Хүндэтгэх шалтгаантай иргэдийг тусгай үүргийн онгоц ДӨРВӨН УДАА нисгэж авчрахаар болжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдаанаар шинэкоронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний талаар хэлэлцжээ. Мөн БНСУ болон Японд эх орон руугаа ирэх хүсэлт гаргаад буй монголчуудаасаа эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар болсон байна. Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Засгийн газрын хуралдаантай холбоотойгоор ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа “Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан” хэмээн мэдээлэв.

Үүнээс өмнө ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Өнөөдөр Аэрофлот"-ын онгоц 06.40-д Улаанбаатар хотод буусан. Ингээд Монгол Улс руу ирэх ОУ-ын нислэг зогссон. Одоо Москва, Турк, БНСУ, Япон чиглэлд ГХЯ-аараа дамжуулаад, иргэдээ өөрсдийн МИАТ-ээрээ авахаар төлөвлөж байна. Тиймээс нэн түрүүнд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж авахаар тооцож байна. Монгол Улс бүх иргэдээ татаж авна. Гэхдээ бололцоо боломжоороо энэ ажлыг хийнэ. Яг одоо бүгдийг нь татаж авах бололцоо боломж байхгүй. Коронавирусийн нөхцөл байдал гайгүй болохоор нислэгүүдээ сэргээнэ. Түр хязгаарлаж байгаа болохоос хилээ хаачихсан юм биш. Хилээр ачаа тээвэр явж байгаа" гэсэн юм.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.