Гэмт этгээдүүд 162 сая төгрөгийн хохирол учруулжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сарын 24-ны өдөр Б,Г,Ц гэгч этгээдүүд Дэлхийн Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн, нэн ховор зүйлийн амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад баригдлаа. Тэд ОХУ-ын талаас хил давуулан оруулж ирээд худалдан борлуулах зорилгоор БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсан байна. Харин Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай ажиллаж илрүүлэн БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Гэмт этгээдүүдийг МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтаны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор сэжигтэн Г,Б,Ц нар цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгний хохирол учирсан аж. Соргог бөхөнгийн экологи эдийн засгийн үнэлгээ нь Эр нь 2.000.000 төгрөг, Эм нь 2.200.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг байна.

МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.