбоог хэвлэлийн хурал хийсний дараа хүмүүс над руу утасдаж “Тэртэй тэргүй унах гэж байгаа хүний өмөөрч яах гэсэн юм” гэж хэлж байна лээ. Н.Алтанхуяг гэдэг хүнийг өмөөрч, хамгаалсандаа биш АН ийм увайгүй байж болохгүй гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Ард түмний итгэлийг алдах ёсгүй юм, бид. Өнөөдөр АН Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажиллаж байна. Тиймээс энэ нам үр бүтээлтэй ажилласан үгүйг эцсийн дүнд ард түмэн үнэлнэ.  Түүнээс биш эрх ашгийн хойноос хөөцөлдсөн хэсэг бүлэг хүн дүн тавьдаггүй юм.  

-Өөрийнхөө намаас гарсан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулаад байгаа хүмүүсийг намаас хөөх хэрэгтэй гэж үзээд байгаа юм уу. Тэгэхээр Ардын нам шиг болчихгүй юу?

-Шүүмжлэл хэлсэн гишүүн бүрээ хөөгөөд байдаг нам биш гэдгийг нь би мэднэ.  Гэхдээ өнөөдөр ингэж аяглаад байгаа хүмүүс 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед яаж байсан юм бэ. Тэр үед хийж байсан хариуцлагагүй гэрээ контрактын талаар юу дуугарч байсан юм.  Таван толгой, Оюу толгойн асуудал дээр  ганц үг ган хийж, төрийн ажилд нэмэр болж байсан юм уу.  Ард түмний баялгийг хуваахад дуугараагүй мөртөө нэг намтай хамтарч ажиллах төдийхнийг уул овоо мэт дөвийлгөн улс төр хийхийн учир юунд байна аа.  Үнэндээ нэг хүнийг нөгөөгөөр солиод ажил сайжирдаг бол хамаа алга. Хэдэн ч удаа энэ Ерөнхий сайдыг сольж болно. Гэвч байдал дээрдэхгүй шүү дээ. Улс орны байдал улам доройтно  гэдгийг ухаараасай. Ер нь ихэс дээдэс хагаралдахад харц ардууд л зовдог юм. Өнөөдөр энэ хүмүүс төр засгийг бужигнууллаа гээд өөрсдөө зовохгүй. Үйлийг нь ард түмэн л үүрнэ шүү дээ.

-Ер нь энэ засаг огцорвол АН төр барихаараа  хямрал бий болгодог гэдэг ойлголт хүмүүст суух гээд байх шиг байна...

-Эх орон гэдэг хашгирааны цаана өчүүхэн жижиг эрх ашиг байдаг гэж үг бий. Үүнтэй санал нийлдэг.   Ийм л зарчмаар өнөөдрийн улстөрчид явж байна уу даа. Тэгэхээр одоо  тогтолцооны өөрчлөлт хийх цаг болжээ. Парламентын засаглалаа төгөлдөржүүлэх хэрэгтэй.  Үүний төлөө парламентыг даргалж байгаа хүн зоригтой алхам хийх ёстой. УИХ-ын гишүүн хууль батлах л үүрэгтэй болохоос улс төр хийж, тоглох шаардлагагүй шүү дээ.  Хараад байхад явж явж  фракц, бүлэглэлийн гай хаа хүртэл явдгийг өнөөдрийн энэ үйл явдлууд харуулаад байна л даа.  Манай намын гишүүд  Ерөнхий сайдыг огцруулна гэж кноп дарвал манай холбоо тэдний УИХ-д сонгогдсон тойрогт нь очиж ажиллана.

-Намынхаа эсрэг ажилласан тэднийг эсрэг ухуулга хийнэ гэж үү?

-Тэд намынхаа эсрэг ажиллаад байгаа юм биш. Үнэндээ улс орны эрх ашиг, ардчилсан төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Өнөөдрийн сөрөг хүчний царайг хар даа. Камер харахаараа өөр юм ярьдаг. Араар нь амин хувийн ашиг сонирхлоо хөөцөлддөг нөхдүүд л байна шүү дээ. Хамтарч Засгийн газар байгуулчихаад үлдсэн хугацаанд сонгуулийнхаа мөнгийг босгохын төлөө тэд улайрч байгаагаас зайлахгүй.  Ийм л зорилгоор Ерөнхий сайдыг огцруулна гэж увайгүй загнаж байна.  Тэр байтугай зарим гишүүд нь тийм сайд, ийм сайд болно гээд албан тушаал горьдоод явж байгаа тухай яриа гараад л байна шүү дээ.              

-Ингэхэд танай холбоонд хичнээн гишүүн байдаг юм бэ?

-Бид 2009 онд намын ээлжит бус их хурал хөдөлгөөн байгуулж, Н.Алтанхуяг сайдад шаардлага хүргүүлж байлаа. Тэр үед аймаг орон нутгийн гишүүд дэмжигчдээс ийм холбоог байгуулж, орон нутагт салбар нэгжээ байгуулъя гэдэг санал тавьсан учраас байгуулагдсан. Манай холбоо бол АН-ын гишүүдийн итгэл үнэмшлийг тээж яваа юм шүү.                                                               

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.